Ерөнхийлөгч Баттулгын БНЭУ дахь айлчлалын хүрээнд хийгдсэн зарим баримт бичгүүд

0
44

2009  онд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж анхны гадаад айлчлалаа Делигээс эхэлж байсан билээ. Үүнээс 10 жилийн дараа  Монгол Улсын төрийн тэргүүн БНЭУ-д  айлчлал хийж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, БНЭУ-ын Ерөнхийлөгч Нам Ратх Ковинд нарын уулзалтын дараа хоёр улсын Ерөнхийлөгч  нарыг байлцуулан зарим баримт бичигт гарын үсэг зурах ёслол Энэтхэгийн Ерөнхийлөгчийн ордонд  болсон юм. Уулзалтын үеэр талууд 1995.12.24-нд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойг ёслол төгөлдөр, үр дүнтэй тэмдэглэн өнгөрүүлэх хэргтэй хэмээн санал нэгдэв. Мөн сансар огторгуй, цахимжуулах ажил, кибер аюулгүй байдал зэрэг өсөн нэмэгдэж буй эдийн засгийн үр ашигтай салбаруудад хамтран ажиллах, одоогийн харилцааг өргөжүүлэх бүрэн боломжтой гэдэгтэй талууд нэгтэй байлаа.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН БНЭУ-Д ХИЙЖ БУЙ ТӨРИЙН АЙЛЧЛАЛЫН ХҮРЭЭНД ЗУРАГДСАН ЗАРИМ БАРИМТ БИЧГҮҮД:

  • Сансрын уудмыг энхийн зорилгоор судлах, ашиглах чиглэлээр хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт Монголын талаас Харилцаа, холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Чинбат, Энэтхэгийн талаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингх нар гарын үсэг зурлаа.

  • Соёлын солилцооны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг улсын Засгийн газар хоорондын 2019-2023 оны хөтөлбөрт Монголын талаас Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Энэтхэгийн талаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингх нар гарын үсэг зурав.
  • Гамшгаас хамгаалах, гамшгийн эрсдэлийг бууруулах салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Онцгой байдлын Ерөнхий газар, Бүгд Найрамдах Энэтхэг улсын Үндэсний онцгой байдлын газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт Монголын талаас Онцгой байдлын Ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал, Энэтхэгийн талаас тус улсын Үндэсний онцгой байдлын газрын Тамгын газрын гишүүн Ж.В.В.Сарма нар гарын үсэг зурлаа.

  • Малын эрүүл мэнд, сүү, сүүн бүтээгдэхүүний салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуйн яам, БНЭУ-ын Мал аж ахуй, сүү, сүүн бүтээгдэхүүн болон загас агнуурын яам хоорондын ажлын төлөвлөгөөнд Монголын талаас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Т.Жамбалцэрэн, Энэтхэгийн талаас Мал аж ахуй, сүү, сүүн бүтээгдэхүүн болон загас агнуурын яамны Мал аж ахуй, сүү, сүүн бүтээгдэхүүний газрын Нарийн бичгийн дарга Ш.А.Чатурвэди нар тус тус гарын үсэг зурлаа.

Түүнчлэн өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тус улсын мэдээллийн технологи, эрчим хүч, сансар судлал зэрэг байгууллагын ажилтай танилцаж, албаны хүмүүстэй уулзахаар Бенгалуру очсон ба Ерөнхийлөгчид Карнатака мужийн захирагч Важубхай Рубадхай бараалхаж, БНЭУ-д айлчилж хоёр улсын Стратегийн түншлэлийг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буйд талархал илэрхийлсэн байна.

Бенгалуру хот нь Энэтхэгийн төдийгүй АНУ-тай өрсөдөхүйц хэмжээний технологийн сургалттай ажээ. Тиймээс Ноён Важубхай Рубадхай бусад салбарт, ялангуяа мэдээллийн технологийн чиглэлээр Монгол Улсаас оюутнууд тус хотод суралцах боломжтой талаар бараалхах үедээ дурдсан юм. Харин Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга боловсролын харилцааны асуудлыг хөндөн ярьсанд талархал илэрхийлээд, айлчлалын үеэр мэдээллийн технологийн салбарт хамтран ажиллах асуудлаар яриа, хэлэлцээрт хүрсэн тул энэ чиглэлд хамтран ажиллахдаа таатай буйгаа илэрхийлсэн байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд Найрамдах Энэтхэг улсын Ерөнхийлөгч Рам Натх Ковиндын урилгаар 2019 оны 9 дүгээр сарын 19-д тус улс дахь айлчлалаа эхлүүлсэн билээ. Тэгвэл өнөөдөр буюу 2019 оны 9 дүгээр сарын 23-нд Монгол Улсын Ерөнхийлөгч тус улс дахь төрийн айлчлалаа өндөрлүүлэх юм байна.

Бэлтгэсэн: Г.Мягмарсоль