Б.Отгонтуяа: “Хоёр биендээ ХҮЛЭЭЦТЭЙ ХАНДАХ нь хамгийн зөв шийдэл”

0
423

ГЭР БҮЛИЙН ҮНЭ ЦЭНИЙГ ХАДГАЛЖ ҮЛДЭХ БОЛОМЖ…

Гэр бүлийн нандин чанар, эхнэр нөхөр нэг нэгнийгээ хайрлах хайраа алдахгүй байх нууцыг хэрхэн яаж авч үлдэх тухай Монгол улсын соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Б.Отгонтуяатай ярилцлаа. Нэрийг нь сонсоод л эрч хүч, цоглог төрх нь сэтгэлд буух чадварлаг жүжигчин бүсгүй өдгөө гурван хөөрхөн хүүхдийн ээж, уул шиг түшигтэй ханийнхаа халамжит гэргий юм. 

 

Ойрд та тун завгүй байгаа бололтой. Ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?

– Тиймээ. Ойрд ажил ихтэй байгаа. Боловсрол телевизийн “Монголд нэг удаа” контент дээр ажиллаж байна.

– Та хүүхэд ахуй насныхаа тухай дурсамжаасаа хуваалцаач? Энэ асуултаар ярилцлагаа эхэлмээр байна.

– Заа, “Хүүхэд нас” хүний амьдралын хамгийн гоё үе гэж боддог. Ийм гоё сэдвээр дурсамж ярих гэж байгаа нь сайхан санагдаж байна. Би Архангай аймгийн төв дээр өссөн. Оюутан болоод хот руу орж ирсэн. Манайх ам бүл олуулаа, олон ах эгчтэй. Тийм болохоор их эршүүд өссөн. Олон хүүхэдтэй айлын хүүхдүүд ямар хүмүүжилтэй байдаг билээ. Яг л тэр жишгээр өссөн. Гэхдээ миний хувьд багын их биеэ даасан, өөрийн гэсэн үзэл бодолтой, өөрөө өөртөө шийдвэр гаргаад түүнээс гарах хариуцлага, үр дагаврыг “өөрийн толгойгоор” үрээд явдаг хүүхэд байлаа. Ер нь л их эршүүд хүүхэд байсан.

– Та яагаад урлагийн хүн болсон юм бэ? Гэр бүлд тань урлагийн хүн байдаг уу?

– Манай гэр бүлд урлагийн хүн байдаггүй. Би хүүхэд байхын урлагт дур сонирхолтой, сэтгэл зүрх яг л тийшээ чиглэсэн хүүхэд байсан юм шиг байгаа юм. Өөрийнхөө хэмжээнд авьяастай, дуулуул дуулаад, бүжиглэвэл бүжиглэчихдэг, унших ёстой бол уншчихдаг, юм юмыг л хийдэг хүүхэд байсан. Цэцэрлэг, сургуулийн урлаг соёлын бүх арга хэмжээнд алгасалгүй ордог. Тэр бүү хэл ажил хичээлээ тараад ирж байгаа аав ээж, ах эгч нарыгаа орой болгон үзэгч болгож суулгаад өөрийн концертыг байнга тоглодог. Ялангуяа манай хөршийн эмээ өвөө нар миний байнгын үзэгч байсан даа /инээв/. Хуучны орон дээр гараад ”хөшиг нээлээ, хаалаа” гэж байгаад тоглолтоо үзүүлдэг байлаа. Ингээд ярихаар багаасаа тайзан дээр гарч эхэлсэн юм шиг санагддаг. Энэ хүсэл тэмүүлэл нь хөтөлсөөр нэг мэдэхэд өнөөдрийн байр сууринд хүргэсэн байх.

“Хэлсэн үг, хийж байгаа үйлдэл бүрээрээ хүнийг инээлгэнэ, уйлуулна, өөрөөр хэлбэл сэтгэлийн нандин утсыг хөндөнө гэдэг хамгийн жаргалтай.”

– Та аравдугаар ангиа төгсөөд, хэсэг хугацааны дараа СУИС-д орсон гэж сонссон?

