Монголчууд Оюу Толгойн 50+1 хувийг эзэмших боломжтой юу

0
42

УИХ-ын чуулганаар Оюутолгойн гэрээний хэрэгжилтийг шалгасан ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцэхээр төлөвлөөд байгаа билээ. Тодруулбал, УИХ-н хуваарийн дагуу “Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж, санал дүгнэлт, тогтоолын төсөл гаргах үүрэг бүхий” УИХ-ын ажлын хэсгийн ажлын тайлан, үүнтэй холбогдуулан Улсын Их Хурлаас гаргах шийдвэрийн төслийг маргааш хэлэлцэхээр төлөвлөөд байгаа.

Тус уурхай нь 2013 оноос эхлэн үйл ажиллагаагаа эрчимжүүлж зэс болон алт олборлож эхэлсэн бөгөөд энэ хугацаанд “Рио Тинто” компани өөрсдийн өсөлтийн хамгийн чухал төсөл болох Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтад 6-8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг хийж байжээ. Гэтэл өнгөрсөн 5-р сард Монгол Улсын Засгийн газар уг гэрээний хэрэгжилтийг шалгаж, санал дүгнэлт гаргах парламентын есөн гишүүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг дүгнэлтээ танилцуулсан ба тус дүгнэлтээд Монголын хууль заалтыг зөрчсөн хэд хэдэн зөрчил байсныг олж илрүүлсэн билээ.

Тиймээс тус зөрчлийг арилгах, Монголын хууль дүрэмд нийцүүлэх тогтоолын төсөл боловсруулахаар УИХ-ын гишүүн Б.Баттөмөр ахлагчтай, УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Т.Аюурсайхан, М.Оюунчимэг нарын 10 гаруй гишүүнээс бүрдсэн ажлын хэсэг ажиллаж эхэлсэн. Харин энэ ажлын хэсгийн дүгнэлтийг маргааш УИХ-н чуулганаар хэлэлцэхээр товлоод байгаа.

Уг нь өнгөрсөн 8-р сард ажлын хэсгийн дүгнэлт гарч, багийн ахлагч УИХ-ын гишүүн Б.Баттөмөр “Ажлын хэсгээс 20 гаруй төрлийн шийдвэр гарсан. Тухайлбал, Оюутолгойн гэрээний монголын талд ашиггүй заалтуудыг дахин авч хэлэлцэх, Дубайн гэрээг цуцал гэсэн шийдвэр гарсан. Дубайн гэрээг сайжруулж, монголын талд ашигтай байдлаар өөрчлөх шаардлага байна” хэмээн мэджээлж байсан юм. Гэвч Үндсэн Хуулийн асуудлаас болоод хойшилон маргааш хэлэцэх гэж байгаа нь энэ ажээ.

Дубайн гэрээг  2015 онд Монгол Улсын Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, “Рио Тинто” группийн Гүйцэтгэх захирал Жан-Себастьян Жакийг тус компанийн зэсийн бизнес хариуцсан захирал байх үед хийсэн байдаг ажээ. Энэ нь Монголчуудын дунд Дубайн гэрээ гэж алдаршсан бөгөөд тус гэрээ ёсоор Оюу Толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилт 5,3 тэрбум ам.доллар байхаар тусгагдсан. Гэвч УИХ-с байгуулсан ажлын хэсгийнхний дүгнэлтээр энэхүү гэрээ нь харилцан ашигтай байдлыг зөрчиж, Монголыг шулсан заалттай гэсэн дүгнэлт гарсан байна.

Мөн саяхан Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөлд УИХ-ын нэр бүхий 20 гишүүн  “Стратегийн ордын 50-аас дээш хувь нь ард түмний мэдэлд, төрийн эзэмшилд байна” гэсэн томьёоллыг оруулах саналыг ажлын хэсэгт гаргасныг ТББХ хэлэлцэж  “Стратегийн орд, байгалийн баялгийг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх заалтад нийцүүлэн түүний үр өгөөжийг  дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрхзүйн үндсийг хуулиар тогтооно” гэж найруулж дэмжээд байгаа билээ. Тэгвэл тус хуулийн төслийг ард түмний санал асуулгаар шийдхээр болсон.

Хэрэв Үндсэн хуулийн энэ нэмэлт өөрчлөлт энэ хэвээр батлагдвал Оюутолгой  стратегийн орд учраас  50+1 гэсэн эзэмшлийн асуудал яригдана гэсэн үг. Харин анхны  гэрээнүүдэд  ямар нэг үг үсгийн өөрчлөлт оруулах  асуудлаар хэлэлцээрийн ширээний ард  хэзээ ч суухгүй гэх байр суурь илэрхийлээд байгаа Рио Тинто энэ талаар ямар хариу үйлдэл үзүүлэх нь тодорхойгүй байна.

Бэлтгэсэн: О.Ми