ХОВДООС ХАРВАРД РУУ

0
1223

Уншигч танд “Дэвших боломж” үйл ажиллагаанд оролцож өөрсдийн илтгэлээ танилцуулсан бусаддаа үлгэрлэгч, манлайлагч залуусын илтгэлийг цувралаар хүргэж байгаа. Энэ удаад Харвардын Бизнесийн сургуулийг төгсөгч, дэлхийн шилдэг 100 подкастын 24-т жагссан амжилттай яваа Unlock подкастын хамтран үүсгэн байгуулагч О.Батнайрамдалын сонирхолтой түүхийг хуваалцаж байна. Түүний илтгэл “Ховдоос Харвард руу” гэсэн нэртэй байсан нь их сонирхол татлаа. 

Боломжийг олж хараад түүний төлөө хичээсэн

Би Ховдод төрж өссөн, хоёрдугаар 10 жил төгссөн. Математикийн олимпиадад Ховддоо түрүүлээд анх удаа Улаанбаатарт ирж байсан. Энэ нь Монгол Турк сургуулийн элсэлтийн шалгалт байсныг мэдэлгүй ороод тэнцсэн. Тэндээс анхны тэтгэлгээ аваад Улаанбаатарт ирж байсан. Анх ирэхдээ Улаанбаатарт өндөр барилга үзээд тэнд амьдарна гэдэг нь илүү сонирхолтой санагдаж, сэтгэл хөөрч байлаа. Тэр үеэс анх англи хэлийг сурч эхэлсэн.

Монгол Турк сургуульд гурван жил англи хэл сураад Норвеги руу Дэлхийн нэгдсэн коллежид суралцахаар явлаа. Тэнд анх очоод англи хэл дээр грекийн уран зохиол унштал юу ч ойлгоогүй, мэддэг нэг ч үг байсангүй. Тэгээд гурван сарын дотор чих онгойж илүү сайжирж эхэлсэн. Норвегит сурч байхдаа АНУ-д их сургуульд бүрэн тэтгэлгээр орж болох юм байна гэдэг анхны ойлголтыг авч байв. Явж байх үе шат болгондоо цаашдаа явах боломжийг олж хараад яваад байлаа. Үүнээс өмнө надад АНУ-д сурна гэдэг бодол ч байгаагүй. Яг үнэндээ хөдөөний хүүхэд хотод ирээд гуравхан жил л байсан болохоор тийм боломж байдгийг ч мэдэхгүй байв. Улаанбаатараа ч сайн мэдэхгүй, төөрчихнө. Тэгээд би энэ боломжийг олж харангуутаа л түүний төлөө хичээж эхэлсэн. Хичээхээс ч өөр аргагүй болж таарсан.

Боломж үргэлж бий

Ингээд би тухайн үед АНУ-ын Макалестер коллежид хүсэлт гаргаад (apply) бүрэн тэтгэлэг авч байлаа. Коллеж гэдэг нь зөвхөн бакалаврын зэрэг олгодог институт бол бакалавраас гадна магистр, докторын зэрэгтэй сургуулиудыг их сургууль гэж нэрлэдэг. Коллежийнхоо бүрэн тэтгэлгийг авахын тулд нэг жилийн хугацаанд өөрийгөө бүрэн дайчилсан. Гуравхан жил сурсан англи хэлтэй байсан учраас номын санд 24 цагийн турш хичээлээ хийдэг байсан. Ингэж гүрийсний дүнд хангалттай оноо авч чадсан. Тэгэхээр боломж үргэлж байдаг юм билээ. Би 10 жилдээ хэзээ ч гавал нь юм уу, сурлагаараа нэгдүгээрт жагсч байгаагүй.