– Тэр үед их олон зүйл миний амьдралд тохиолдож байсан. Би бодохдоо зорилгодоо хүрэхийн өмнөх том шалгуур байсан юм болов уу гэж боддог. Намайг аравдугаар анги төгсөх үед Архангайд СУИС-ийн хуваарь очдоггүй байсан. Тухайн үед хотод ирээд шалгалт өгөх боломж байгаагүй. Ангийнхан их сургуулиа төгсөөд нутагтаа очиход би сургуульд орж чадаагүй л байлаа. Энэ үед эмээ, ээж хоёр минь бурхны орон руу явсан. Аймгийн театрт ажиллая гэхээр нэг л болж өгдөггүй байсан юм. Гэхдээ л тэр бүхнийг даваад өнөөдрийн би ингээд дурласан мэргэжлээрээ үр дүнтэй ажиллаад байж байгаадаа баярладаг. Тууштай, хичээнгүй байсны минь шагнал гэж ойлгодог доо.

– Оюутан байхаасаа мэргэжлээрээ ажиллаж эхэлсэн байдаг. Дурлаж эзэмшсэн мэргэжлээрээ хамгийн их бахархаж байсан үе хэзээ байсан бэ?

– Би их чанга дуутай болохоор Бооёо ахын нүдэнд өртсөн болов уу гэж боддог. Хоёрдугаар курст байхдаа “Шинэ үед”-д орж байсан. “Од” биш “Олны танил” болж эхэлсэн үе  хамгийн амттай санагддаг. Гадуур явахаар хүмүүс “Жүжигчин Отгоо мөн үү” гээд л хоорондоо шивнэлдэхээр “Би мөн шүү дээ” гэж хэлмээр санагдаж баярладаг байлаа.

– Үзэгчид таныг чанга дуутай, сэргэлэн цовоо, эрч хүчтэй нэгэн гэж хардаг. Амьдрал дээрх Отгоо хэр өөр хүн бэ?

–  Ер нь бол нээх өөр биш шүү. Бага байхын л дуу шуу ихтэй, чанга дуутай, ихэнхдээ инээж хөхөрч явдаг хүүхэд байсан. Одоо ч тийм. Гэхдээ огт уйтгарлаж гуньдаггүй хүн гэж юу байхав. Сэтгэл хөдлөл өндөртэй, амархан уурлаж, амархан инээдэг л хүн дээ.

“Үзэгчдийн инээд бол шударга шүүгч. Үг хэлээд дуусахад л сонирхолтой үгүйг нь дүгнэдэг. Энэ нь киноны жүжигчдээс онцлог”

– Танай гэр бүл хэдэн хүүхэдтэй болсон бэ?

– Манайх гэдэг айл гурван хөөрхөн хүүхэдтэй болсон /инээв/. Хамгийн том нь есөн настай, дундах нь зургаан настай, бага нь 10 сар хүрч байна.

– Өө, шинэ хүнтэй болоод удаагүй байгаа юм байна.

– Тиймээ, багыгаа гаргаад удаагүй байна. Одоо ч бүр хөөрхөн том болоод байгаа.

– Ээж болсноос хойш та өөрийгөө хэр их өөрчлөгдсөн гэж боддог вэ?

– Эмэгтэй хүний амьдрал ээж болоод эхэлдэг юм байна гэж бодогдож байсан. Амьдралын ухаан сууна. Өвдөх, үхэх эрхгүй юм шиг санагддаг. Заримдаа “Би ийм хүн байсан юм уу” гэмээр их тэвчээр, зориг, халамж, хариуцлагатай болдог. Ингэж бодохоор өөрчлөгдсөн байх.

– Эмэгтэй хүн эх хүн болохоороо ээжийгээ ойлгодог болдог гэдэг. Та ээжийнхээ ямар занг илүү их хайрладаг вэ?

– Манай ээж их сайхан эмэгтэй байсан. “Зан сайтай айлд хүн бүхэн цуглаж, Замаг сайтай нууранд шувуу бүхэн цуглана” гэдэгчлэн манайхаас олны хөл тасардаггүй айл байсан даа. Өглөө, өдөр, орой, шөнө ч байсан хамаагүй ойр холоос таних танихгүй олон хүн ирнэ. Ээж ямар ч үед цай хоол хийгээд, дайлж цайлаад гаргадаг. Тийм ч болохоор олон түмэн их хүндэлдэг байсан. Ээжийнхээ тэр ааль занг л гээхгүй авч үлдэх юмсан гэж боддог. Манайхаас бас зочин тасрахгүй шүү. Найз нөхөд, мэргэжил нэгт хүмүүс гээд ирэх их дуртай. Би ч байгаагаа бариад гараа гарган хоол цай хийж өгөхийг хичээдэг.

