ӨДӨРТ 5 МИНУТ: Нийслэлийн хүүхдийн холбооны тэргүүн А.Амаржин

0
103

Та өдөрт 5 минутыг өөртөө зориулдаг уу? Тэгвэл өөр нэг 5 минутыг “ЭХ ОРОН”-доо зориулж чаддаг уу? Шууд тийм гэж хэлэх хүн бага байх. Мэдээж хүн болгонд “эх орондоо хэрэгтэй хүн байх” гэсэн нууцхан бодол байдаг гэж найдаж байна. Гэхдээ хэрхэн биелүүлэхээ мэдэхгүй байна уу? Тэгвэл манай сайтын зүгээс эх орондоо 5 минутыг зориулж чаддаг хүмүүсийн туршлага, санаа бодлоос та бүхэнтэйгээ цуврал болгон хуваалцаж байна. 5 минутыг зарцуулж уншаад, 5 минутыг эх орондоо зориулж эхэлцгээе! 🙂

Манай 3 дахь дугаарын зочноор нийгмийн асар их ивэвхитэй, урам зоригтой, үлгэр жишээ сурагч, Нийслэлийн хүүхдийн холбооны тэргүүн оролцлоо.

  1. Бидний урилгыг хүлээн авч, ярилцсанд баярлалаа. Хамгийн түрүүнд өөрийгөө танилцуулна уу.

Намайг А.Амаржин гэдэг Нийслэлийн Баянзүрх дүүргийн 33-р сургуулийн 11е ангийн сурагч, одоо 17 настай

  1. Нийгэмд тулгамдаад байгаа асуудлыг юу гэж боддог вэ?

Нийгэмд олон асуудлууд үргэлж тулгарч байдаг. Ихэнх хүмүүс мэдээд шүүмжилэхээс өөр юү ч хийдэггүй. Цөөхөн хүмүүс л өөрчлөлтийг эхлүүлэхийг зорьдог. Махатма Ганди Дэлхий ертөнцийг өөрчлөхийг хүсвэл тэрхүү өөрчлөлтөө өөрөөсөө эхэл гэж хэлсэн байдаг шүү дээ яг үүнтэй адил.

Жишээ нь: Хог түүж цэвэрлэсэн талаараа цахим орчинд хуваалцвал хүмүүс магтаад лайк дардаг хэрнээ би ч бас санаачлага гаргая гэж боддоггүй нь ажиглагддаг.

Улаанбаатар хотын иргэн бүр шуудай хог түүхэд л Бидний Хот хоггүй болох боломжтой шүү дээ хэхэ

  1. Монгол Улсын иргэний хувьд үүргээ биелүүлэн, эх орондоо зориулж “өдөрт 5 минут”-ыг зарцуулж чаддаг уу? Хэрвээ чаддаг бол яг юу хийдэг вэ?(Бусдад үлгэр жишээ болохуйц, өдөр тутамдаа эх орондоо зориулж хийж хэвшүүлсэн дадал)

Чаддаг гэж бодож байна. Би өдөр бүр их алхдаг. Алхах зуураа нүдэнд харагдсан хог, цогтой тамхины иш болгоныг түүгээд хогийн саванд хаячихдаг. Хэрвээ түүсэн хогоо хийх газар байхгүй бол уутанд хийгээд л авч явж байгаад хаячихдаг. Зөрж өнгөрсөн хүмүүс их муухайгаар гайхаж хардаг би төдийлөн анхаардаггүй. Тэр бүх хогийг цэвэрлэхийн тулд ямар олон хүн цаг наргүй багахан цалингийн төлөө ажилдагийг хүмүүс ойлгоддоггүй.

  1. Бусад залуус, дүү нартаа хандаж хэлэх үг? (Өөрийн 5 минутын дадалтайгаа холбоотой уриалга байвал илүү сайн  🙂 )

Эх оронч хүн гэж “Би Монгол хүн” гэж цээжээ дэлдсэн нэгэн эсвэл цэрэг цагдаа төрийн зүтгэлтэн, дээл өмсөн, аймар аймар хас тэмдэг зүүсэн газрын зураг шивүүлсэн хүмүүсийг хэлдэггүй юм шүү хэхэ

Харин Өдөр тутамдаа өөрийн чадах бяцхан ч гэсэн хувь нэмрээ улсдаа оруулж байгаа бүтээлч, хөдөлмөрч хүнийг хэлдэг юм. Хог байвал аваад хаячихдаг, монголд үйлдвэрлэсэн зүйлсийг худалдаж авахийг хичээдэг, оноогдсон ажил үүргээ биелүүлж чаддаг хүнийг хэлдэг юм.

Бидэнд зориулан өөрийн 5 минутыг зориулсан танд баярлалаа. Сурлага, хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсэн ерөөе🙂

Уншигч та бүхэндээ ч гэсэн ажил, хөдөлмөрийн өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе! 5 минутыг өөртөө, 5 минутыг эх орондоо зарцуулж хэвшцгээе 🙂

(Өмнөх дугаарын зочин СтартАп – Пүрэвсүрэнгийн ярилцлагыг эндээс уншина уу)

(Өмнөх дугаарын зочин М.Мөнх-Оргилийн ярилцлагыг эндээс уншина уу)

Бэлтгэсэн: О.Ми