Хятадын шинэ МЕГА нисэх онгоцны буудал өнөөдөр анхны нислэгээ эхлүүлнэ

0
61

БНХАУ өнөөдөр Бээжингийн өмнөд хэсэгт байрлах шинэ нисэх онгоцны буудлынхаа нээлтийг хийх гэж байна. Дэлхийд хэмжээгээрээ хоёрт орох энэхүү нисэх буудал нь БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойн өмнө нээлтээ хийж буйгаараа онцлог ажээ.

Тус Бээжин-Дачингийн олон улсын нисэх онгоцны буудал анхны арилжааны нислэгээ 9-р сарын 20-ны өдөр буюу өнөөдөр, нээлтийнхээ дараагаар эхлүүлнэ гэж Хятадын мэдээллийн агентлагууд мэдээлсэн байна. Түүнчлэн Хятад улс дэлхийн хамгийн том онгоц болох “Airbus A380” онгоцыг тус нисэх онгоцны буудалдаа байршуулахаар төлөвлөж байгаа ажээ.

Талийгаач архитектор Заха Хадид ба түүний хятад түншүүдийн бүтээсэн олон сая долларын үнэтэй тус шинэ буудал нь дөрвөн нислэгийн зурвастай, 97 хөл бөмбөгийн талбайтай тэнцэхүйц хэмжээний терминалтайгаас гадна аялагчдыг нислэгийн мэдээ, нисэх онгоцны буудлын талаарх мэдээллээр хангах зориулалттай үйлчилгээний роботуудтай байх гэнэ.

11.5 тэрбум долларын өртөгтэй энэ төслийн ажил 2014 онд эхэлсэн бөгөөд үүнд 40,000 гаруй ажилчид ажиллаж байгаа ажээ. Мөн нисэх буудлын удирдлагууд аюулгүйн шалган нэвтрүүлэх цэгүүд болон хамгийн алслагдсан хаалганы хоорондын зайг 600-650 метрээс хэтрүүлэлгүй байлгаж, үйлчлүүлэгчийг хамгийн ихдээ 8 минут алхдаг байлгахаар төлөвлөж байгаа юм байна.

Бээжин бол өөрөө маш том дамжин өнгөрүүлэгч хотуудын нэг билээ. Тиймээс ч одоогийн Бээжингийн олон улсын нисэх онгоцны буудал нь бүрэн хүчин чадлаар ажиллаж байгаа юм. Түүнчлэн бүрэн хүчин чадлаараа ажиллах нь агаарын тээврийн компаниудад нислэгийн тоогоо нэмэхэд хүндрэл учруулдаг ажээ. Тиймээс ч энэхүү Бээжин-Дачингийн онгоцны буудлын ажлыг эхлүүсэн байна.

Сонирхуулахад 2018 онд Хятадын нисэх онгоцны буудлын гурван терминалаар дамжиж 100 сая гаруй аялагчид зорчсон нь АНУ-н Атлантагийн Hartsfield-Jackson нисэх онгоцны буудлын дараагаар, 100 сая давсан хөл хөдөлгөөнтэй дэлхийн хоёр дахь нисэх онгоцны буудал болж чаджээ. Тэгвэл Хятад улс 2022 он гэхэд агаарын аялал жуулчлалын зах зээлээр АНУ-ыг гүйцэх төлөвтэй байна.

Бээжин-Дачингийн онгоцны буудлын гадаад орчинг виртуалаар харахыг хүсвэл энд дарна уу

Эх сурвалж: CNN

Бэлтгэсэн: О.Ми