Д.Цогтбаатар: Иргэдээ хүлээж авахгүй байгаа Элчин сайдыг ГХЯ-д мэдээл, бид тийм хүнтэй ажиллахгүй

0
15

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох тухай саналыг зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцэж эхэллээ. Ерөнхийлөгч энэ сарын 1-нд таван Элчин сайдыг эгүүлэн татаж, зургаан Элчин сайдыг томилох саналаа зөвшилцөхөөр хүргүүлсэн. Зөвшилцөх саналыг УИХ дахь МАН-ын бүлэг, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороогоор дэмжээд байгаа юм.

Ерөнхийлөгч

  1. Монгол Улсаас Бүгд Найрамдах Куба Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цэдэндамбын Батбаяр,
  2. Бүгд Найрамдах Польш Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Нэмэхийн Батаа
  3. Тайландын Хаант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Төмөрхүлэгийн Төгсбилгүүн,
  4. Шведийн Хаант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Очирын Энхцэцэг
  5. Монгол Улсаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэд суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сүхээгийн Сүхболд нарыг ЭГҮҮЛЭН ТАТАЖ

 

  1. ОХУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилохоор зөвшилцөж буй Дуламсүрэнгийн Даваа
  2. Бүгд Найрамдах Куба Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилохоор зөвшилцөж буй Шагдарын Батцэцэг
  3. Бүгд Найрамдах Польш Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилохоор зөвшилцөж буй Бархасын Дорж
  4. Тайландын Хаант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилохоор зөвшилцөж буй Амарсанаагийн Төмөр
  5. Шведийн Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилохоор зөвшилцөж буй Түвдэндоржийн Жанабазар
  6. Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэд суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилохоор зөвшилцөж буй Воршиловын Энхболд нарыг ТОМИЛОХООР саналаа хүргүүлээд байгаа билээ.

Хэлэлцэх асуудалтай холбоотой гишүүд асуулт асууж байна.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ: Байнгын хороогоор дэмжигдсэн юм чинь асуулт байхгүй. Анхааруулах зүйлс байна. Дипломат ажилтнууд хэрэгт холбогдох, зарим тохиолдолд консулын ажилтнууд тухайн улсдаа бүртгүүлж, ID аваад алга болсон тохиолдол ч байна. Элчин сайд эрх ямба эдлэх гэж байгаа хүн биш Монгол Улсын өмнөөс, Монгол Улсын иргэддээ ажилладаг гэдгээ ухамсарлаарай гэж хэлмээр байна.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Олон улс дахь Монголын нэр хүнд сайнгүй байна. Нэр хүндийг авч явах, хуулийн дагуу ажиллах, гадаадад ажиллаж амьдарч, зорьж буй иргэдийн эрх ашгийг хамгаалах ёстой хүмүүс бол та нөхөд. Харамсалтай нь ингэж чадахгүй байна.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: Польш, Тайланд, Шведэд томилогдохоор нэр дэвшсэн Элчин сайдууд ЖДҮ-г дэмжих, экспортын салбарт ямар бодлого барьж, юу хэрэгжүүлэхээр төлөвлөж байна вэ? Та бүхэн хоёр орны харилцаанд чухал үүрэгтэй. Дээр нэг хүнтэй уулзсан “Хувийн компанийн үүд сахидаг Элчин сайд байхгүй” гэж байна лээ. Энэ хандлагаа өөрчлөөрэй.

УИХ-ын дарга, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар: Хувийн компанийн үүд сахихгүй гээд томроод байгаа нөхрийн нэрийг надад өгөөрэй, би байх ёстой газрыг нь заагаад өгье. Элчин сайд нар экспортыг нэмэгдүүлэх, худалдааны эргэлтийг нэмэх даалгавартай явж буй, бид дэмжлэг үзүүлж ажиллана.

Польш Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилохоор зөвшилцөж буй Б.Дорж: Хэрэв Элчин сайдаар томилогдвол жижиг, дунд үйлдвэрүүдийн хамтын ажиллагааг өргөжүүлж, Польшийн  мужаар зочилж, хөрөнгө оруулалт, худалдаа хийх боломжийг таницлуулж ажиллана гэж бодож байна.

Тайландын Хаант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилохоор зөвшилцөж буй А.Төмөр: Аялал жуулчлалыг харилцан хоёр талд нь хөгжүүлэхэд анхаарч ажиллана. Мөн худалдааны тэнцэл 31 сая ам.доллар байгааг 100 саяд хүргэхээр ажиллана. Учир нь манайхтай ижил төстэй улсуудын худалдааны тэнцэл 100 сая орчим байдаг учраас боломж бий гэж харж байна.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар: Гадаадад суугаа иргэдийн эрх ашгийг ГХЯ хамгаална. Манай байгууллагын хамгийн гол зорилт. Олуулаа болоод ирэхээр зохион байгуулалтад орж эхэлдэг. Барууны орнуудад иргэддээ төрийн үйлчилгээг үзүүлэх тал дээр анхаарч ажиллаж байна. Үүний зэрэгцээ иргэдэд туслах сангийн хүрээнд зайлшгүй шаардлагатай, гарцгүй болсон нөхцөлд тусламж үзүүлдэг. Элчин сайдын яамдад яваад очиход хүлээж авахгүй байна гэсэн гомдол гардаг. Тухайн газар заргалдах биш, Гадаад харилцааны яаманд хандаарай. Бид тийм хүнтэй ажиллахгүй. Элчин сайдын яамны гол үүрэг нь иргэдэд дэмжлэг үзүүлэх. Гэхдээ манайхан иргэдийнхээ төлөө ажиллаад л цаг нар гаргаад явдаг гэдгийг БНСУ-д суугаа Элчин сайдын яамны жишээгээр мэднэ. 40-50 мянган иргэн байгаа газар 4-5 ажилтан л байх жишээтэй. Гэхдээ зөвтгөөд, хамгаалаад байгаа юм биш. Бид иргэддээ хүрч ажиллана.

 

Мэдээллийн эх сурвалж: gogo сайт.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here