Б.Дөлгөөн: 80 тэрбум төгрөгөөр МСҮТ-ийг биш IT салбарыг хөгжүүлье

0
18

2020 оны төсөв хэлэлцэхтэй холбогдуулан төсвийн төсөөлөлд эдийн засагчдын байр суурийг хүргэж байна.

-2020 оны төсвийг ерөнхийд нь тоймлоход сонгуулийн жилд зориулсан төсөв болсон байна. Энэ төсвийн сайн тал нь гэвэл удаан хүлээгдсэн хил, гаалийн нэвтрэх чадварыг сайжруулах хөрөнгө оруулалтууд багтжээ. Гэхдээ үр ашиггүй олон төсөл хөтөлбөрүүдэд  хөрөнгө оруулалт нэрийн дор их хэмжээний мөнгөн дүн тавьсан байна. Тухайлбал, нэг хөрөнгө оруулалтын 50 хувь нь нэг төсөлд зориулагдсан байх юм.

2020 оны төсвийн алдагдал ДНБ-тэй харьцуулсан үзүүлэлтээр 5.1хувь  болж буурч байгаа мэт харагдаж байгаа ч бодит тоон үзүүлэлтээр нэмэгдэж, төсвийн алдагдал хоёр  их наяд төгрөгт хүрчээ. 2018, 2019 онд хос алдагдалтай байсан бол 2020 онд мөн л урсгал тэнцлийн алдагдалтай байхаар байна. Үүнээс үүдэн улсын өр зээл абсолют утгаар нэмэгдэхээс гадна, инфляци өсч, ханш унахаар ажиглагдаж байгаа. Ийм сөрөг нөлөөг багасгахын тулд төсвийн зарлагад орсон үр ашиг багатай, улс төрийн зорилго бүхий зардлуудыг хумих хэрэгтэй. Ер нь төсөвт жижиг асуудлууд яриад байвал их байна.

Аль ч намын үед байсан, мөн жил бүрийн төсвийн төсөөлөлд судалгаа шинжилгээнд тулгуурласан гэхээс илүү, хүмүүст таалагдах гэсэн төсөл, хөтөлбөрүүд олон ордог. Бид үнэхээр улсаараа хөгжье, дэвшье гэж байгаа бол иймэрхүү “хүмүүст таалагдах” зарлагыг багасгах хэрэгтэй юм. Жишээлбэл, боловсролыг авч үзье. Төсөвт нэмж 80 тэрбум төгрөг суулгаад МСҮТ-д суралцагчдад сар бүр 100 мянган төгрөгийн тэтгэмж олгож байсныг хоёр дахин нэмэгдүүлж 200 мянган төгрөг болгожээ. Энэ бодлогод хоёр асуудал байна.

Хэрэв асуудлын гол нь МСҮТ төгссөн ч гэсэн мэргэжлээрээ ажиллахгүй байгаа бол, хичнээн 200 мянга болгоод ч тэр хүмүүс сурч дуусчихаад өөр юм хийгээд яваад байвал яах вэ.

Нэгдүгээрт, бид ямар үр дүнд хүрэхийн тулд үүнийг хийж байгаа вэ. Нэг талаас ажлын байр нь байгаа, нөгөө талаас суралцах залуус буюу МСҮТ-ийг сонгож байгаа залуус цөөдөөд байгаа учраас арван жилээ төгсөж байгаа залуусыг энэ салбарт татах гэж үү. Үндсэн асуудал нь энэ юм бол өөр 80 тэрбумыг зарахгүйгээр татах боломж байгаагүй юм уу. Хэрэв асуудлын гол нь МСҮТ төгссөн ч гэсэн мэргэжлээрээ ажиллахгүй байгаа бол, хичнээн 200 мянга болгоод ч тэр хүмүүс сурч дуусчихаад өөр юм хийгээд яваад байвал яах вэ. Эсвэл асуудлын гол нь төгсөгчид цөөдөөд байгаадаа биш.

Харин МСҮТ-ийг төгссөн залуус ажлын байран дээр гологдоод байгаа учраас тэр ажлын байрууд чинь байгаад байна уу. Тийм бол 100 мянган төгрөг аваад явж байгаа залуус 200 мянган төгрөг сард авахаар чанар сайжирна гэж яаж мэдэж байгаа юм. Хий дэмий зарлага болвол жил болгон 80 тэрбум төгрөгөөр шатаад дуусах уу. Судалгаа хэрэгтэй. Хоёрдугаарт, энэ 80 тэрбум төгрөгөөр бид IT салбарыг МСҮТ шиг хөгжүүлэхэд зарцуулж болохгүй юу. Дэлхийд өрсөлдөх Монгол хүн МСҮТ-ийг төгсөхөөс илүү компьютер програмчлал, дата анализаас төрнө шүү дээ.

Тэгээд ч Монголд өчнөөн төчнөөн Дотачид, Пабжи-чид байгаа. Хүссэн хүсээгүй технологийн ид шидийг мэдэрч байгаа мянга, мянган залуусыг яаж код бичих вэ, яаж дата анализ хийхэд сургахад хангалттай мөнгө биш үү. Өнөөдөр математик суурьтай залуусыг програмчлалд, программ суурьтай залуусыг математик анализ хийхэд сургахад л манай залуус олон улсын зах зээл дээр өрсөлдөөд гарч ирэх боломжтой. Тэгвэл энэ суурийг бэлдэхэд 80 тэрбумыг яагаад төсөвлөхгүйгээр үр дүн мэдэгдэхгүй “сарын цалин” мэт тарааж байгаа юм. Энэ мэт зарлагуудаа хэлэлцүүлгийн үеэр хасах хэрэгтэй гэдгийг шийдвэр гаргагчдад анхааруулъя.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин