Дөрвөн хүүхдийг галаас аварсан иргэдийг “Хүний эрхийн төлөө” хүндэт тэмдгээр шагналаа

0
10

Шатаж байсан гэрээс 3-14 насны дөрвөн хүүхдүүдийг гаргаж, галын аюулаас аварсан таксины жолооч С.Хишигдалай, үйлчлүүлж байсан иргэн Д.Баасандоо нарыг Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссоос “Хүний эрхийн төлөө” дээд шагналын эзэн тэмдгээр шагналаа.

ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж: “Хүний эрхийг дугаарлаж болдоггүй. Гэхдээ хүний хамгийн чухал эрх бол амьд явах эрх. Хүнлэг халуун сэтгэлээр хүний амийг аварсан та нараар бахархаж байна. Тийм учраас бид хамгийн эрхэм шагналаа гардуулахаар шийдлээ” гэсэн юм.

“Хүний эрх” тэмдэг нь хүний амьд явах эрхийг хангасан, хүний эрхийн салбарт амжилт, бүтээл гаргасан зүтгэлтэнгүүдэд олгодог бөгөөд онцгой гавьяаг нь хүндэтгэн олгож байгааг танилцуулан комиссын дарга гардуулан өгсөн юм. Дээд шагнал болох “Хүний эрхийн төлөө” тэмдгийг дагалдуулан 100,000 төгрөгийн урамшуулал олгодог юм байна.

Иргэн Дэлэгийн Баасандоо, Сумаагийн Хишигдалай нар 11-р сарын 5-6-нд шилжих шөнийн 04:00 цагийн үед таксинд явж, Чингэлтэйн эцэст хүн хүргэж өгчээ. Үйлчлүүлэгчээ буулгаж байх үед хүүхдийн “Авраарай, туслаарай” гэх дуу сонсогдсон байна. Ингээд хүүхдийн дуу сонсогдсон зүгт очтол эсгий гэр шатаж, тооноор нь гал гарч байжээ.

Тэд “Хашаанд гүйгээд ортол өөдөөс 10 гаруй насны хүүхэд бага насны дүүгээ тэврээд гэрээсээ гарч ирж байсан. Дотор нь дахиад хүүхдийн дуу гараад байхаар нь шууд зөрөөд ортол 7, 8 настай болов уу гэмээр хоёр хүүхэд уйлаад байж байсан. Хүүхдүүд нүцгэн байсан учраас хөнжлийг нь шүүрч аваад боогоод гаргасан” хэмээн иргэн С.Хишигдалай ярив.

Хүүхдүүдийг гаргасныхаа дараа эмнэлэг, цагдаа, онцгой байдлын байгууллагад дуудлага өгсөн байна. Гэр нь тэр дороо шатаж дууссан бөгөөд гал гарах үед 3-14 насны дөрвөн хүүхэд гэртээ байжээ.

Энэ үед Д.Баасандоо, С.Хишигдалай нар амь нас, эрүүл мэндээ үл хайрлан, хугацаа алдалгүй шатаж буй гэр рүү орж иргэний үүргээ нэр төртэй биелүүлсэн байна.

Иргэн С.Хишигдалай Сонгинохайрхан дүүрэгт эхнэр таван хүүхдийн хамт амьдардаг юм байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here