Коллежоос миний хүсэлтийг тэтгэлэг өгдөг оффис руугаа явуулсан. Энэ баримт бичигт санхүүгийн бүх зүйлээ нээлттэй хэлэх ёстой. Сургуулиас энэ баримтыг харж үндэслээд надад бүтэн тэтгэлэг өгсөн байдаг. Тухайн үед манай сургууль 35-40 мянган ам.долларын төлбөртэй байсан. 35 мянган ам.доллар гэдэг тухайн үед миний цээжинд ч багтахгүй тоо байлаа. Үүнийг дөрвөөр үржүүлэхээр 160 орчим мянган ам.доллар. Тэгээд Ховдод очоод аав ээждээ тайлбарлаж өгч байгаа юм л даа. “Нийтдээ 160 мянган ам.долларыг манай сургууль надад төлнө гэнэ ээ” гэтэл манай аав жижигхэн тооны машин дээр энэ мөнгийг Монгол төгрөг рүү хувиргах гэж үзээд. Тэгтэл тооны машины орон нь хүрэхгүй алдаа заасан чинь аав итгэхгүй “Тооны машин дээр болох ч үгүй байгаа мөнгийг өгдөг юм гэж юу байсан юм” гэхэд би өөрөө бас гайхаад нээрээ ч тийм юм болов уу гэж бодож байв, яг үнэндээ надад итгэмээргүй санагдаж байсан. Сургуульдаа очоод эхний хичээл орох хүртлээ 100 хувь итгэл төрж өгөхгүй байсан. Гэхдээ үнэхээр боломж байдаг юм байна лээ. Мэдээж, тийм том боломж олдсон болохоор би өөртөө тултал нь ашиглахыг хүссэн. Нобелийн энх тайвны шагналт, НҮБ-ын ерөнхий нарийн бичиг асан Кофи Аннан манай сургуулийг төгссөн байдаг. Өөрийгөө бүрэн дайчилсны дүнд би Кофи Ананнын нэрэмжит бүтэн тэтгэлэг авсан анхны Монгол оюутан болж байлаа. АНУ-ын сургуулиудад маш их боломж байдаг. Хэрэв чи өөрөө санаачлагыг гаргах юм бол хийх зүйл асар их бий. Үүний нэг жишээ нь, би сургуулийнхаа арваад хүүхэдтэй нийлж 5000 ам.доллар босгож таван тивийн үлгэрийг монгол, англи хэл дээр буулгаж 57 хуудас зурагтай ном хэвлүүлэх төсөл хэрэгжүүлсэн. Ингээд Монголд 2000 хувийг авчирж байлаа.  Эдгээр номуудаа сургуулиудад үнэгүй тарааж өгсөн. Ялангуяа гэр хороолол дахь сургуулиудаар тарааж өгч байсан юм.

Сургуулийнхаа ерөнхийлөгчийн нэрэмжит шилдэг оюутнаар шалгарч байлаа

Боломж үргэлж байдаг. Би үнэтэй сургуульд орох боломжгүй, манай аав ээжид төлбөрийг нь төлөх чадвар байхгүй гэж бодохын оронд энэ түүхээс санаа аваасай гэж бодож байна. Учир нь би Ховдын жирийн нэг айлын хүүхэд, манайх тийм мундаг биш, би энгийн дундаж гэр бүлээс гаралтай. Ангидаа би хэзээ ч гавал нь байгаагүй ч гэсэн боломжийг тэнгэрээс унаж ирэхийг хүлээх бус өөрөө боломжийг гаргаад тэрнийхээ төлөө хөдөлмөрлөж чадсан юм.

Энэ коллежид сурч байхдаа ахиад монгол оюутан ороосой гэж бодон монголоос ирж суралцах боломжтой гэдгийг батлахыг хүссэн. 2008 онд сургуулиа төгсөхдөө сургуулийнхаа ерөнхийлөгчийн нэрэмжит шилдэг оюутны шагналыг авч байсан. Мөн эдийн засгийн тэнхмийнхээ шилдэг оюутнаар шалгарч байлаа. Тэгээд намайг төгсөхөөс өмнө дахин нэг монгол оюутан орсон. Тэрнээс хойш нэлээн олон жил монгол оюутан ороогүй юм шиг байна лээ.

Коллежид сурч байхдаа Уолл стритэд ажиллах маш том мөрөөдөлтэй болсон

Энэ коллежийг төгсөхдөө тэндээс би нэг мөрөөдөлтэй болж авсан. Тухайн үед АНУ-д хамгийн нэр хүндтэй ажил Нью-Йоркын Уолл стритэд (Wall street) байсан. Уолл стритийн акул банкнууд хамгийн шилдгийн шилдэг ажилчдыг авдаг. Энд ажилд орохыг би маш их мөрөөдсөн. Учир нь биднийг 4-р курсад байхад төгсөгчид ирээд ямар ажил хийдгээ тайлбарлаж өгсөн юм. Нэг улирлын турш манай сургууль дээр 30 төгсөгч ирээд хийдэг ажлынхаа бүтэн танилцуулгыг бидэнд ярьж өгсөн. Түүн дотор Уолл стритэд ажилладаг хэд хэдэн банкир байсан бөгөөд би тэднийг хараад тэнд ажиллах юмсан гэсэн том мөрөөдөлтэй болсон. Сургуулиа төгсөх үеэр энэ мөрөөдөл минь биелээгүй харамсалтай нь. Том мөрөөдөл гэдгээ тухайн үедээ мэдээ ч үгүй их амбицласан байна лээ.

