ХУУРАМЧ вискиг ялгах хиймэл ХЭЛ зохион бүтээжээ

0
6

Дэлхий дээр маш олон төрлийн согтууруулах ундаа зарагддаг бөгөөд тэдний дундаас жинхэнэ болон хуурамчийг ялгаж салгахад тун амаргүй байдаг билээ. Тэгвэл тэдгээрийн хуурамч эсэхийг нь шалгаж болох хиймэл хэлийг эрдэмтэд зохион бүтээсэн байна.

Шотландын Glasgow болон Strathclyde их сургуулиудын инженерүүд шотланд вискиний маш өчүүхэн ялгааг ч таньж чаддаг хиймэл хэлийг зохион бүтээжээ. Тус хэл нь алт болон хөнгөн цагааныг ашиглан бүтээгдсэн ба туршилтаар аливаа вискиний ялгааг 99%-н нарийвчлалтай тогтоож чаддаг нь батлагдсан байна.

Тус хиймэл хэлийг “tastebuds” хэмээн нэрлэдэг ба түүний бичил мэдрэгч нь хүний хэлний амт мэдрэгч эдүүдээс даруй 500 дахин жижиг хэмжээтэй талаар Английн хатан хааны нэрэмжит нийгэм, химийн шинжлэх ухааны “Nanoscale” сэтгүүлд дурдагджээ. Мөн “tastebuds”-г бусад төрлийн шингэнийг шалгахад ч ашиглаж болох талаар Glasgow University-н эрдэмтэн Alasdair Clark тус сэтгүүлд онцолсон байлаа.

Тэрээр, “Бид энэ туршилтыг эхлүүлэхдээ вискинд гол анхаарлаа хандуулж байсан ч, явц дундаа хиймэл хэлийг бараг ямар ч шингэн зүйлийг танихад ашиглах боломжтой болгосон. Өөрөөр хэлбэл хуурамч согтууруулах ундааг тодорхойлоход ашиглах боломжтойгоос гадна үүнийг хүнсний аюулгүй байдлын шалгалт, чанарын хяналт зэрэгт ашиглах боломжтой гэсэн үг юм. Мөн энэ нь авч явахад авсаархан тул хаана ч, ямар ч тохиолдолд ашиглахад тохиромжтой гэдэг нь давуу тал” гэсэн байна.

Мөн хэдий тус хэл 99%-н нарийвчлалтай гэж тогтоогдсон ч зарим Виски судлаач нар хиймэл хэлний тодорхойлох чадварт эргэлзсээр байгаа ажээ. Тэдний нэг бол Шотландын виски судлаач, мастер Charles MacLean юм. Тэрээр вискиг зөвхөн амтнаас гадна өнгө, үнэр зэргээр дүгнэдэг ба зөвхөн амтаар таних юм бол вискиний хамгийн гол чанар болох үнэр нь ямар ч хэрэггүй болно гэдгийг хэлжээ.

Шотландын виски судлаач, мастер Charles MacLean

Эх сурвалж: CNN

Бэлтгэсэн: О.Ми