Идэш тэжээлгүй болгосон учраас баавгай хүн барьж байна

0
11

ОХУ-тай хил залган оршдог Монгол орны зарим аймаг, тодруулбал Сэлэнгэ, Хэнтийн нутгаар баавгай олноор үзэгдэх, малтай болон суурин хэсэг рүү орох тохиолдол нэмэгдсэн талаар энэ зунаас мэдээлж эхэлсэн. Тэгэхдээ Сибирийн ойн түймрээс дайжсан зэрлэг амьтад Монгол руу орж ирсэн хэмээн тайлбарлаж байв. Үүнийг ямар ч эх сурвалж батлаагүй бөгөөд амьтны эрхийг хамгаалах үүднээс аль болох буудалгүйгээр үргээх, ой руу оруулах арга хэмжээ авахыг уриалж байлаа. Гэвч Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Могойт хэмээх газар аав, хүү хоёр баавгайд бариулсан золгүй тохиолдлын дараа баавгай суурин газар, малчны хот руу орсон тохиолдолд иргэд өөрсдийгөө хамгаалах зорилгоор буудахыг албаныхан зөвшөөрлөө.

Дээрх явдлын дараа тус нутгаар баавгай айлын гэр лүү халдсан хэд хэдэн тохиолдлыг иргэд сошиал сүлжээнд нийтэлж, зураг болон видеогоор баримтжуулжээ. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын “80 милл” хэмээх газар нутаглаж байсан иргэний гэр лүү баавгай халдсан байна. Азаар тухайн үед гэрт хүн байгаагүй бөгөөд баавгай яг Могойтод гарсан тохиолдлын адилаар гэрийн хаалганы хажуу талын ханыг эвдлэн оржээ.

Мөн Сэлэнгэ аймгийн Бугант тосгоны ойролцоох газарт байсан айлын байшин руу баавгай орсныг видеогоор дүрсжүүлэн нийтэлсэн байна. Байшингийн цонхыг хагалж орсон баавгай гэр доторхыг сүйтгэж, улмаар хураалттай байсан шуудайтай гурилнуудаас хоёрыг нь үүрэн явсан болохыг тус видеонд үзүүлжээ.

Баавгай айлын байшинд нэвтэрсэн нь гурилан дээрх мөрөөр батлагдаж байсан аж. Ер нь Сэлэнгэ аймагт баавгай үзэгдэх нь олширсныг нутгийнхан хэлж, салбарын яаманд уламжилж байжээ. Гэвч БОАЖЯ-наас буудаж болохгүй гэсэн заавар ирүүлсэн тул баавгайг үргээх, айлгах гэж оролдож байснаас буудаж байгаагүй байна.

Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын хэвлэл мэдээл­лийн ажилтан Д.Одонтунгалаг “Аймгийн онцгой байдлын комисс хуралдаж, баавгай үргээх ажлыг тухайн сумдад эрчим­жүүлэх, аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудыг татан оролцуулж, хийн болон дуут зэвсэг ашиглан үргээлэг хийх ажлыг зохион байгуулахаар болсон. Мөн идэш тэжээл хөвч тайгад байршуулах арга ашиглан баавгайг хөвчид нь буцаах ажлыг эрчимжүүлэхээр боллоо” хэмээн мэдээлэв. Улмаар цаашид баавгай орон байр, малтай хот руу халдах, тулаад ирсэн тохиолдолд зэвсэг ашиглах шийдвэр гаргасан аж.

Зөвхөн ОХУ-тай хил залгаа оршдог аймгууд төдийгүй Улаанбаатар хотод хүртэл баавгай орж ирсэн тохиолдол энэ зун гарсан. Тиймээс энэ талаар хотын орлогч Ж.Батбаясгалангаас тодруулахад “Энэ жил Сибирьт гарсан ой хээрийн түймрээс болж зөвхөн баавгай биш бусад амьтад маш ихээр манайх руу орж ирж байгаа. Тиймээс ногоон бүсийн байгаль хамгаалагч болон хороодын Засаг дарга, иргэдэд аюулгүй байдлаа хэрхэн хамгаалах, тулсан тохиолдолд яах ёстой талаар зөвлөмж, мэдээлэл хүргүүлж ажиллаж байна” хэмээн хэлэв.

Харин амьтан судлаачид болон амьтны эрх хамгаалагчид үүн­тэй санал нийлсэнгүй. “Сэлэнгэ аймгийн Ерөө суманд хүний аминд хүрсэн баавгай хар баавгай биш. Манай улсын хүрэн баавгайн төрөл зүйлийн нэг болох нь тогтоогдсон. Хүмүүсийн буруутай үйлдлээс болж амьтад эсэргүүцлээ илэрхийлж, ийм үйлдэл гаргасан гэж хэлж болно. Хүмүүс бидэнд анхааруулж “шүгэл үлээж байна” хэмээн Амьтны эрх хамгаалах нийгэмлэгийн тэргүүн С.Дамдинсүрэн хэллээ. Учир нь баавгай намар мах идэхээ больж, самар жимс идэж тарга тэвээрэг авч ичээлэхэд бэлддэг аж. Гэтэл сүүлийн гурван жил самар олигтой ургаагүй. Мөн хууль бусаар ан амьтан агнаж, эд эрхтнийг худалдаалах явдал гарах болсон нь амьтдыг дүрвэхэд хүргэж байгаа, уг нь өмнө нь 10 жилийн давтамжтай байгаль, цаг уурын өөрчлөлтөөс болж баавгай суурин газарт үзэгдэж байсан хэмээн тэрбээр тайлбарлалаа.

-Ямар тохиолдолд хот суурин газарт баавгай орж ирж байгааг тэрээр хүний хүчин зүйл их нөлөөлж байна. Уул уурхай, дэд бүтэц, зам зэрэг бүтээн байгуулалтын ажил байршил дагасан нутагт нь их өрнөж байна. Малчид хүртэл баавгай идэш тэжээлээ олж иддэг нутаг руу нь буух болсон. Ялангуяа Сэлэнгэ, Хэнтий зэрэг аймгуудад энэ байдал ихээхэн ажиглагддаг. Түүнчлэн аялал зугаалга ихсэж, хүмүүс хаа сайгүй зугаалж байгаа нь мөн нөлөөлдөг. Самар, жимс байхгүй болсон үед том баавгай догшин ширүүн ааштай болдог. Улмаар гурваас дээш настай баавгайд идэш тэжээл өгөхгүй булаацалддаг. Ийм тохиолдолд арга буюу тал газар руу буудаг. Идэш тэжээлийн дутагдлаас болж ямар ч мод байхгүй, цагаан газар руу бууж ирж байна. Харин ч догшроогүй, идэх зүйл хайгаад явж байгаа нь тэр. Ой дотор бор гөрөөс, туулай, чандага зэрэг амьтан багассан учраас мах хайж байна гэсэн үг. Айлын хотноос мал барьж идсэн нь үүнтэй холбоотой гэж ярьсан юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here