“Монгол сарлагийн мах, сүү, хөөвөр зэргийг экспортод гаргах боломж бий

0
43

“Сарлаг-Үндэсний нөөц баялаг” сэдвийн хүрээнд сарлаг үржүүлэгчдийн улсын зөвлөгөөн Архангай аймгийн Эрдэнбулган суманд болж байгаа билээ. Тус зөвлөгөөнөөр сарлагийн сүү, мах, хөөвөр, хялгасыг бэлтгэх технологи,  удмын санг хамгаалах, үүлдэрлэг байдлыг сэргээн сайжруулах талаар хэлэлцүүлэг явуулж, санал бодлоо солилцох юм.

монгол сарлаг зөвлөгөөн зурган илэрцүүд

Мөн Архангай, Баянхонгор, Хөвсгөл, Өвөрхангай, Завхан, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий аймгуудын өндөр уулархаг нутагт Монгол үүлдрийн 876.6 мянган толгой сарлагийг үржүүлж байна.

Түүнчлэн бэлчээрийн даацад нөлөөлдөггүй өндөр ашиг шим бүхий монгол сарлагийн үндсэн ашиг шим болох мах, сүү, хөөвөр, түүний боловсруулсан бүтээгдэхүүн экспортод гарах боломж ихтэй гэдгийг зөвлөгөөнд оролцогчид онцоллоо.

Тухайлбал тослог өндөртэй \7.2-12\ сарлагийн сүүгээр сайн чанарын бяслаг үйлдвэрлэж экспортод гаргах боломжтой бол холестрин багатай махыг хатаасан хэлбэрээр  мөн ноолуурын хувь ихтэй хөөврөөр бүтээгдэхүүн үйлдвэрлэж олон улсад худалдаалах боломж, нөөц байгааг хэлэв.

Тиймээс сарлаг үржүүлэгчид үндэсний үйлдвэрүүдийг сайн чанарын сарлагийн ноос, хөөвөр, хялгасаар хангах, эрчимжүүлсэн арга, технологийг нэвтрүүлж сарлагийн сүү, мах, хөөвөр, ноос, үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэх чиглэлээр тулгамдаж байгаа асуудлаа хэлэлцэн, зөв оновчтой шийдэл гаргах арга замыг мэргэжлийн байгууллагуудтайгаа хамтран зөвлөгөөн албан ёсоор хийж байгаа юм.

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан: Мал аж ахуйн үйлдвэрлэлийг биотехнологийн ололттой хослуулан хэрэглэх, үржил селекцийн ажлыг технологийн хугацаанд шинжлэх ухааны үндэслэлтэй явуулах, үйлдвэрлэлийн бүтээмж, үр ашгийг нэмэгдүүлэхэд салбарын яам анхаарлаа хандуулж байна.

ч улаан сайд зурган илэрцүүд

Мөн Малын генетик нөөцийн тухай, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль, болон Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих, Ноолуур, Үйлдвэржилт 21:100 хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг ханган малын тоонд биш, чанарт анхаарч, хавар, намрын технологит хугацаанд зайлшгүй хийгдэх мал эмнэлэг, малын үржлийн ажил, үйлчилгээг бодлогын түвшинд дэмжиж, генетик нөөцөд суурилсан үйлдвэрлэл, ажил, үйлчилгээний цар хүрээг тэлж, генетик нөөцийн төлөв байдлыг тодорхойлох, үнэлэх ажлыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд анхаарч ажиллаж байгаа гэлээ.

 

Зөвлөгөөнд ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан тэргүүтэй МУСҮТ, ХААИС, МААЭШХ, Хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын мал зүйч үржүүлэгчдийн холбоо, Ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо, Сарлаг нийгэмлэг, Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо, Архангай аймгийн саальчдын холбоо, зэрэг олон албан байгууллага хувь хүмүүс оролцож байна.