Монголдоо эргэн ирсэн нь маш зөв шийдвэрүүдийн нэг байсан 

Би АНУ-ын Цахиурын хөндийд нэг жижиг компанид шинжээчээр ажиллаж байгаад Монголд 2009 онд буцаж ирж байсан. Тухайн үед Уолл стрит бүү хэл ажилдаа ч үлдэж чадсангүй гэж харамсч байв. Амьдралдаа гаргаж байсан хамгийн том алдаа гэж бодож байлаа. Гэтэл Монголдоо ажилласан дөрвөн жил миний амьдрал дахь хамгийн зөв шийдвэрүүдийн нэг болж таарсан. Анхандаа тэгж харж байгаагүй. Монголд ирээд гадна дотны жижиг, том гээд янз бүрийн компанид ажиллаад өөрийгөө сорьж үзсэн. Ихэнх нь дандаа 10 гаруйхан хүнтэй жижиг компани байсан. Монголыг АНУ-тай харьцуулахад ажлын талбар дээр өрсөлдөөн багатай, том талбар байдаг. АНУ-д нэг ажлын байрны төлөө хэдэн мянган оюутантай өрсөлдөнө. АНУ дахь 300 сургууль дундаас Макалестер гэх нэг жижигхэн коллеж төгссөн залуу том том сургууль төгссөн хэдэн зуун оюутантай зэрэг өрсөлдөнө гэсэн үг. Тэр үед би 100 гаруй компани руу өргөдөл, resume-ээ илгээсэн байдаг. 99.9 хувиас нь татгалзсан хариу (reject) авч байсан. Татгалзсан хариу авангуутаа эхэндээ санаа зовж өөрийгөө голж, орондоо уйлах шахуу юм болж байлаа. Гэхдээ явж явж энэ нь надад хамгийн хэрэгтэй туршлага болж таарсан. Хамгийн их алдсан, бэрхшээлийг туулсан минь надад буцаад маш том сургамж болсон.

Монголд өөрийн хүссэн зүйлээ бий болгох боломж их байдаг

Монголд ажлынхаа хажуугаар чамд утга учиртай гэсэн зүйлүүд дээр юу ч үүсгээд хийж болдог. Монголд ажиллаж байхдаа найзуудтайгаа нийлж “Монголын бизнес хөгжлийн холбоо” гэдэг ТББ-ыг байгуулж байсан. Залуусыг цуглуулж, хамтдаа хөгжижгөөе гэсэн хөтөлбөр боловсруулаад сар бүр уулзалтууд хийдэг байсан. Энэ үйл ажиллагаа явсаар байгаад Япон Монголын хоорондох бизнес форумыг Японын засгийн газартай хамтарч зохион байгуулахад хүргэсэн. Нэлээд амжилттай форум боллоо. Хоёр жилийн дараа Японы засгийн газраас Токиод зохион байгуулах санал тавьсны дагуу тэнд зохион байгуулж байв. Яг үнэндээ, зүгээр л гадаадад сурч төгссөн, хоёроос гуравхан жилийн ажлын туршлагатай залуус Монголд ирээд бизнес форумыг зохион байгуулчихаж болдог юм байна. 2013 онд Японд очоод бизнес форум дээр “Монгол хөрөнгө оруулалтын хүрэх цэг” гэсэн нэртэй илтгэл тавьж байв. Тэгэхэд надад хамгийн эхэнд чи хэдэн настай вэ гэдэг асуулт зочид дундаас ирж байсан. Ийм залуу хүн ирчихээд бүхэл бүтэн улсын талаар яриад байхад тэдэнд гайхалтай санагдсан байх. Тэгэхээр Монголд ийм боломж зөндөө бий. Хэрэв чи өөрөө санаачлага гаргаад ашиглаж чадвал хамгийн том боломжтой зах зээл гэж надад харагдсан.

