Нүүр хуудас ИРГЭДЭД Сурагчийн дүрэмт хувцас бичиг хэргийн өргөтгөсөн худалдааг 33 байршилд зохион байгуулж байна

Сурагчийн дүрэмт хувцас бичиг хэргийн өргөтгөсөн худалдааг 33 байршилд зохион байгуулж байна

0
43
Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаагаар ахлуулсан хичээлийн шинэ жилийн бэлтгэлийг хангах ажлын хэсгийн хуралдаан  боллоо.

Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга: “2019-2020 оны хичээлийн жилд  нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид элсэн суралцах сурагчдыг тавдугаар сарын 13-наас  27-ны өдрүүдэд  бүртгэсэн.

Дахин бүртгэл энэ сарын 21-30-ны хооронд явагдана. Статистик үзүүлэлтээр Баянгол дүүрэг 5577, Баянзүрх дүүрэг 6838, Багануур дүүрэг 465, Багахангай дүүрэг 110, Сүхбаатар дүүрэг 3396, Сонгинохайрхан дүүрэг 5616, Хан-Уул дүүрэг 3883, Чингэлтэй дүүрэгт 2408, Налайх дүүрэгт 676 хүүхэд бүртгүүлсэн байна гэлээ.

2019-2020 оны хичээлийн жилд гурван ээлжээр хичээллэж болзошгүй 18 сургууль байна. Түүнчлэн энэ хичээлийн жилд 23 сурах бичиг шинээр хэвлэгдэх аж. Эдгээр сурах бичгүүд есдүгээр сарын 15-нд сурагчдын гар дээр очихоор төлөвлөгдсөн. Дүрэмт хувцасны дундаж үнийн хувьд бага анги  60-70 мянга, дунд анги 90-100 мянга, ахлах ангийн сурагчдынх 120-130 мянган төгрөг байна.

Улс, нийслэл, дүүрэг, орон нутгийн хөгжлийн сан, гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр 2019 онд нийслэлийн нийт 83 сургууль, цэцэрлэгт 5,3 тэрбум төгрөгийн их засварын ажил хийгдэх төлөвлөгөө батлагдан хэрэгжиж байгаа талаар мэдээллээ.

Тээврийн цагдаагийн албаны ЗЦГ-ын замын хөдөлгөөн зохицуулах хэлтсийн дарга Б.Батболд: “Нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн орчимд шаардлагатай тэмдэг тэмдэглэгээний судалгааг гаргаж холбогдох албаныханд өгсөн. Замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг учраас зарим хөдөлгөөнийг нэг чигийн урсгалтай болгосон. Цаашид замын хөдөлгөөн ихтэй байршлуудад судалгаа хийж байна ” гэв.

 

Нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газрын орлогч дарга Х.Булгаа “Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан есдүгээр сарын 1-нээс өмнө хүүхдийн автобусны үзлэг оношилгоог хийж байна. Энэ сарын 20-ноос нийтийн тээврийн тоог нэмэгдүүлэх ажлыг хийхээр судалж байна” гэлээ.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний хэлтсийн ахлах мэргэжилтэн  Д.Эрдэнэцэцэг “Шинэ хичээлийн жил эхлэхтэй холбогдуулж  33 байршилд сурагчийн дүрэмт хувцас, үзэсгэлэн худалдаа, бичиг хэргийн өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байна” гэж мэдээлэв.