Цахим сүлжээн дэх бидний хүсэл

0
10

Цахим сүлжээ гэдэгт маш олон зүйлс хамаардаг билээ. Харин тэр дундаас хамгийн хар нэртэй нь Монголчууд бидний өргөн хэрэглэдэг “нүүр ном” буюу “facebook” юм. Ер нь байж болох хамгийн л сөрөг зүйлсийг тэндээс олж болно, мөн тэндээс үүдэж болно. Гэхдээ энэ удаад фэйсбүүкийг муулах гээгүй юм. Харин цахим сүлжээн дэх бидний хүсэл эрмэлзлийн талаар дурдахаар бэлтгэлээ.

Манай сайтын дэргэдэх “Эерэг” фэйсбүүк пэйж нь саяхнаас алдартай хүмүүсийн илтгэл болон сэтгэлд хүрсэн, сайн сайханд уриалсан бичлэгүүдийг орчуулан хүргэдэг болоод байгаа. Тэгвэл энэ долоо хоногийн бичлэгээрээ бид Фэйсбүүкийн үүсгэн байгуулагч “Марк Зукерберг”-н алдарт илтгэлийг орчуулан бэлтгэсэн юм. Харин түүний илтгэлийг сонсож суухад толгойд нэг зүйл харвасан сум мэт ороод ирсэн нь “Тэр үнэхээр хэрэгтэй зүйл зохион бүтээжээ” гэдэг бодол байлаа.

Бид фэйсбүүкийн хамаг л муу талуудыг мэддэг болсон гэхдээ хамгийн анх зохион бүтээгдэх болсон шалтгаан буюу гол зүйлийг нь мартсан байна. Тэр гол зүйл бол ердөө л “хүмүүсийг холбох” байсан. Дэлхийн өнцөг булан бүр дэх бүхий л хүнийг холбож, хоорондоо нөхөрлөж, санал бодлоо солилцох, хол байгааг ойртуулах. Марк Зукерберг хүртэл өөрөө фэйсбүүкээ үүсгэн байгуулах гэж оролдож байхдаа өөрийнхөө хайртай хүнтэй учирсан байдаг юм билээ.

Гэхдээ дэлхий дээр сайн хүмүүс олон байхад муу хүмүүс ч олон байдаг шиг аливаа зүйлийн мууг нь олж, хэрэгжүүлэгчид ч олон. Тиймээс л фэйсбүүк муу нэрэндээ дарагдчихсан. Харин тэр муу зүйлсийн ихэнхэд нь бид өөрсдөө автахгүй байх боломжтой ч, сайн дураараа автдаг. Мөн худал зүйлийг 1000 давтахад үнэн болдог гэдэг шиг зүйлс фэйсбүүкийн эргэн тойронд тохиолдох нь олон. Ер нь цахим ертөнцийн муу тал нь одоохондоо дийлдэхгүй л байгаа. Харин ганц үнэн гэвэл фэйсбүүк биш байсан ч өөр ямар нэгэн цахим сүлжээ фэйсбүүкийг орлох л байсан гэдэг байна.

Энэ олон сөрөг зүйлсийн дунд амьдрах бид цахим сүлжээнээс юуг хүсдэг вэ? Мэдээж фэйсбүүкийн анхны гол зорилт дээр нэмээд аюулгүй бөгөөд үнэн гэдэг үндсэн ойлголтуудыг л хүсдэг. Гэхдээ цахим орчинг хянах боломжгүй. Учир нь анхнаасаа л хяналтгүй эхэлсэн. Заримдаа ямар ч цахим сүлжээ байхгүй байсан бол амар ч юм шиг.

Хэрвээ ямар ч цахим сүлжээ байхгүй байсан бол бидэнд нэг талаараа маш ашигтай. Бид цаг заваа хэрэггүй зүйлст үрэлгүйгээр илүү дээр зүйлд зарцуулах боломжтой болно. Нөгөө талаараа бидний харилцаа холбоо болон цахим сүлжээг дагаж ирсэн бусад боломжууд багасдаг. Гадаадад байгаа ах дүү нартайгаа холбоо барих, аливаа хэрэгтэй мэдээллээ цаг алдалгүй олж авах болон бусад зүйлс. Адаглаад “лаяв” буюу “шууд” дамжуулалт ч гэсэн байхгүй байх байлаа. Тиймээс зарим талаараа бид цахим сүлжээнд талархах хэрэгтэй.

Миний хэлж, илэрхийлэх гээд байгаа гол санаа бол аливаа зүйлийн хар бараан талыг нь хараад байх юм бол бид хар бараан зүйлс л харсаар байх болно. Харин ашигтай хэрэгтэй талыг нь харж чадах юм бол бидэнд боломж байгаа. Гол нь цагаа зөв зохицуулж, зөвхөн хэрэгтэй үедээ ашиглах, үр хүүхэд, дүү нартаа муу талыг нь хэлж ойлгуулахаас гадна сайн талыг нь ч хэлж ойлгуулах. Аливаа хүнд “болохгүй” хэмээн хэлбэл зөрүүдлэх гэдэг байгалиас заяасан чанар бага ч гэсэн байдаг болохоор сайн талыг нь зөв ойлгуулж чадвал бас аюултай зүйлтэй орооцолдох эрсдэл нь ч багасна гэж бодож байна.

Сүүлийн үед Монголд “Монгол ЧАТ” эрчээ авч байгаа. Маш олон хүмүүс үндэсний цахим сүлжээгээ дэмжиж тус аппликэйшнийг татан авч байна. Мэдээж, энэ байгууллагын гол зорилго нь ялгаагүй л хүмүүсийг холбох. Гэхдээ хүн болгоны дунд яг фэйсбүүк шиг “дэмий зүйл болон хувирахвий” гэсэн нууцхан айдас байгаа. Харин тэрхүү айдсыг үгүй хийх талаар мэдээлэл технологийн мэргэжилтнүүд маань хичээн ажиллаж байх шиг харагдсан. Учир нь тус аппликэйшний гол давуу тал нь бидний хувийн мэдээллийг алдагдуулахгүйн үүднээс хаана ч мэдээлэл хадгалдаггүй гэж байгаа. Хэрвээ энэ үнэн бол Монгол инженерүүдийн маань ачаар бидний цахим орчин дахь хүсэл биеллээ олох нь байна шүү дээ.

Бэлтгэсэн: О.Ми

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here