Сайжруулсан нүүрсний эргэн тойронд – ТОДРУУЛГА

0
41

Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолын дагуу түүхий нүүрсний хэрэглээг нийслэлийн хэмжээнд хориглож, Таван толгой түлш” ХХК-ийг байгуулан, нийслэлийн иргэдийг түлшээр хангахаар болсон билээ.  Тэгвэл Сайжруулсан түлшийг авахдаа “Сайн карт”-аа зөвхөн өөрийн оршин суугаа дүүрэгт байрлах түлш борлуулагч нарын гар утсанд суулгасан аппликшэнд уншуулж, 3 хүртэл тонн түлшний худалдан авалт хийх боломжтой аж. Гэхдээ тус карт нь төлбөрийн хэрэгсэл биш бөгөөд зөвхөн хянах зориулалттай юм.

Бид өмнөх “Шахмал түлшийг ЗАЙЛШГҮЙ хэрэглэх ШАЛТГААНУУД” нийтлэлээрээ та бүхэндээ хэр ашигтай талаар нь хүргэж байсан. Тэгвэл энэ удаад шахмал түлшний эргэн тойрон дахь асуудлуудыг багцлан хүргэж байна.

mminfo.mn сайт саяхан “Биднийг нүүрсний утаанд бус, химийн хорт хийнд хордох гэж байгааг Герман судлаач хэлээд өгчихөв үү дээ” хэмээх нийтлэлээрээ Германы судлаач Андре Шмит “манай Монголд үйлдвэрлэж байгаа шахмал түлшний үйлдвэртэй танилцсан. Чанарын хувьд тиймэрхүү санагдсан шүү. Барьцалдуулагч нь их цагаан юм билээ. Хятадаас оруулж ирдэг гэсэн. Үүнийг чанаржуулах хэрэгтэй” хэмээн “Coal Mongolia” олон улсын чуулганы үеэр хэлсэн талаар онцолжээ.

Тэгвэл манай сайт холбогдох албаны хүнээс нь энэ талаар тодруулахад, “Хятадаас оруулж ирдэг гэдэг бол ор үндэсгүй зүйл юм. Өмнө нь хэлж байсанчлан сайжруулсан нүүрсний 98% нь цэвэрлэсэн нүүрс, харин үлдсэн 2% нь бэхжүүлэгч. Үйлдвэрлэлийн явцад эрчим хүчний нүүрсээ барьцалдуулах зорилгоор SB маркийн органик холбогч бодисыг хольдог. Барьцалдуулагчийг мэргэжлийн хяналтын газраар баталгаажуулж, БНСУ-с оруулж ирсэн байгаа” гэсэн хариултыг өгч байсан юм.

medee.mn сайтад тодруулснаар Сүхбаатар дүүргийн IX хорооны иргэд, “Түлшийг хэрэглэж буй иргэд “Энэ түлш асахын хувьд маш юм аа. Нэг дутагдалтай тал нь шахмал түлш хоёр цагийн дотор бүрэн шатаж дуусч байна. Цогон дээр нь түлэх боломж байхгүй учир заавал мод түлэх шаардлага гардаг. Тиймээс модны хэрэглээ маш их нэмэгдэх нь. Энэ хэрээр модны үнэ нэмэгдэж 2500-3500, 3500-5000 боллоо. Ер нь иргэдэд хямд тусч байгаа зүйл байхгүй байна. Мөн иргэд гурван тонн шахмал түлшээр өвөлжиж чадахгүй нь. Одоо нэмэх хэмтэй байхад хоёр цаг дулаанаа барьж байгаа юм чинь хасах хэмтэй өдрүүд эхлэхээр хэцүүдэх нь. Үйлдвэрлэж байгаа хүмүүс нь барьцалдуулах бодисоо бага хийгээд нүүрсээ ахиу хийж өгвөл дээр юм болов уу гэж бодож байна. Түүхий нүүрс 4-5 цаг дулаанаа барьдаг” гэжээ.

Харин энэ талаар манай сайт “Тавантолгой түлш” компанийн  ахлах зөвлөх, доктор, профессор Г.Бадамхатан-с тодруулахад:

“Илчлэг багатай гэдэг нь оргүй зүйл юм. Учир нь судалгааны явцад түүхий нүүрс нь ойролцоогоор 35000С-н дулаан ялгаруулж байхад сайжруулсан түлш нь доод тал 52000С-н хэмийн дулаан ялгаруулдаг нь батлагдсан. Мөн үнсний хувьд шатаж дуусах хүртлээ хэвээ алддаггүй учраас их үнс гардаг юм шиг харагддаг боловч, шатаж дууссаных нь дараа бутлаад, доош үнснийх нь сав руу буулгахад ердийн нүүрснээс ч бага үнс гарна. Судалгаагаар ч гэсэн жигнээд үзэхэд батлагдсан байгаа. Харин барьцалдуулагчийн хувьд хамгийн багаар буюу түлшний 2%-д нь л орж байгаа. Мөн энэхүү барьцалдуулагч бодис нь өөрөө ургамлын гаралтай, нано технологийнх учраас аливаа хор нөлөөгүй. Аан шохойн чулуу бол одоохондоо нүүрсний орц, найрлагад ороогүй байгаа. Хэрвээ нэмэх юм бол хүхэр нь бага ялгарах давуу талтай.” хэмээн бидэнд мэдээлсэн юм.

Улаанбаатар хотод 220 мянган айл жилд нэг сая 200 мянган тн түүхий нүүрс шатааж байна. Дээр нь 3000 нам даралтын зуух байна. Эдгээр зуух Улаанбаатар хотын утааны 90 хувийг “үйлдвэрлэж” байгаа.  Жилд нэг сая 200 мянган тн түүхий нүүрс түлдэг байсан бол сайжруулсан шахмал түлш 600 мянган тн-ыг түлнэ. Тоон харьцуулалтаас харахад агаарын бохирдол 50 орчим хувиар багасахаар байгаа” гэж мэдэгдсэн. Энэ өдрөөс хойш нийслэлчүүд, нийгэм тэр чигээрээ энэ өвөл хотын утаа 50 хувиар багасна гээд итгэчихсэн хүлээж байна. Ерөнхий сайд ч үүнээс хойш хэд хэдэн удаа “…Хотын утаа 50 хувиар багасна” гэж ярьсан. Тиймээс найдаад хүлээж л байя. Бид ч гэсэн энэ талаарх мэдээллүүдийг цаг алдалгүй тодруулан хүргэхийг хичээх болно.

Бэлтгэсэн: О.Ми