30-100 хувийн сургалтын тэтгэлэгийг нийт 60 сурагчдад олгожээ

0
10

Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар нь зорилтот бүлгийн гэр бүл, хүүхэд, залуучуудыг дэмжих, хөгжүүлэх төсөл, үйл ажиллагаануудыг Кристина Нобелийн Хүүхдийн сантай хамтран хэрэгжүүлдэг ажээ. Үүнийхээ хүрээнд 2019-2020 оны хичээлийн жилд Кристина Нобелийн Хүүхдийн сангаас 60 хүүхдэд 91 сая төгрөгийн сургалтын төлбөрийн тэтгэлэг олгохоор болсон байна.

Тэтгэлэгийн батламжийг өнөөдөр нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Н.Мандуул, Кристина Нобелийн Хүүхдийн сангийн Монгол дахь салбарын гүйцэтгэх захирал Томас Минтер нар оюутнуудад гардуулан өглөө.

Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа 2018 онд 30 өрхийн 156 иргэн бол 2019 онд 60 өрхийн 346 иргэнийг уг төсөлд хамруулж байгаа ба төсөл амжилттай хэрэгжиж байгаа гэдгийг онцолж байв. Тэрээр, “сонгон авсан 60 өрхийн амьдралыг бодит байдлаар дээшлүүлнэ гэсэн зорилт тавин ажиллаж байна. Өнгөрсөн жилүүдэд сургалтын тэтгэлэгийг 100 хувь өгч байсан бол энэ жилээс гэр бүлийнх нь амжиргааны түвшингээс хамаарч 30-100 хувь хүртэл хувааж олгож байна. Үлдсэн төлбөрөө хүүхдүүд зуны амралтаараа ажил хийж хуримтлал үүсгэх маягаар цуглуулж байгаа. Бидний зүгээс ажил хийх боломжийг нь бүрдүүлж өгч байгаа” хэмээн тус үйл ажиллагааны үеэр юм.

Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Н.Мандуул энэ жил зайлшгүй дэмжих шаардлагатай гэж үзсэн 2430 өрхийн дундаас 60 өрхийн хүүхдүүдийн сургалтын тэтгэлэгийг олгож байгаа бөгөө эдгээрээс гурван хүүхдэд 30%, 35 хүүхдэд 50%, хоёр хүүхдэд 60%, гурван хүүхдэд 70%, нэг хүүхдэд 80%, 16 хүүхдэд 100 хувийн тэтгэлэг авхаар болсон талаар мэдэгджээ.

Кристина Нобелийн Хүүхдийн сан нь 22 дахь жилдээ хүүхэд, залуучуудыг дэмжих, тэднийг бие болоод сэтгэл зүйн хувьд биеэ даасан, амжилттай иргэн болгон төлөвшүүлэхээр ажилладаг байна. Тус сан нь нийт 18 жилийн турш боловсролын тэтгэлэг олгох хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлээд байгаа бөгөөд хүүхдэд цаашид өсөн дэвжих, ахисан түвшинд суралцах боломжийг олгох зорилготой ажиллаж байгаа ажээ. Түүнчлэн энэ хугацаанд 400 орчим хүүхдэд сургалтын төлбөрийн тэтгэлэг олгоод байгаа юм байна.