2020 оны төсвийг УИХ-ын гишүүд, ялангуяа эмэгтэй гишүүд ихэд анхаарч, засаж залруулах шаардлагатай байна

0
12

Монгол улсын төсөв 2020 онд ямар хэмжээний зардалтай, орлоготой байх талаар  УИХ-аар ид хэлэлцүүлэг өрнөж байгаа энэ үед эдийн засагчийн үүднээс төсвийн 2020 оны 13.9 их наяд төгрөгийн зарцуулалт хүүхэд залуучууд, настайчууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, жендерийн тэгш байдал, ЖДҮ эрхлэгч нарт ямар нөлөө авчрах вэ гэдгийг ярих нь чухал.

2020 онд төрийн албан хаагчдын цалинг инфляцийн түвшинтэй уялдуулан 8%-иар нэмэгдүүлж нийтдээ 159.8 тэрбум төгрөг,  даатгалгүй эхчүүдийн НДШ-ийг төрөөс төлөх зэргээр нийт нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжид 17.5 тэрбум төгрөг зарцуулна гэж төсөвлөж байна. Энд гол асуудал нь энэ нэмэгдэх мөнгө өрхүүдийн бодит орлогыг үнэхээр нэмэгдүүлж чадах уу гэдэгт оршино. Цалин тэтгэвэр 8% нэмэгдэх сургаар хэрэглээний үнэ энэ хэмжээгээр нэмэгддэг. Өөрөөр хэлбэл, өрхүүд, хүмүүс өмнө нь авч байсан бараа, хүнсээ яг л тэр хэмжээгээр л авах болно.

Сангийн Яамнаас Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуулийн 1 дүгээр хавсралтаар  тооцож гаргасан “ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧ НАРЫН 2020 ОНД ХЭРЭГЖҮҮЛЭХ ХӨТӨЛБӨР, ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭХ ҮР ДҮНГИЙН ТАЛААРХ ЧАНАРЫН БОЛОН ТОО ХЭМЖЭЭНИЙ ҮЗҮҮЛЭЛТ” тооцооллыг хянаж үзэхэд 11.8 их наяд төгрөгийг татвар төлөгчдөөс  хурааж авч зарцуулсны эцэст төсвийн захиран зарцуулагч нар буюу яамдууд, Засгийн газрын зохицуулах агентлагуудын хүрэхийг зорьж байгаа түвшин тун хангалтгүй байна.

Тухайлбал, 2020 оны зорилтот түвшинд нийгэмд, хүний, хүүхдийн хөгжлийн хамгийн чухал асуудал болоод байгаа гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ХЗЯ –ны хүрэхийг зорьж байгаа зорилтот түвшин нь  энэ талаар сургалт, семинар зохион байгуулж, үүндээ нийтдээ 700 хүн л оролцуулах юм байна. Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар сурталчилгаа хийнэ,  эдгээр сурталчилгааг хүргэх хүний тоо 40,000 юм байна. Дэндүү сэтгэлгүй, хариуцлагагүй байна. Өнөө үед Нүүр номны идэвхтэй, олонд нөлөөтэй хувь хүн, групп тухайлбал ээжүүдийн, аавуудын нэгдсэн групп энэ урьдчилан сэргийлэх талаар сурталчилгааг  3 сая хүнд татвар төлөгчдийн 1 ч төгрөгийг үрэхгүйгээр хүргэж, илүү сайн гүйцэтгэж чадаж байгаа.

Агаарын болон хөрсний бохирдол үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх түвшинд хүрсэн энэ цаг мөчид БОАЖЯ-ны зорилтот түвшин бол ногоон төсөл санаачилгыг дэмжиж ногоон зээлд хамрагдах өрхийн тоог 2,000-д хүргэнэ гэж төлөвлөсөн байна. Зөвхөн Улаанбаатар хотод 216,000 айл  гэр хороололд амьдарч байгаа. Нийт улс даяар ч биш, зөвхөн нийслэл хотын гэр хороололд амьдардаг нийт айл өрхийн 1%-д ч хүрэхгүй айлд хөнгөлөлттэй ногоон зээл олгох юм байна. Хангалттгүй.

Монголын нийгмийг хар тамхи, мансууруулах бодисны хэрэглээ зовоож байгаа. Энэ эгзэгтэй үед ХЗЯ мансууруулах эм, сэтгэцэд нөлөөтэй бодисын хууль бус эргэлттэй тэмцэх хүрээнд сургалт, семинарууд зохион байгуулж түүндээ нийтдээ 150 хүн оролцуулна,  мөн тусламж үйлчилгээ, сэтгэл зүйн зөвлөгөөг 150 хүнд өгнө гэж тооцоолсон байна. Бүтэн 12 сар, 365 хоногт иймхэн ажил хийнэ гэж үү? Ийм сургалт, зөвлөлгөөг МУИС-ийн Хуулийн сургуулийн багш, оюутнууд татвар төлөгчдийн мөнгийг үрэхгүйгээр 150 хүнд төдийгүй нийт  21 аймаг, 9 дүүргийн залууст үнэгүй хүргэж, мэдээлэл өгч, зөвлөж чадна.

