Банкнаас бус ББСБ, Ломбард руу очих иргэд 42.7%-р өсөв

0
16

Төв банкнаас өрхийн өрийн дарамтыг бууруулах зорилгоор хэрэглээний зээлд хязгаарлалт тавьсан нь зах зээл дэх зээлийн эрэлтийг эрчимжүүлсэн. Энэ шийдвэрийн үр дүнд банкны салбар дахь иргэдийн хэрэглээний зээл буурсан ч ББСБ-ын өндөр хүүтэй зээлийн дарамт нэмэгджээ.

Иргэдийн хэрэглээний зээлийг хязгаарлаж, өр орлогын харьцааг 70:30 байх шийдвэрийг Монголбанкны Мөнгөний бодлогын хороо 2018 оны 6-р сарын 15-ны өдрийн хурлаараа гаргасан.

Уг шийдвэр 2019 оны 1-р сарын 1-нээс хэрэгжиж байтал 3-р сарын 21-нд нь 60:40 болгон дахин өөрчлөх шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл, Арилжааны банкнаас олгосон зээлийн нийт хэмжээ өрхийн орлогын 60-аас хэтрэхгүй хувьд хязгаарлагдаж, орлогын 40 хувь нь тухайн өрхөд үлдэх боломж олгох зорилгоор уг шийдвэрийг хэрэгжүүлсэн.

Банкны салбар дахь иргэдийн хэрэглээний зээл өнгөрсөн хугацаанд буурсан ч эсрэгээрээ өрхийн зээлийн дарамт нэмэгдсэн гэсэн судалгаа гараад буй. Өр, орлогын харьцаа өөрч­лөгдөж, хугацаанд хүртэл өөрчлөлт орсноор банк бусаас зээл авах нь иргэдэд илүү амар дөхөм болж эхэлсэн. Ингэснээр банкны сарын 1.4 хувийн хүүтэй зээлийн хүртээмж хумигдаж, харин үүний оронд ББСБ-­ын 3.5, түүнээс ч өндөр хүү өрхийн хэрэглээний зээлийн эрэлт, хэрэгцээг орлох хэмжээнд ирсэн.

Банк бус санхүүгийн байгууллагын зээл олголт энэ он гарснаас хойш эрчимтэй өсжээ. Өрхийн өрийн дарам­тыг бууруулахаар төв банк хэрэглээний зээлд хязгаарлалт тавьснаас банк бусын зээлийн эрэлт зах зээлд эрс нэмэгджээ. Тодруулбал, Зээлийн үлдэгдэл нь энэ оны хоёрдугаар улирлын байдлаар өмнөх оны мөн үетэй харьцуулахад 38 хувиар өссөн байна. Удахгүй гуравдугаар улирлын тайлан мэдээ ил болно. ББСБ­-ын нийт зээлийн үлдэгдлийн дийлэнх хэсгийг иргэдийн зээл бүрдүүлж байна. ББСБ-­аар үйлчлүүлэх харилцагчдын тоо гэхэд 1.7 саяд хүрч, жилийн хугацаанд 1.2 дахин нэмэгджээ.

Өөрөөр хэлбэл, төв банкны 2018 онд гаргасан шийдвэр өнөөдөр банк бусыг дэмжих тал 
руу хэт хазайсан нь өрхийн өр агших бус тэлэх нөхцөл болсон гэхэд үгүйсгэхгүй байна.

Тухайлбал, “Иргэн Дорж сард 800 мянган төгрөгийн цалин авдаг. Түүнд 20 сая төгрөгөөр машин худалдан авах хэрэгцээ гарав. Гэтэл банк хамгийн ихдээ 30 сарын хугацаатай зээл олгох боломжтой учир банкнаас 13 сая хүртэлх төгрөгийн зээл л авч чадна. Харин үлдсэн долоон сая төгрөгийн зээлийг ББСБ болон ломбард зэрэг өндөр хүүтэй газруудаас авахаас аргагүй болно. Энэ нь эргээд Доржийг илүү их өрийн дарамтад оруулж байгаа юм. Өөрөөр хэлбэл, хэрэглээний зээлийн хугацааг дан ганц банкны салбарт хязгаарлах нь иргэдийн зээлийг хязгаарлаж чадахгүй бөгөөд төрөөс хангалттай зохицуулалт хийж чаддаггүй иргэдийн өөр хоорондын зээл, ломбард, өндөр хүүтэй нэг өдрийн зээл зэргийг улам даамжруулж, иргэдийг улам өрийн дарамтад оруулж болзошгүй” хэмээн дурдсан удаатай.

Банк бус санхүүгийн байгууллагын олгож буй зээлийн хэмжээ ч өссөн байна. Энэ онд гэхэд л ББСБ-уудын нийт хөрөнгийн хэмжээ нь 1.5 их наяд төгрөг байгаа нь өмнөх оны мөн үеэс 34% буюу 389.4 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлт болж байна.

ББСБ-уудын нийт зээлийн үлдэгдлийн хэмжээг өмнөх оны хоёрдугаар улиралтай харьцуулахад 328.4 тэрбум буюу 42.7%-аар өсөж, 1.1 их наяд төгрөгт хүрсэн байна.

Нийт зээлийн үлдэгдлийн 84.7%-ийг иргэдийн зээл эзэлж байгаа бол үлдсэн хувь нь ААН-ийн зээл. Эдгээр үзүүлэлт нь иргэдийн дунд зээлийн эрэлт өндөр байгааг харуулж буй.

Төв банкнаас өр, орлогын харьцааг хязгаарлах замаар хэрэглээний зээлийн өсөлтийг бууруулах арга хэмжээ авсан ч энэ бодлого санхүүгийн салбарт хамаарахгүй байгаа нь нөгөө талаар иргэдийн тодорхой хувь өндөр хүүтэй зээл авахаас аргагүй байдалд хүргэж байна.

Мөн хамгийн чухал нь иргэдийн санхүүгийн боловсролыг нэмэг­дүүлэх, боловсролын салбарт, тэр тусмаа их, дээд сургуулийн сургалтын хөтөлбөрт хувь хүний санхүүгийн мэдлэг, боловсролыг дээшлүүлэх, зөв дадал зуршил суулгах хичээл, сургалт зайлшгүй үгүйлэгдэж байгаа нь үүнээс харагдана.

Банкны салбарын хэрэглээний зээлийн хугацааг хязгаарлах нь эсрэгээрээ банк бус санхүүгийн байгууллагаас өндөр хүүтэй зээл авч өрийн дарамтад өрхүүд нухлагдахад шууд бусаар нөлөөлж байна.

Иргэдийг өрийн дарамтаас гаргах асуудал хэрэглээний зээлийн хяз­гаарлалтыг тогтоосноор ший­дэгдэхгүй нь.