“Хүүхдүүддээ гэр бүлийн халуун дулаан уур амьсгалтай нандин дурсамж үлдээхийг хичээдэг.”

– Та хүүхдүүдийнхээ хүмүүжилд ямар зарчим баримталдаг вэ? Ялангуяа өөрийн өссөн Монгол ахуйтай ойр байлгах тухайд?

– Би багадаа байгаль дэлхийтэйгээ их ойр өссөн гэж боддог. Юм л бол эмээгээ дагаад хөдөө уул хадаар алхаж явна. Малчин айлын өдөр тутмын аж ауйн ажлыг хийх сонирхол асар ихтэй /инээв/. Чадахгүй байсан ч хонь, ямаа, үхэр саана гээд хувин бариад суудаг охин байсан. Тийм болохоор хүүхдүүдээ байгаль дэлхийтэйгээ ойр өсөөсэй, Монгол ахуйгаас битгий холдоосой гэдэг үүднээс болж л өгвөл гэр бүлээрээ хөдөө явах дуртай. Аль болох тэднийгээ яриулах дуртай. Миний хань хүүхдүүдтэйгээ илүү их ярилцдаг. Юу нь болохгүй байна, юу нь болж байна, яах хүсэлтэй байна гээд цаг үргэлж л хүүхдүүдээ сонсож байдаг.

– Хүүхдүүдтэйгээ ингэж ярилцах нь та хоёрын хүүхдээ хүмүүжүүлэх нэг арга уу?

– Тийм. Манай нөхөр бид хоёр маш их ярилцдаг. Байнга л утсаар ч хамаагүй ингэсэн, тэгсэн гээд ярилцаад зөвлөлдөж байдаг. Энэ нь эргээд бид хоёрт үл ойлголцох зүйл гарахгүй байх үндэс суурь нь болж өгдөг байх. Хүүхдүүдтэйгээ бас ингэ ярилцсанаар жоохон том болоод, бие хүн болж төлөвших үед ээж аав хоёроосоо нуух зүйлгүй ямагт зөвлөгөө авдаг, нээлттэй ярилцаж чаддаг байхад л сургах байх гэж боддог. Анги ахиад томрох тусмаа өөрийн үзэл бодолтой, өөрөө шийдвэр гаргах нь ихэснэ. Тийм болохоор болж өгвөл итгэж ярьдаг найз шиг л байхыг хичээдэг.

– Түрүүн та хэлж байсан. Хүүхдүүддээ бага насны нандин дурсамж үлдээхийг хүсдэг гэж. Энэ тухайгаа хуваалцаач?

– Хүн бүхэнд хүүхэд насны нандин дурсамж байдаг. Ямар нэгэн цаг үед тэрийгээ дурсаж ярихад үнэхээр сайхан мэдрэмж төрдөг байх. Надад ч гэсэн тийм дурсамж олон бий. Хүүхдүүд маань одоо ид юмыг тогтоодог, мартдаггүй үе дээрээ байна л даа. Энэ үед нь гэр бүлийн халуун дулаан уур амьсгалтай сайхан дурсамж олонг бий болгож үлдээх юмсан гэж их хичээж байна. Хоёр том нь энд тэнд явж байгаад гэнэт “Бүгдээрээ тэнд явж байхад тэгсэн тэ” гээд л дурсаж ярьдаг. Ийм л ярих зүйл сэтгэл зүрхэнд нь шингээж үлдээхийг хүсдэг дээ.

– Хүүхдүүдээс нь өөрийн тань мэргэжлийг өвлөн авах хандлага ажиглагдаж байна уу?

