Гэр хорооллыг сайжруулахад ИРГЭДИЙН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЦГЭЭЕ

0
13

Улаанбаатар хотын газрын зохион байгуулалт үнэхээр муу байгаа талаар олон хүмүүс ярьдаг. Газар зохион байгуулалт муу, гэр хорооллын замууд нь усанд автаад хүн явах ч эцэсгүй, утаа их байгаа нь ч мөн зохион байгуулалтгүй гэр хорооллоос үүдэлтэй ч гэлцгээдэг. Магадгүй, энэ бүгд үнэн байх. Учир нь гэр хорооллын зохион байгуулалт үнэхээр замбараагүй байгаа гэдгийг бүгд харж байгаа шүү дээ. Хэн дуртай нь хашаагаа сунгаж, хэн дуртай нь хогоо ил задгай асгаж, замбараагүй гэдгийг нь батлах зүйл олон.

Саяханы нэг жишээг дурдхад 2019 оны 8-р сарын 11-ний өдөр үргэлжилсэн усан борооноос болж газар цөмөрч том оврын машин газарт шигдэн гацсан байна. Харин тухайн үеийн нөхцөл байдлыг сайн ажиглаад үзвэл хэд хэдэн шалтгаан ажиглагдана.

  1. Зам хатуу хучилтгүй учраас үргэлжилсэн хур тунадаснаас болж тухайн зам чийгтэж, зөөлөрсөн байсан,
  2. Тухайн машин хүнд даацын байсан бөгөөд зориулалтын бус замаар хурдтай явж байсан
  3. Маш нарийн зам байсан,
  4. Зам нь нарийн байсан шалтгаан нь мэдээж айлууд зөвшөөрөлгүйгээр газраа тэлсэнээс болсон

гэх мэт маш олон шалтгаан байсан. Түүнчлэн тухайн зам нь тус гэр хорооллын голлон дамжин өнгөрдөг гудамж байсан ба тус машин зам дээр гацсанаас болж олон машин тэнд түгжирч, зарим нь гэртээ ч орж чадахгүй байдал үүссэн байна. Энэ зэргийн энгийн жишээнээс үзэхэд гэр хороолол ямархуу байгааг ажиглаж болохоор байгаа юм.

 Монгол Улсын, тэр тусмаа Улаанбаатар хотын газрын зохион байгуулалт нэг хэсэг үнэхээр замбараагүй болж байсан билээ. Орон нутгаас шилжин ирэгчид хараа хяналтгүйгээр нэмэгдэж, хаа дуртай газраа хашаагаа хатгасаар, гэр хороолол улам тэлж, агаарын бохирдол ч гэсэн огцом нэмэгдсэн. 2004 оны 10-р сарын байдлаар л гэхэд Улаанбаатар хотод шинээр 267.06 га газарт 4951 хашаа нэмэгдсэн[1] гэсэн судалгаа гарч байжээ. Харин сүүлийн үед энэ байдал намжиж эхэлсэн нь хөдөө орон нутгаас шилжин ирэгсдийн тоонд улсаас хяналт тавьдаг болсон явдал юм. Түүнчлэн улсаас гэр хорооллын утааг багасгах талаар олон түвшний арга хэмжээг авч эхлээд байгаа нь удахгүй нөлөөгөө үзүүлж эхлэнэ гэдэг итгэл өгөөд байгаа билээ. Мөн газрын зохион байгуулалтын тал дээр ч тэр нэмж газар өгөхгүй байх, гэр хорооллын замуудыг хатуу хучилттай болон чулуун хучилттай болгох гэх мэт арга хэмжээнүүдийг ч авч байгаа. Тэгвэл гэр хороолол ийм замбараагүй байсаар байгаа шалтгаан нь юунд байна вэ? Төр болон иргэдийн хоорондын ХАМТЫН АЖИЛЛАГАА.

Бодоод  үзье л дээ? Төрөөс шат дараалалтай арга хэмжээ авч байна. Хороо болгонд тодорхой асуудлын хүрээнд санал хураалт явуулж, нэн түрүүнд шаардлагатай гэсэн асуудлуудыг шийдэж өгөх тал дээр ажилласаар байгаа билээ. Харин иргэдийн зүгээс юу хийж байна? Зөвшөөрөлгүй газар тэлэлт? Ил задгай хогоо хаях? Та нэг сайн бодоод үзээрэй.

Төрийн хийж хэрэгжүүлж байгаа ажлуудын талаар жишээ дурдвал: Гэр хорооллын гудамжийг гэрэлтүүлэгтэй болгож байна. Цахилгааны шонгууд болон өндөр хүчдэлийн шонгуудыг сайжруулсан, төв замтай нэгдэхгүйгээр захын хорооллуудыг холбож болох хатуу хучилттай замуудыг барьж байна гэх мэт иргэдэд тустай зүйл ганц хоёроор тогтохгүй хийгдэж байна.

Төр засгаас авч хэрэгжүүлж байгаа ажлууд, хийгдэхгүй байгаа нь ажлаасаа ч олон. Гагцхүү ажлуудынх нь үр дүнг үзэхийн тулд бид төр засагтайгаа хамтарч ажиллах хэрэгтэй байна. Ялангуяа энэ жилийг “Иргэдийн оролцоотой–Хөгжлийн жил” болгон зарласан байгаа билээ. Тиймээс наандаж газраа зөвшөөрөлгүйгээр тэлэхгүй байх, хогоо ил задгай хаяхгүй байх гэх мэтээр нийгэмдээ өөрсдийн оролцоогоо нэмэгдүүлэх нь чухал байна. Бид л хичээж чадвал бүгдийг хийж чадна шүү дээ.

Бэлтгэсэн: О.Ми