🎧 “Apple” шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцууллаа

0
35

Технологийн салбарын манлайлагчдын нэг “Apple”-ын шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцуулдаг “Apple Event” арга хэмжээ, өнөөдөр боллоо. Энэхүү арга хэмжээ нь жил бүр уламжлал болгон зохион байгуулддаг бөгөөд энэ удаад шинэ загварын “iPhone 11”, “Apple Watch”, “iPad” төхөөрөмжүүд болон “Apple TV+”, “Apple Arcade” бүтээгдэхүүнүүдээ танилцуулсан юм.

Уламжлал ёсоор “Apple”-ын Гүйцэтгэх захирал Тим Күүк шинэ загваруудаа танилцуулж, нийт гурван өөр сонголттойгоор худалдаанд гарахаар бэлтгэж байгааг хэллээ. “iPhone 11” загварын хувьд ялгагдах гол онцлог нь тус загварын камерийн үзүүлэлт бөгөөд өндөр хүчин чадал, цэнэгээ барих чадвараараа ч давуу талтай юм байна. Камерийн хувьд өмнөх загваруудтайгаа харьцуулах илүү өндөр нягтаршил, өргөн хүрээгээр зураг авах боломжтой болсон ажээ.

Мөн тус арга хэмжээний үеэр “iPhone 11”-г өмнөх загваруудаасаа 50 ам.доллараар хямд зарагдаж эхлэнэ гэдигийг ч онцолсон юм. Тухайлбал, “iPhone 11”-699 ам.доллар, “iPhone 11 Pro”-999 ам.доллар, “iPhone Pro 11 Max”-1.099 ам.доллараар тус тус худалдаалагдах аж.

“iPhone 11” болон “iPhone 11 Pro” нь 5,8 инчийн өндөр нягтшил бүхий “OLED” дэлгэцтэй бол “iPhone Pro 11 Max”-ын хувьд илүү өргөн буюу 6,5 инчийн ижил дэлгэцтэй байх юм байна. Өнгөний сонголтын хувьд ногоон, саарал, мөнгөлөг, алтан гэсэн дөрвөн өнгөний сонголттойгоор худалдаанд гарахаар болжээ.

Энэхүү шинэ загварын гол онцлог болох камер нь хамгийн сүүлийн үеийн технологид суурилсан мэдрэгч бүхий гурвалсан дурантай, өмнөх загваруудтай харьцуулахад 40 хувиар илүү гэрэл өгөх, өргөн өнцөг, 120 градусын харах хүрээ бүхий гэдгээрээ илүү давуу талтай юм . Энэ нь секундэд 30 фреймээр “4K” нягтшилтай бичлэг хийх боломжийг олгоно. Түүнчлэн тус утаснууд өмнөх загваруудаа бодвол дунджаар 4 цагаар илүү удаан цэнэгээ барьдаг байна.

Тус шинэ загваруудыг орон нутгийн цагаар ирэх баасан гаригийн өглөөний таван цагаас эхлэн урьдчилан захиалж эхлэх боломжтой аж. Харин тээвэрлэлтийн хувьд есдүгээр сарын 20-оос эхлэх хуваарьтай байгаа юм байна.

Сүүлийн үед “Apple”-н хэрэглэгчдийн хувьд хамгийн их хүлээлт үүсгээд байсан зүйл бол мэдээж “iOS 13” үйлдлийн систем байсан билээ. Тэгвэл тус арга хэмжээний үеэр тэрхүү үйлдлийн системийн тухай дурдахаа ч мартаагүй бөгөөд есдүгээр сарын 16-аас эхлэн “iPhone 6S”-ээс хойших бүх загварын ухаалаг төхөөрөмжүүдэд сууж эхлэнэ хэмээн мэдэгдсэн юм.

Арга хэмжээний үеэр танилцуулагдсан бас нэгэн онцлог төхөөрөмж бол “Apple Watch” байлаа. Тус цаг нь нийт 18 цагийн турш цэнэгээ барих чадвартай, “OLED” дэлгэцтэй, “V үе”-д тооцогдох ажээ. Харин тус цагийг 399 ам.доллараар худалдаанд гарахаар төлөвлөж байгаа юм байна.

Энэ жилийн “Apple Event”-н үеэр хэрэглэгчиддээ зориулж нэгэн гэнэтийн бэлэг барьсан нь 10,2 инчийн дэлгэц бүхий “VII үеийн” шинэ “iPad” төхөөрөмж байлаа. Шинэ “iPad”-г 329 ам.доллараар худалдаалагдах ажээ.

7-р үеийн iPad

Үйлчилгээнүүдийн хувьд “Apple TV+”, “Apple Arcade” нь тус бүрдээ сарын хураамж нь 4,99 ам.доллар байх юм байна. Уг үйлчилгээнүүд нь “Disney+” болон “Google”-ын “Stadia” зэрэг ижил төрлийн үйлчилгээнүүдтэй өрсөлдөх зорилготой ажээ.

Apple Arcade

Apple TV+

Арга хэмжээний хураангуйг дараах бичлэгээс үзэх боломжтой.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here