ОУВС: Монгол Улс эдийн засгийн хүндрэлээс эргэн сэргэж байна

0
29

Энэ жил Монгол Улсад банкны салбар үүсч хөгжсөний 95 жилийн ой тохиож байгаа билээ. Банкны салбар гэдэг бол Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн чухал субъектуудын нэг. Тэгвэл үүнтэй уялдуулан 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Монгол Банкны зүгээс Монгоны бодлогын шийдвэрээ танилцуулж, мөн “Төлбөрийн тэнцэл ба гадаад өр” сэдэвт онол практикийн бага хурлыг зохион байгуулсан юм.

Мөнгөний бодлогын шийдвэр нь мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцооны харилцан үнэлгээний үзүүлэлтүүдийг ахиулах, гадаад өр төлбөрийг шийдэх, төв банкны гадаад өрийг бууруулж, Монгол Улсын гадаад валютын цэвэр нөөцийг үргэлжлүүлэн нэмэх гэх мэт бодлогуудыг баримтлах тухай бөгөөд УИХ-д өргөн барихад бэлэн болоод байгаа юм байна. Түүнчлэн онол практикийн бага хурлын үеэр тус асуудлуудын талаар хэлэлцсэн бөгөөд 80 гаруй эрдэмтэн төлөөлөгчдийн судлгаа, шинжилгээний үр дүнг сонссон ажээ. Энэ нь Монголын банк санхүүгийн салбарт төдийгүй эдийн засагт чухал нөлөөтэй байх юм байна.

Түүнчлэн Монголын  банкны салбарын актив энэ оны хоёрдугаар улиралд өмнөх оны мөн үеэс 15 хувиар өсөж, 34.7 их наяд төгрөгт хүрээд байгаа нь Монголын банкны салбарын түүхэн дэхь бас нэгэн ерэг үзүүлэлт юм. Тэгвэл Монгол Улсын банк санхүүгийн салбарын хөгжлийн тухай ОУВС, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкны Монгол дахь төлөөллүүд өөрсдийн байр сууриа дараах байдлаар илэрхийлсэн байна.

Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмен, “Банкны болон санхүүгийн тогтвортой байдлыг хадгална гэдэг маш чухал. Банкны зээл өснө гэдэг нь нийт эрэлтээр дамжуулж эдийн засагт эерэг нөлөө үзүүлдэг. Гэхдээ хэт өсөж, стандарт хэмжээнээс давах юм бол зээл нь эдийн засагт тогтворгүй байдлыг бий болгодог. Тиймээс олон улсын стандартыг мөрдөж, бусдаас сургамж авч ажиллах нь зүйтэй. Санхүүгийн харьцаануудыг санамсаргүйгээр тодорхойлдоггүй бөгөөд ихээхэн тооцоо, шинжилгээн дээр үндэслэж тогтоодог. Тиймээс хэрэглээний зээл хэт өсөж, дунд болон урт хугацаанд асуудал үүсгэхгүй байх нь чухал. Төв банкны зүгээс зээлийн өсөлтийн түвшинг удирдлагадаа байлгаж, олон улсын зөвшөөрөгдсөн арга хэмжээнүүдийг авч байгаа нь зүйтэй юм” гэжээ.

Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Жяан Паскал Нганоу, “Активын чанарын үнэлгээ нь үнэндээ Монголын банкны салбарт эргэлтийн цэг байсан гэж хэлж болохоор байгаа юм. Үнэлгээний үр дүн бусад орнуудтай харьцуулахад харьцангуй сайн гарсан нь эерэг мэдээ байсан. Тухайлбал, 1998 оны Азийн санхүүгийн хямралын үед Азийн орнуудын хийсэн AQR-ын үр дүн тийм ч сайн байгаагүй. Үнэлгээний үр дүнгээр банкуудын өөрийн хөрөнгийн дутагдал 2017 оны эцсийн байдлаар ДНБ-ий 1.9 хувьтай гарсан. Засгийн газар болон Төв банкнаас өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлснээс хойш эдийн засгийн сэргэлт хурдтай явагдсан нь банкны салбарт нэлээд эерэг нөлөө үзүүллээ. Мөн хууль эрх зүйн орчинд нэлээд дорвитой шинэчлэл хийгдэж, банкны тухай болон төв банкны тухай хуулиуд засаглалын олон улсын стандартын дагуу шинэчлэгдээд байна. Гэвч сайжруулах шаардлагатай зүйлүүд байсаар байна” хэмээв.

ОУВС-гийн суурин төлөөлөгч Нэйл Сакер, “Санхүүгийн салбар бол эдийн засгийг дэмжиж байх ёстой маш чухал салбарын нэг. Энэ салбарыг бэхжүүлэх нь ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн гол цөм юм. Арилжааны банкууд зөв зохистой хяналт шалгалттай, хангалттай хэмжээний өөрийн хөрөнгөтэй, эдийн засгийг дэмжих шаардлагатай зээлийн эх үүсвэрийг зах зээлд нийлүүлэх чадвартай, жижиг, дунд, шинээр үүсэж байгаа болон эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмждэг, зүйд нийцэх хэмжээний зээлийн хүүтэй байх ёстой. Өмнө нь арилжааны банкууд бараг зээл гаргахгүй, Засгийн газрын 18%-ийн хүүтэй үнэт цаасыг худалдаж авчихаад хий ашиг хийгээд сууж байсан бол Монголбанкны зүгээс тодорхой шаардлага тавьж эхэлсэн. Активын чанарын үнэлгээ (АЧҮ) гэдэг бол санхүүгийн салбарыг эрүүлжүүлэх цогц хөтөлбөрийн эхний алхам байв”[1] гэж дүгнэсэн байна.

Мөн нэмэлт мэдээлэл хүргэхэд, ОУВС-с 2018 онд Монгол Улсын төсвийн тэнцэл ашигтай гарч эхлэн, 2019 оны эхний хагас жилд эдийн засгийн өсөлт 8.6 хувьд хүрч, эдийн засгийн хүндрэлээс эргэн сэргэж байгаа тухай мэдээлсэн нь Монголын эдийн засгийн хувьд ч эерэг мэдээлэл байлаа. Түүнчлэн тус байгууллагын мэргэжилтнүүдийн зүгээс Монгол Улс “ногоон эдийн засаг”-ийн өсөлтийг дэмжхийг зөвлөж, “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд хийгдэж буй зургаа дахь шатны үнэлгээг дуусгахын тулд хийж буй санхүүгийн салбарын реформыг гүйцээхийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна.

Бэлтгэсэн: О.Ми