Монголд ажилласан туршлага минь Харвардад сурах том түлхэц болсон

Бид өөрсдийнхөө хийж байсан ажлуудыг гадны сэтгүүл дээр хэвлүүлсэн. Ингээд энэ бүхэн буцаад надад бизнесийн сургуульд суралцах хүсэлт гаргахад маш том түлхэц болж байсан. АНУ руу бизнесийн сургуульд суралцъя гэсэн санаа байсан. Гэхдээ хэзээ, яг яаж гэдгээ мэдэхгүй байж байгаад таван жил ажилласны дараа би бэлэн болсон, ажлын хангалттай туршлагатай болсон байсан. Ажлаас гадна төрөл бүрийн зүйлс хийж байсан нь миний resume дээр чимэг болж өгөхийг ойлгосон. Ийм бодол төрөнгүүт яагаад заавал бизнесийн сургууль гэж гэх асуулт гарч ирсэн. Учир нь Уолл стритэд хүрч чадаагүй байсан миний тэр мөрөөдөл яваад л байдаг байсан. Монголд ажилласан туршлагатай ч бизнесийн сургуульд орж чадах болов уу гэсэн том асуулт байдаг байлаа. Монголд таван жил ажиллаж байгаад дэлхийн шилдэг бизнесийн сургуульд орсон Монгол хүмүүсийг хайхаар олдож өгдөггүй. Тэгээд яагаад болохгүй гэж гэдэг асуултыг дандаа өөртөө тавьдаг байсан. Өөрийн боломжоороо интернет ухаж байгаад Харвардын Бизнесийн их сургууль, Станфордын их сургууль, Чикагогийн их сургууль, Пенсилваны их сургууль гэсэн дөрвөн сургууль руу хүсэлт илгээсэн байдаг. Энэ дөрөв дэлхийн шилдэг бизнесийн сургуулиудын эхний дөрөвт байсан. Тухайн үедээ ингэж их амбицлаж байгаагаа мэдээгүй. Гэхдээ why not?

Өөрөөсөө үргэлж яагаад болохгүй гэж (why not) гэж асуудаг

Энэ дундаас хамгийн том асуултын тэмдэг нь Монгол гээд хэний ч дуулаагүй жижигхэн оронд, хэний ч сонсоогүй 10 гаруйхан хүнтэй жижиг компанид ажиллаж байсан тэр туршлагыг дэлхийн хэмжээнд үнэлэх болов уу даа? Энэ асуулт магадгүй та бүхний толгойд ч байж болох юм. Энэ бол надад хамгийн том эрсдэл, хамгийн том асуултын тэмдэг байсан. За тэгээд дүүрч, би өөрийнхөө хэмжээнд бүгдийг нь хийж байгаад үзье гээд өргөдлөө илгээсэн. Сургуульд хүсэлт илгээх бүх процессоор нь явж байхдаа тэр их сургуульд орох бэлтгэл хангагдаж байсан гэдгийг сүүлд нь ойлгосон. Тэр процесоор явж байхдаа миний мөрөөдөл яг юу вэ, би яг юунд хүрэх гээд байгаа юм гэж өөрийгөө ойлгож эхлэх шаардлагатай болсон. Тэр нь буцаад надад маш том сургамж болж таарсан. Аливаа сургамжийг би өөр хүнээс хайгаад байх бус тэр нь надад өөрт байна, би өөрийгөө мэдэж байж, надад өөрт юу утга учиртай гэдгийг ойлгож байж цаашаа явах юм байна гэдгийг ухаарсан. Миний хүрэх гээд байгаа цэг юу вэ гэдэг нь хүн бүрт харилцан адилгүй, ямар ч ном уншаад хүн бүрт өөр шүү дээ. Үүнийг би тэр процесоос л ойлгосон байдаг. Би хүсэлт өгсөн дөрвөн сургуулийнхаа гурвынх нь ярилцлагад Шанхайд очиж орж байсан. Тэр үед ярилцлага авсан хүн надаас “Харвардын Бизнесийн сургуульд дэлхийн шилдэг компаниуд ажиллаж байсан туршлагатай оюутнууд ирээд нэг анги танхимд мэтгэлцээн явуулдаг. Би Монголоос бараг хэнтэй ч уулзаж байгаагүй. Чи ийм жижиг улсын хэний ч мэдэхгүй жижиг компанид ажиллаж байсан туршлагатай юм байна. Тэгэхээр Харвардын Бизнесийн сургуулийн оюутнууд хоорондоо мэтгэлцээн өрнүүлэхэд чи яг ямар хувь нэмэр авчирч чадах юм бэ” гэж асууж байсан. Мэдээж би тэр асуултыг хүлээж байсан л даа. Бэлтгэлтэй байсан. Би ингэнэ тэгэнэ, танд гурван шалтгаан өгье гэсэн чинь бодож бодож байснаа “Наагий чи намайг 100 хувь ятгаж чадсангүй, гэхдээ би чамд хоёр дахь боломж өгье” гэсэн. Тэгээд би тэнцсэн.