– Ер нь бол хүсдэггүй. Яагаад гэвэл урлагийн хүн байхын тулд хувийн амьдрал, ар гэр шууд орхигддог. Магадгүй сайн ханьтай байж өөрийн мэргэжлээрээ амжилттай ажиллах, амжилт гаргах боломжтой болно. Тийм болохоор мөнхийн завгүй ийм хүнд мэргжил эзэмшүүлэхийг хүсдэггүй. Гэхдээ хүүхдүүддээ “Урлагийн хүн болж болохгүй” гэж хэлж үзээгүй л дээ. Хөндлөнгөөс ажиглаж л байна. Манай хүүхдүүд намайг дуурайсан сэтгэл хөдлөл ихтэй, урлагийн мэдрэмж, хошин мэдрэмж өндөртэй, хөдөлгөөнтэй. Үнэхээр төрөлхийн авьяастай байгаад тодроод гараад ирвэл болохгүй гэхийн аргагүй юм.

 

 

– Өнөөгийн нийгэмд гэр бүл салалт их болсон байна. Энэ тухайд та ямар бодолтой явдаг вэ?

– Хүүхэд байхад аав ээж хоёр бидний хажууд огт хэрэлдэж муудалцдаггүй байсан юм шиг санагддаг. Мэдээж муудах сайдах олон зүйл байна. Гэхдээ тэрийгээ үр хүүхдийнхээ өмнө үзүүлдэггүй л байсан байх. Тэгээд их тэвчээртэй, хүлээцтэй ханддаг байсан. Одооны залуучууд эмэгтэй, эрэгтэй аль нь ч ялгаагүй түрэмгий хандлагатай, буулт хийдэггүй. Энэ байдал нь л гэр бүлийн салалтад ихээр нөлөөлдөг болов уу гэж бодогддог.

– Танай гэр бүлийн тухайд нандин харилцаагаа алдахгүй байр зарчим нь юун дээр тогтдог вэ?

– Анх бид хоёр суухаасаа өмнө маш тодорхой ярилцаж байсан. Өөрөөр хэлбэл тохиролцолд хүрснээр гэр бүл болсон гэж хэлж болно. Би жүжигчин мэргэжилтэй, миний хань найруулагч мэргэжилтэй байсан. Хоёулаа урлагийн хүмүүс болохоор ар гэрийн амьдрал утгаараа хаягдах гээд байсан л даа. Тийм болохоор хэн нь мэргэжлээрээ ажиллаад, хэн нь ар гэрээ дааж үлдээд нэгийгээ дэмжиж амьдрах вэ гэсэн асуулт гарч ирсэн. Тэр үед миний хань “Отгоо чи минь хэдийн олны танил бодоод эхэлсэн, мэргэжлээрээ ажиллахад гараа нь тавигдсан учир чи минь ажилласан нь илүү үр дүнтэй байх” гэж хэлээд шийдвэрийг гаргаж байсан. Тэр үед бид хоёр биенээ ойлгоод ярилцсаны дүнд өнөөдөр миний ажил мэргэжлийн амжилт хүссэнээр минь сайхан байна, амьдрал ахуйдаа би түүртэхгүй жаргалтай амьдарч чадаж байгаа гэж боддог.

“Миний хань миний хамгийн үнэнч дэмжигч. Мөн  хүүхдүүдийнхээ хамгийн сайн зөвлөгч хүн юм.”

– Нийгмийг хар бараан мэдээлэл бүрхсэн энэ үед хувь хүн өөрийгөө ийм байдлаас хэрхэн чөлөөлөх ёстой юм бол?

– Сонссон ч сонсоогүй юм шиг, харсан ч хараагүй юм шиг л хаяж чаддаг байх хэрэгтэй юм болов уу. Гэхдээ энэ нь амиа хичээх гэсэн ойлголт биш юм. Миний хувьд аль болох амгалан байж, асуудалд хөнгөн хандахыг хичээдэг. Тэгснээр хүн өөрийн сэтгэл зүрхээ, оюун бодолдоо хар бараан, сөрөг мэдээллээс хамгаалж чадах байх. Тухайн асуудлыг асуудал чигээр нь харах биш харин эерэг талаас нь, гоё ойлголтоор хүлээж авбал аяндаа сэтгэлийн амгаланг мэдэрч, дандаа баяр баясгалантай байх болно.

– Танд баярлалаа. Танай гэр бүлд хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.