Хийн хоолойг Монголоор дамжуулах асуудлын эргэн тойронд

0
27

ОХУ-аас БХНАУ руу байгалийн хийн хоолой дамжуулах асуудал хэвлэл мэдээллийнхний дунд өнөөдрийн онцлох сэдэв болоод байгаа. Тэгвэл манай сайтаас энэхүү асуудлын голлох мэдээлэл болон тус асуудлыг тойрсон онцлох жиргээний хамт хүргэхээр бэлтгэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оноос хойш Зүүн Азийн нэгдсэн эрчим хүчний сүлжээг байгуулах талаар ярьж байгаа билээ. Тиймдээ ч ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий дамжуулах хоолойг Монголоор дамжуулах талаар хэд хэдэн удаа саналаа илэрхийлсэн. Тэгвэл энэ асуудлыг ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өнгөрсөн долоо хоногт болсон айлчлалынхаа үеэр дэмжиж байгаагаа илэрхийлсэн бол энэ асуудлын талаар судлахыг “Газпром” компаний захирал Алексей Миллерт өчигдөр үүрэг болгосон юм.

Өмнө нь Монголын талаас энэ саналыг дурдаж байхад манай хоёр хөршийн аль аль тал нь тоож байгаагүй байна. ОХУ-ын шинжээчид “Монголоор дамжуулан хийн хоолой тавих нь эдийн засгийн хувьд ашиггүй. Монголын хүн ам цөөн тул хэрэглэгч бага. Мөн гадаад улс орноор дамжуулахад эрсдэлтэй, ямар нэг улс төрийн маргаан гарахад Монголд л ашигтай болно” гэж  ч эсэргүүцэж байсан ажээ. Гэсэн ч тус эсэргүүцлийг үл тоон В.Путин жилийн өмнөх ОХУ, БНХАУ, Монголын тэргүүдийн уулзалт дээр “Монголчууд байгалийн хийн хоолойг нутгаараа дамжуулах санал тавьсан. Бид дэмжиж байгаа. Гэхдээ техник-эдийн засгийн судалгаа хийх шаардлагатай” хэмээн хэлж байсан юм.

Түүнчлэн 2018 оны наймдугаар сарын 24-нд Орос, Монгол, Хятад гурван улсын байгалийн хийн хоолойн төслийн хамтын ажиллагааны гэрээ байгуулах ёслол болсон [1]. Гэвч өдийг хүртэл хэрэгжээгүй л байгаа. Харин өнгөрсөн долоо хоногт Владивосток хотод болсон Дорнын эдийн засгийн форумын үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч, БНХАУ-ын тэргүүн нарт Монголоор дамжуулан хийн хоолой тавих асуудлыг судална, дэмжинэ гэж амласан нь ОХУ-ын Ерөнхийлөгчийн сэтгэлд их л нийцсэн бололтой. Тийм учраас л Миллерийн “Алс Дорнодын Сахалинаас хоолой татах хувилбар байгаа” гэдгийг үл тоон Монголоор дамжуулах асуудлыг судлахыг даалгасан байх.

Pipeline in industrial district

Зарим хүмүүсийн хувьд хоолой барих үйл явц бараг дуусч байгаа бөгөөд 12-р сард ашиглалтанд орох учраас Монголоор дамжих ямар ч боломжгүй хэмээн үзээд байгаа юм. Тэгвэл энэ талаар эрчим хүчний эксперт, доктор Г.Ёндонгомбо, ““Сила Сибири” хоолойтой андуураад байх шиг байна. Иркутск, Красноярск, Ямала гээд тэдний ярьдагаар Баруун чиглэлийг Казахстан, Монголын заагаар явуулах юм яригдаад байсан шүү дээ. Түүнийг л Монголоор дайруулах боломжийг авч үз гэсэн үүрэг өгнө лээ. Өнөө маргаашдаа бүтэхгүй. Судалгааны үр дүнг харна. Гэхдээ Казахстан, Монголын заагаар явуулах хувилбараас ядаж трассын хувьд сайн гэдгийг л хэлж чадах байна” хэмээн shuud.mn-д мэдээлсэн байна.

Хийн хоолойг дамжуулах нь Монголын талд хэр ашигтай вэ?

Энэхүү хий дамжуулах хоолой суурилуулах нь Монголд хэр ашигтай байж болох талаар асуухад “Veta” группийн удирдах зөвлөлийн гишүүн Илья Жарский “Мэдээж Монгол Улс дамжин өнгөрөх орон болсноор дамжин өнгөрөх төлбөрөөс ашиг олж, Оросын хийг шууд худалдан авах боломж бүрдэнэ” хэмээн хэлж байсан байна[1].

Мөн Коммерсантъ сонины тоймч Юрий Барсуков:

“Нэгдүгээрт, Бээжин рүү хий нийлүүлэх тохиолдолд Монголын нутгаар дамжуулвал туулах зам 1 мянган км-ээр дөт байна. Хоёрдугаарт, өндөр уулсаар биш харин Монголын тэгш талаар хийн хоолойг дайруулвал өртөг багасна. Гуравдугаарт, Оросын нутаг дэвсгэр дээр хийн хоолой Ямалаас Томск хүртэл, дараа нь Красноярск, Эрхүү, Улаан-Үд рүү хүрэх бөгөөд өөрөөр хэлбэл Дорнод Сибирийн томоохон хотууд, үүний араас Монголын Улаанбаатарыг хийгээр хангах боломжтой болно. Ингэснээр Баруун Сибир, Ямалын хийг Европ болон Хятад, Алс Дорнод руу нийлүүлснээр хийн хангамжийн нэгдсэн систем утгаараа бий болох юм” гэж байжээ [1].

Гэхдээ бид юуг анхаарах ёстой вэ?

Мэдээж хийн хоолойг агаар дээр суурилуулах боломжгүй учир газар ухаж суурилуулах нь тодорхой. Тэгэхээр байгаль орчны асуудал маш ихээр хөндөгдөх болно. Өмнө нь “Газпром” 2015 онд Баруун Сибириэс Хятадад “Сибирийн хүч 2” баруун шугамаар хий нийлүүлэх гэрээ байгуулж байсан. Гэвч “Сибирийн хүч 2” шугам нь Алтайн БНУ-ын дархан цаазат газраар дайрах тул байгаль хамгаалагчдын ширүүн эсэргүүцэлтэй тулгарч байжээ. Монголд ч гэсэн Дорнодоор орж ирэх үед Монголын байгалийн асуудал заавал хөндөгдөж л таарна. Адаглаад Дорнод бол Монголын ашигт малтмалын нөр их нөөцтэй газар тул судалгаа шинжилгээг сайтар хийх шаардлагатай. Тиймээс дамжуулах гэж яархаасаа өмнө дамжуулах тал дээрх бэлтгэлээ сайтар хийх нь чухал.

Бэлтгэсэн: О.Ми

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here