Тэгэхээр хүсэлт өгсөн 3 сургуульд нь тэнцээд нэг нь хүлээлгийн жагсаалтад оруулсан гэсэн хариу өгсөн. Дараа нь би Харвардад орсны дараа тэр сургуульдаа баярлалаа гэж хэлж байсан. Тухайн үед энэ бүхэнд итгэж чадаагүй. Гэхдээ үнэхээр болдог л юм байна.

Харвардад очлоо. Тэнд оччихоод хүүхэд бүрт байдаг синдром нь “Эд нар яг алдаа гаргаад л намайг авчихсан байх, би энд байх эрхгүй, миний толгой ч хүрэхгүй байхад би яагаад энд байгаа юм бэ” гэдэг бодол, эргэлзээ. Хамгийн анхны илтгэлийг манай MBA программын захирал тавьж байсан. Тэрээр энэ асуулт та бүхний толгойд бүгдэд нь байгааг мэдэж байна гэхэд би ганцаархнаа тэгж бодоогүй гэдгийг ойлгосон. Тэгээд надад нэг итгэл төрүүлсэн зүйл нь “Чи ямар нэгэн өөрийн гэсэн түүхтэй болоод л, учир шалтгаантай учраас л энд сууж байгаа” гэж хэлсэн явдал. Оюутан бүрт амьдралын маш гоё түүх байдаг. Тэгэхээр хүн бүрт бусдаас онцгой, өөрийн туулсан түүх байдаг гэсэн үг. Хүн бүр түүгээрээ ялгарч чаддаг. Хамгийн гол нь түүнийгээ бусдад харуулах ёстой. Би тэнд дөрөв дэх монгол оюутан болж очиж байсан. 900-аад оюутантай. Тэднийг 10 ангид хуваачихдаг. 90 оюутны гуравны нэг нь гадаад оюутан байдаг. Сонгуульт ажилд нь орохоор шийдэхдээ бас л why not гэж бодсон. Тэгээд олон улсын оюутнуудын төлөөлөгчөөр сонгогдсон. Бид Монголоос нийтдээ долуулаа төгсч байсан. Түүхэндээ хамгийн олон оюутан төгссөн жил байдаг юм билээ. Бид нар хоорондоо ярьж байгаад таван мянган ам.доллар босгож, Монголын тухай томоохон үйл ажиллагаа зохион байгууллаа. 100-аад хүн цугласан. Энэ эвент Монгол оюутны түүх болоод үлдсэн байдаг.
Энэ сургуульд сурч байхдаа нөгөө мөрөөдөж байсан ажлаа мартаагүй. АНУ-ын хоёр том банкны нэг Хөрөнгө оруулалтын банкны салбарт орж чадсан. Макалестер коллежид байхад бүтээгүй мөрөөдөл маань 7 жилийн дараа биелж байсан. Хөрөнгө оруулалтын банк гэдэг нь илүү томоохон корпорациудад хөрөнгөө босгоход, хоорондоо нэгдэхэд, IPO гаргахад санхүүгийн стратегийн зөвлөгөө өгдөг үйлчилгээ гэсэн үг. Өөрийн хүсч байсан Уолл стрит дээр очоод үндэстэн дамнасан томоохон корпорациудад зөвлөгөө өгдөг байсан. Компанийхаа Сидней салбар руу хоёр жилийн дараа шилжсэн. Тэнд уул уурхайн томоохон компаниудад санхүүгийн стратегийн зөвлөгөө өгдөг багт хоёр жил ажиллаад ирсэн.

Мөрөөдөл гэдэг заавал нэг тогтмол зүйл байх ёстой юу?

