“ЭЕРЭГ ХАНДЛАГА”-ыг түгээхээр 4000 гаруй Монгол ЗАЛУУС нэгдлээ

0
90

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор хэрэгжиж буй “Англи хэлтэй залуус” хөтөлбөрийн хүрээнд 4500 оюутан залуус эерэг хандлагыг нийгэмд түгээхээр өнөөдөр Сүхбаатарын талбайд нэгэн зэрэг Flash Mob хийлээ. Энэхүү флаш мобын гол зорилго нь “ЭЕРЭГ ХАНДЛАГА”-ыг түгээх байсан ба тус уриалгадаа Монгол үндэснийхээ бүжгийг ашигласан нь тун онцлог байсан юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Д. Үүрийнтуяа, “бид маш их богино хугацаанд энэ “Англи хэлтэй залуус” хөтөлбөрийг зохион байгуулж байгаа билээ. Гэвч хөтөлбөр эхлэхээс өмнө бид энэхүү флаш мобыг зохион байгуулахаар төлөвлөөгүй байсан ч ердөө өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гариг гэхэд бид энэхүү өдөрлөгийг зохион байгуулахаар болсон байгаа”

МУ-н Ерөнхийлөгчийн зөвлөх Д.Үүрийнтуяа хөтөлбөрийн оюутны хамт

Англи хэлтэй залуус хөтөлбөр нь Монголын томоохон дөрвөн сургуулиуд дээр үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд тус хөтөлбөрийн оюутнууд нийт гурван түвшинд хуваагдан хичээллэж байгаа билээ. Тэгвэл энэхүү өдөрлөгийг зохион байгуулах хэсэгт ажилласан залуус нь 2-3 хоногийн дотор бүжгийн хөдөлгөөнүүдээ бэлдсэн ба сургууль тус бүр дээр хичээл эхлэхээс 30 минутын өмнө оюутнуудыг цуглуулан хөдөлгөөнийг нь давтуулж байжээ. Ингээд долоохон хоногийн дотор нэгэн хүн шиг 4000 гаруй залуусыг нэгтгэж чадсан нь тус хамт олны зохион байгуулалт сайн байгааг илтгэж байв.

“нэг талдаа зүгээр хийчихэж байгаа юм шиг харагдаж байгаа боловч, оюутнуудаа цуглуулах, хөгжим, зохион байгуулалт, хөдөлгөөн гэх мэт олон зүйлс дээр асуудал тулгарсан. Наад зах нь Даваа гаригт гэж төлөвлөж байсан ч бороо орно гэдэг цаг агаарын мэдээг сонсоод өнөөдөр болгож хойшлуулсан байсан юм. Мөн цаг хугацааны хувьд давчуу байсан ч олон мянган залуусыг нэг дор нэгтгэж чадсандаа баяртай байна” хэмээн Д.Үүрийнтуя онцолж байсан юм.

Түүнчлэн тус үйл ажиллагааны үеэр “Монгол хүний хөгжил Монголын ирээдүй” “Улсын хөгжил хувь хүний хөгжлөөс хамаардаг” “Хоггүй утаагүй, ногоон байгууламжтай, ан амьтдаар баян, уул ус нь байгалиараа, эрүүл аюулгүй орчинтой, хүн ард нь амгалан, монголын төлөө эх орноо хайрлацгаая” хэмээх гурван уриалгыг бусдад уриаллаа.

“Англи хэлтэй залуус” хөтөлбөрийн ахлах багш Д. Хэрлэн, “Хамгийн анх энэ 4000 гаруй оюутнуудтай ажиллана гэдгийг сонсоод маш их айсан. Учир нь энэ бол бага тоо биш. Гэхдээ 4000 хүнд англи хэл сургана гэдэг эргээд тэрнээс олон хүнийг англи хэлтэй болгож өгч байгаатай адил учраас үнэхээр баяртай байсан. Тиймээс сурагчиддаа ч гэсэн бусдад өөрсдийнхөө бусад мэдсэнийг зааж өг гэж уриалж байгаа” хэмээн өөрийн сэтгэгдлээсээ хуваалцсан юм. Мөн тэрээр энэхүү хөтөлбөр нь сургалтын шинэчилсэн аргыг ашиглаж байгаа гэдгийг онцолж, Монгол хэлийг суурилж байгаа болохоор Монгол хэл сурч байгаа гадаад хүмүүст ч туслах боломжтой залуусыг бэлтгэж байгаа гэдгийг хэлж  байлаа.

“Англи хэлтэй залуус” хөтөлбөрийн багш нар

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй “Англи хэлтэй залуус” хөтөлбөрийн хүрээнд 16-30 насны 4,500 гаруй залуусыг үнэ төлбөргүй, гурван түвшинд ангилан англи хэлний сургалтанд хамруулж байгаа ажээ. Тус хөтөлбөр 8-р сарын 1-ний өдрөөс эхэлсэн бөгөөд нийт 21 хоног үргэлжлэх юм байна.

Бэлтгэсэн: О.Ми