Ид ажиллаж, амьдрах насандаа шүүхээр яллуулж шоронд хоригдож байгаа 5,000 орчим хүн бий. Энэ хүмүүсийг шоронд байх хугацаанд нь хүний эрхийн хувьд эрүүл мэнд, боловсролын үйлчилгээ үзүүлж, суллагдаж гарахад нь нийгэмд, хөдөлмөрийн зах зээлд бэлдэх  нь чухал. Гэтэл 2020 оны туршид яллагдагч, хоригдлыг хуяглан хүргэх, хуяглан харгалзах хүнийг 5,600-д хүргэнэ гэж тооцсон мөртлөө нийт хоригдож байгаа 5,000 хүний зөвхөн 350 –ийг буюу  зөвхөн 7%-ийг нь л  мэргэжлийн сургалтад хамрагдуулахаар төлөвлөсөн байгаа нь чамлалттай, уг залуу хүмүүсийн төдийгүй тэдний ар гэр, үр хүүхдүүдийн ирээдүйд, улмаар нийгэмд сөргөөр нөлөөлөх бодлого хэрэгжүүлж  байгаа нь харагдаж байна.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдүүдийн талаар бид их ярьж байгаа. Гэтэл 2020 оны төсвийн зарцуулалтын эцэст сэргээн засах үйлчилгээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн  11.5%-ийг л  хамруулах юм байна. Яагаад 50%, 75% 100% биш гэж. Мөнгө хүрэлцэхгүй байгаа юм уу? Гэтэл 2020 онд татвар төлөгчдийн мөнгөөр нийтдээ 3 их наяд 679 тэрбум төгөргийг хөрнөгө оруулалт, барилга байгууламжид зарцуулна гэж Сангийн сайд хэмжээд төсөвлөсөн байна. Яагаад энэ их мөнгөний өчүүхэн бага хэсгээр  хөгжлийн бэрхшээлтэй 103.6 мянган иргэн (нийт хүн амын 3.3 хувь), үүнээс 92,000 хүүхдийг жилд нэг удаа сэргээн засах үйлчилгээнд хамруулж болдоггүй юм?

Ерөнхий сайдын харьяанд үйл ажиллагаа эрхлэх Жендерийн тэгш байдлын үндэсний комиссын хүрэхийг зорьж байгаа гол ажлууд нь оролцоонд суурилсан жендерийн үнэлгээг 9 Яам, 21 аймаг, нийслэлийн бүх дүүрэгт хийлгэж, жендерийн талаарх сургалтад төрийн албан хаагч удирдах ажилтны 45%, төрийн албан хаагчдийн 55% -ийг хамруулах юм  байна. Хурал, семинар, сургалт их хийгдэх нь. Гэтэл  жендерт суурилсан хүчирхийллээс хамгаалахад, хүчирхийлэлд өртсөн хүүхэд, эмэгтэйчүүдэд хүрэх гол суваг бол  хохирогчийг хамгаалах нэгжийн тоог нэмэгдүүлэх, сайтар санхүүжүүлэх асуудал. 2020 онд  хохирогчийг хамгаалах нэгжийн тоог 25-аар нэмэгдүүлэх юм байна. Энэ хүрэлцээтэй юу?  2018 онд хийгдсэн хамгийн гол судалгаагаар Монгол улсад гэрлэсэн, хамтран амьдарсан нийт эмэгтэйчүүдийн 57.9% нь бие махбодын, сэтгэл санааны, бэлгийн, эдийн засгийн хүчирхийлэлд ямар нэг байдлаар өртсөн гэдгийг хэмжээд гаргасан байгаа.

Монгол улсад жендерийн тэгш бус байдлыг бууруулж байгаа хамгийн  ноцтой үзүүлэлт бол эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүү 11.8 жил байгаа юм. Энэ үзүүлэлтийг бууруулахын тулд эрэгтэйчүүдийн өвчлөлтийг эрт оношлох, эрэгтэйчүүдэд зориулсан мэргэжлийн эмч нарыг бэлдэх, тусгай тасаг, эмнэлгийг ажиллуулах хэрэгтэй байна. 2020 онд эрэгтэйчүүдэд тусламж, үйлчилгээ үзүүлдэг эрүүл мэндийн тасаг, кабинетийг 20-д хүргэнэ гэж төсөвлөсөн байгаа нь дутагдалтай байна.

Манай улсад 50 сая төгрөг хүртэлх борлуулалттай ЖДҮ нийт ААН-ийн 77%-ийг эзэлж байгаа. Нийгмийн хамгийн том хоёр асуудал болох ядуурал, ажилгүйдлийн бууруулах нэг чухал суваг бол ЖДҮ-ийн хөгжил байдаг. 2020 онд  Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төслийн тоог 200-250-д хүргэж, зээлийн батлан даалтыг 100-150 ЖДҮ-д олгохоор тооцсон байна.

Эцэст нь дүгнэж хэлэхэд, 2020 оны төсвийн бодлого, зарцуулалт өмнөх жилүүдийн адилаар, хүүхэд залуучууд, настайчууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, жендерийн тэгш байдал, ногоон хөгжил, ЖДҮ эрхлэгч нарт хүртээмжгүй, хүнд зориулсан биш зөвхөн тендерээр барилга байгууламж, тоног төхөөрөмж худалдан авахад зориулсан төсөв болсныг УИХ-ын гишүүд, ялангуяа эмэгтэй гишүүд ихэд анхаарч, засаж залруулах шаардлагатай байна.

МУИС-ийн эдийн засгийн багш, доктор, профессор Б.Отгонтөгс