МУ-ын НООЛУУРЫГ дэлхийн зах зээлд ТАМГАЛАХ “МОНГОЛЫН ХААН ШИРХЭГТ” тохирлын тэмдгийг БАТАЛГААЖУУЛЛАА

0
21

“Монголын хаан ширхэгт” ноолуурын олон улсын форум өнөөдөр Улаанбаатар хотноо боллоо. Тус форумын онцлог нь “Монголын хаан ширхэгт” ноос, ноолууран бүтээгдэхүүнийг хөгжүүлэх, улмаар олон улсын зах зээлийн түвшинд бренд болгох үйл ажиллагааны эхлэл тавигдаж байна.

Энэхүү форум нь дэлхийн зах зээлд чанартай, тохирлын баталгаатай, байгальд ээлтэй бүтээгдэхүүнийг тогтвортой нийлүүлэх эхлэлийг тавьж, үйлдвэрлэл эрхлэгчид, худалдан авагчид, бизнесменүүдийн хувьд харилцан ашигтай хамтын ажиллагааг өрнүүлэх үндэс суурь болж, салбарын хөгжилд шинэ боломж, үр дүн авчирах юм.

Энэ үеэр Монгол ноолуурыг дэлхийн зах зээлд тамгалах “Монголын хаан ширхэгт” тохирлын тэмдгийг баталгаажуулав. Энэ хүрээнд баталгаат бүтээгдэхүүн нийлүүлэх тухай харилцан ойлголцлын санамж бичигт “Говь” ХК, “Эвсэг”, “Ханбогд кашмер” компаниуд гарын үсэг зурлаа.

Монгол Улс дэлхийн түүхий ноолуурын нөөцийн 50 хувийг бэлтгэж байгаа ч үйлдвэрлэсэн түүхий эдийнхээ бага хувийг эцсийн бүтээгдэхүүн болгож байгаа нь чамлалттай үзүүлэлт гэж салбарынхан үзэж байна. “Монголын хаан ширхэгт” ноолуурын олон улсын форумын үеэр салбарын сайд “Үйлдвэрүүдийн хүчин чадал нэмэгдэж байгааг онцлоод жилд 10 сая сүлжмэл эцсийн бүтээгдэхүүн гаргах боломжтой” гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм.

Мөн “МОНГОЛЫН ХААН ШИРХЭГТ” тохирлын тэмдэг нь 100% монгол ноолуураар үйлдвэрлэгдсэн, Байгальд ээлтэй, тогвортой ноос ноолуурын үйлдвэрлэлийг гэрчилнэ.

“Монголын хаан ширхэгт” бэлэн бүтээгдэхүүний стандартыг боловсруулахад салбарын инженер техникийн ажилтнууд, эрдэмтэн судлаачид, үндэсний болон олон улсын мэргэжилтнүүдийн баг хамтран ажиллаж, хэрэглэгчдийн  эрэлт хэрэгцээнд тулгуурлан олон улсын жишигт нийцүүлэн шинээр боловсруулсан байна.

ХХААХҮЯ-ны мэдээллээс харахад Монгол Улс 2019 оны байдлаар жилд дунджаар 9500 тонн ямааны ноолуур, 1400 тонн тэмээний ноос бэлтгэх нөөцтэй байна. Харин Гаалийн ерөнхий газрын мэдээлснээр ноолуурын салбарын нийт экспорт 2018 оны эцсийн байдлаар 390.2 сая ам.доллар хүрч, 2017 онтой харьцуулахад 21.2 хувиар өсжээ.

Угаасан ноолуурыг БНХАУ-д, самнасан ноолуурыг Итали, Англи харин нэхмэл сүлжмэл бүтээгдэхүүнийг АНУ, Герман, Бельги, Франц зэрэг 20 гаруй оронд экспортолж байгаа юм байна.

“Ноолуур” хөтөлбөрийн хэрэгжүүлэхээр Монгол Улсын Хөгжлийн банктай хамтран ажиллаж, тус банкны эх үүсвэрээс 2018 онд 188.2 тэрбум төгрөг, 2019 онд нийт 82.9 тэрбум төгрөгийн зээлийг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар ноолуур боловсруулах үйлдвэрүүдэд олгоод байна. Энэ оны эхний 9 сарын байдлаар 370 орчим сая ам.долларын экспорт хийгээд байна.