7 жилийн дараа хүсч байсан Хөрөнгө оруулалтын банкиндаа орсны дараа гурван жил ажиллаад дараагийнх нь юу вэ гэж бодсон. Энэ нь Монгол руу явах болж таарсан. Тэндээс авъя гэснээ авч суръя гэснээ сурсан. Үүнээс цааш энэ бол миний насан туршийн карьераа болгох ажил биш юм байна гэдгийг ойлгосон. Уолл стритэд ажиллахын нэг сул тал нь хүнийг жинхэнэ машин шиг ажиллуулдаг. Тэнд Нью-Йоркыг үзэж амжилгүй нэг жилийг өнгөрөөсөн байсан. Өглөө 9-өөс шөнийн 12 цаг хүртэл, хагас бүтэн сайнгүй машин шиг ажилладаг. Нюь-Йорк дэлхийн санхүүгийн төв учраас дэлхийн томоохон хэлцлүүд бүгд тэрүүгээр өнгөрч байдаг 24 цаг ажилладаг. Жишээ нь, 12 цаг болоод Нью-Йорк унтлаа би ажлаа Ази руу шидлээ, Азид өглөө боллоо, миний ажлыг авч үргэлжлүүлж хийгээд өглөө намайг очиход ажил үргэлжилчихсэн, тэрнийг би авлаа, дахиж үргэлжлүүлж хийлээ гээд 24 цаг дуусдаггүй ажил. Тэнд нэг жилийн дотор яаж өөрчлөгдөж болдог, ямар их ажлыг нугалж болдгийг ойлгосон.

Дэлхийн шилдэг номнуудыг подкаст хэлбэрээр Монгол залуустаа хүргэхийг зорьсон 

Ингээд Австралийн Сиднейд байх үед манай хоёр найз Токиод байсан. Тэнд томоохон компанид ажилладаг. Бид гурав гурвуулаа подкаст их сонсдог. Нэгэнтээ л бид дэлхийн бэст селлер болсон баримтат номыг уншиж байгаа юм чинь яагаад Монгол залуустаа хүргэж болохгүй гэж хэмээн бодсон. Ингэж анх unlock подкастыг эхлүүлж байсан. Тэгшээ, Дээгий хоёр эхлүүлээд би гурав дахь дугаараас нь орж байсан. Подкаст гэдэг нь залуусын мэдээлэл авдаг хамгийн том трэнди, сүүлийн үеийн суваг. Бид дэлхийн шилдэг баримтат номнуудыг уншаад түүнийгээ нэг цагийн дотор Монгол хэл дээр товчхон яриад өгдөг талбар. Бид 22 сарын дотор дэлхийн шилдэг 54 бүтээлийг залууст хүргэсэн байна. Бүх төрлийн янз бүрийн салбарын шилдэг номнууд ордог.

Unlock дэлхийн шилдэг 100 подкастын 40-д эрэмблэгдсэн. Их шоконд орсон. Монгол залуусаар бахархаж байна. Бид нарын подкаст дандаа ном ярьдаг, уйтгартай, мэдлэг солилцдог байхад ийм өндөр рейтингтэй байгаа нь Монгол залуус өөрийгөө хөгжүүлье, дэлхийн бэст селлер болж байгаа тэр болгоныг мэдье гэсэн хүсэл эрмэлзэл их байдаг юм байна гэдгийг харуулсан. Тэр нь дэлхийн шилдэг подкастад жагсдаг юм байна. Тэгэхээр та бүхэнд баяр хүргье.

Өөрийгөө хөгжүүлье гэсэн залууст сэтгэл зүйн номнууд маш сайн тохирдог. Ном болгоны ард тухайн зохиолчийн 20, 30 жилийн судалгаа явж байдаг. Тэрийг 300-хан хуудсанд багтаагаад уншина гэдэг мэдлэг авах хамгийн оновчтой суваг. Дээр нь бүр амарчлаад нэг цагийн дотор эх хэл дээр сонсох боломжтой болгосон. Хамгийн гол нь хөдөө орон нутгийн залуус, тэр номыг авах боломжгүй, англи дээр унших мэдлэггүй эсвэл тэр ном зарагддаггүй ч гэсэн бүгд гар утастай байдаг. Ухаалаг утастай, бүгд фейсбүүк хэрэглэдэг юм чинь яагаад үнэгүй хүргэж болохгүй гэж гэсэн гол санаа яваад байна.