МИАТ ХК АНУ-руу ШУУД НИСЛЭГ үйлдэх чадалтай ВОEING 787-9 ОНГОЦ түрээслэхээр боллоо

0
8

Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ төрийн өмчит ХК АНУ-ын Air Lease Corporation компаниас В787-9 DREAMLINER агаарын хөлгийг үйл ажиллагааны түрээсээр авч ашиглах түрээсийн гэрээ хийжээ. Түрээсийн гэрээг МИАТ компанийн Гүйцэтгэх захирал Д.Баттөр, Air Lease Corporation компанийн Дэд захирал Jie Chen нар гарын үсэг зурлаа.

МИАТ компани ойрын үед АНУ руу шууд нислэг үйлдэх төлөвлөгөөтэй бөгөөд 14140 км зайд зогсолтгүй нисэх хүчин чадал бүхий уг агаарын хөлгийг 2021 оноос нислэг үйлдвэрлэлдээ ашиглах юм байна.

В787-9 агаарын хөлгийн үзүүлэлт:

  • В787-9 агаарын хөлөг нь өргөн биетэй, 14410 км-ын зогсолтгүй нисэх техникийн боломжтой.
  • 313 зорчигчийн суудалтай /16 бизнес, 21 примиум, 276 энгийн суудалтай/
  • В767 маягийн агаарын хөлөгтэй харьцуулахад түлшний зарцуулалт 20 гаруй хувиар бага
  • Нүүрстөрөгчийн хийн зарцуулалт бага тул байгальд ээлтэй
  • Техник эдийн засгийн үр ашигтай
  • Агаарын хөлгийн нислэгийн удирдлагын системд электрон системийг өргөн нэвтрүүлж, далавчны аэродинамикийг сайжруулан хөдөлгүүрээс гарах дуу чимээг багасгаснаар зорчигчдод тав тухтай болсон
  • 2011 онд агаарын тээврийн зорчигч үйлчилгээнд нэвтэрсэн үеэс хойш нислэгийн аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлыг бүрэн хангасан агаарын хөлөг болохоо баталсан.
  • 2019 оны зургаадугаар сарын байдлаар зах зээлд 72 улсад 1441 агаарын хөлөг захиалагдаж, өнөөдрийн байдлаар 882 В787 маягийн агаарын хөлөг нислэг үйлдэж байна.

Дэлхийн агаарын тээвэрлэгч бүр эдийн засгийн өндөр үр өгөөжтэй, найдвартай ажиллагаатай, тохь тухтай агаарын хөлгийг эрэлхийлж буй өнөө үед В787-9 агаарын хөлөг нь агаарын тээврийн зах зээлд хамгийн их борлуулалттай байгаа алсын зайн агаарын хөлөг юм.