Ч.Хүрэлбаатар: Төрийн 38 үйлчилгээг 3 минутанд авах боломжтой БОЛЛОО

0
13

Өнөөдрөөс эхлэн төрийн 38 төрлийн үйлчилгээ, лавлагааны төлбөрийг ebarimt аппликэйшнийг ашиглан төлөх боломжтой боллоо.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулан хэлэхдээ: “Хүнд суртал, чирэгдлийг бууруулах чиглэлээр чухал шийдвэр гаргалаа.

Төрийн лавлагаа авахын тулд банкинд заавал очих шаардлага гардаг байсан. Үүний тулд зарцуулах цаг нь тооцож үзэхэд 2 цаг 40 минут байна. Үүнийг багасгахын тулд НӨАТ-ын буцаан олголтын ebarimt-ыг ашиглан 3 минутад төлбөр хийх боломжтой боллоо” гэсэн юм. Энэ дагуу иргэд Улсын бүртгэлийн ерөнхий газраас үзүүлдэг 38 төрлийн үйлчилгээ, лавлагааны төлбөрийг “Цахим төлбөрийн баримтын систем” буюу ebarimt аппликейшн ашиглан гар утаснаасаа интернет банкаар төлөх боломжтой гэсэн үг юм.

Энэ хүрээнд бусад сайд нар холбогдох дүрэм журамдаа өөрчлөлт оруулж, хүнд суртлыг бууруулах, цаашид төрийн үйлчилгээний хураамжийг бууруулах чиглэлээр Ерөнхий сайд үүрэг даалгавар өгч байна” гэлээ.

Улсын бүртгэлийн ерөнхий газраас иргэнийг төрөхөөс үхэх хүртэл нийт 136 төрлийн үйлчилгээ үзүүлдэг бөгөөд үүнээс хамгийн их ачаалалтай байдаг иргэний үнэмлэх, гадаад паспорт, төрсний болон гэрлэлтийн бүртгэл зэрэг 38 үйлчилгээний төлбөрийг эхний ээлжинд хамруулаад байна.

Тухайлбал иргэдийн хамгийн ихээр ачаалал үүсгэдэг захиалгыг гадаад паспорт эзэлдэг бөгөөд өдөрт 1200-1500 иргэн гадаад паспорт захиалдаг байна. Ингэхдээ 32500 төгрөгийг заавал банкаар тушаадаг бөгөөд үүнд 2-3 цаг зарцуулдаг аж. Мөн паспортын үнэ дээр нэмэгдээд банк хоорондын шилжүүлгийн төлбөр болох 3-4 мянган төгрөгийг нэмж төлдөг.

Иргэд 152 хорооноос дээр үйлчилгээнүүдийг авах боломжтой ч нэг асуудал нь банкинд төлөх төлбөрийн асуудал байсныг ийн шийдэж байгаа гэдгийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Б.Баасандорж тайлбарласан юм.

Ийнхүү төлбөр төлсөн тохиолдолд ebarimt олгох бөгөөд төрийн байгууллагаас баримт олгож буй анхных нь УБЕГ болж байгаа аж.

Ингэснээр иргэд заавал банкинд очих, цаг алдах, гүйлгээ хийх бүртээ шимтгэл төлөх зэрэг хүндрэл арилж байна. Цаашид 185 төрлийн үйлчилгээ болон гааль, татвар, эрүүл мэнд, соёл урлагийн байгууллагуудад үе шаттай нэвтрүүлэхээр төлөвлөжээ.