Ч.Батцэцэг: Хамгийн том ялгаа нь би мөнгө олох хэрэгтэй, харин энэ хүн мөрөөдлөө биелүүлэх хэрэгтэй

0
16

“Гилгэрэм” брэндийг үүсгэн байгуулагч, Монголын Гоо Сайхны Бүтээгдэхүүний Кластер ТББ-ийн УЗ-ийн дарга Ч.Батцэцэгтэй тэмээний чөмөгний найрлагатай гоо сайхны бүтээгдэхүүний онцлог болон ажил хэрэгч бизнесийн талаар ярилцлаа.

-Энэ өдрийн мэнд хүргэе. Намар цагт ажил их өрнөдөг. Намрын улирлыг ямар санаа, төлөвлөгөөтэй угтаж, бизнесийн ажлаа хийж байна вэ, Батцэцэг ээ ?

-Мэндээ. Утаа багатай, үр бүтээлтэй сайхан намар болж байна. Энэ намар төлөвлөсөн гол зорилгоо амжилттай биелүүлж Монголын Гоо Сайхны Бүтээгдэхүүний Кластер ТББ-аа үүсгэн байгуулалцлаа. Мөн монголын гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарын хөгжилд стратегийн ач холбогдолтой 90 гаруй байгууллагад зорилгоо танилцуулж, хамтын ажиллагааг эхлүүллээ.

Органик болон байгалийн гаралтай гоо сайхны бүтээгдэхүүний орц найрлагад тавигдах шаардлагын тухай олон улсын ISO16128 стандартыг өөрийн компанийг оролцуулсан. Үүний зэрэгцээ дотоодын байгалийн гаралтай гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 13 компанийн 100 гаруй бүтээгдэхүүнд нэвтрүүлэх ажлыг Кластерийн гишүүдтэйгээ хамтран хийлээ.

– Ч.Батцэцэгийг тэмээний чөмгөөр гоо сайхны бүтээгдэхүүн хийдгээрнь хүмүүс илүү сайн таньдаг болсон. Сэтгүүлч байсан хүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч болно гэдэг тийм амар даваа биш байх. Гэхдээ та сэтгүүлчийн хөдөлмөр, бизнес эрхлэгчийн ялгааг хэрхэн ойлгож байна вэ?

-Сэтгүүлч Батцэцэг бол миний дотор байдаг хувийн туслах, дотны найз маань юм. Энэ хүнийг одоо ч би шаргуу ажилуулсаар байгаа. Хувийн, хувьсгалын гээд бүхий л ажилд маань туслаж, асуудлыг олж харж, гарц шийдлийг зөвлөж, зөв хандлагыг урамшуулж, мэдлэг туршлагаа хуваалцаж байдаг нэгэн. Энэ хүн намайг нийгмийн ажилд татан оролцуулах асар их сонирхолтой. Гэвч би бизнесээ хийлгүй болохгүй. Хамгийн том ялгаа нь би мөнгө олох хэргтэй, харин энэ хүн мөрөөдлөө биелүүлэх хэрэгтэй. /инээв/ Гэвч хоёул сайхан нийгмийг бий болгох, бүтээн байгуулах хүсэл эрмэлзэлтэй.

-Тэмээний чөмөг бол хамгийн сайхан амттан. Би хүүхэд байхдаа тэмээний чөмгөнд нэг биш удаа дурлаж байлаа. Харин тэмээний чөмгийг монголчууд эрт дээр үед ахуй хэрэгцээндээ яаж хэрэглэж байсан түүхээс сонирхуулна уу?

-Тэмээний чөмгөө би өөрөө идэж үзээгүй юм байна шүү. /инээв/ Гэхдээ үхрийн чөмгийг бол хүнсэндээ тогтмол хэрэглэдэг. Маш сайхан амттай. Монголчууд маань мах чанаад шулсан булууны ясаа ташаж чөмгийг нь ухаж иддэг уламжлалтай. Чөмөг бол ардын уламжлалт анагаах ухаанд туршигдсан үнэт түүхий эд юм. Чөмөгний тос нь малаас авч болох хамгийн сайн чанарын тос бөгөөд ханаагүй тосны хүчлийн агууламж маш өндөр, эрдэс шимээр баялаг, эдгээх увдистай эд юм. Эртнээс Монголчууд тэмээний чөмөгний тосыг үе мөчний өвчин намдаах, арьсны харшлыг анагаах, хаван буулгах, хэвтрийн цооролтоос сэргийлэх зэрэгт өргөн хэрэглэж ирсэн түүхтэй. Харин одоо жирэмсний язралтаас сэргийлэх, шархыг сорвигүй эдгээх, үрэвслийг дарах, арьсыг залуужуулах гээд олон ашигт чанаруудыг нээсээр байна.

-Ингэхэд тэмээний чөмөгтэй “Гилгэрэм” брэндэд хэдэн төрлийн гоо сайхны бүтээгдэхүүн багтдаг вэ?

-Гилгэрэм нэрийн тэмээний чөмөгтэй саван, тэмээний чөмөгийн тосыг дотооддоо үйлдвэрлэн худалдаалж байна. Өнгөрсөн 3 жилийн хугацаанд малын чөмгийг шимтэн судалж, элдвээр туршиж, төрөл бүрийн бүтээгдэхүүн хөгжүүлсээр байна.

-Гадаадын гоо сайхны олон төрлийн брэнд бүтээгдэхүүнээс “Гилгэрэм” брэнд бүтээгдэхүүнүүд ямар онцгой чанараар ялгарч байна вэ?

-Мэдээж түүхий эдээрээ онцгой. Үүнээс гадна бид байгалийн органик хаягдал буюу малаас гарч буй булууны ясан дайвар бүтээгдэхүүнийг сайжруулан боловсруулж, байгалийн гаралтай, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байна. Байгальд ээлтэй, хүнд ээлтэй үйлдвэрлэлээс гадна хариуцлагатай хэрэглээг бий болгож буй онцлогтой юм. Буянт малынхаа түүхий эдийг аль болох хаягдалгүй, бүрэн гүйцэт ашиглахыг хариуцлагатай хэрэглээ гээд байгаа юм.

-Гадаадын хэдэн орны зах зээлд борлогддог вэ?

-Албан ёсоор экспортод гарна гэдэг бол олон улсын гоо сайхны бүтээгдэхүүн, үйлдвэрлэл, менежментийн шаардлагыг хангаж байж, олон талт хамтын ажиллагааны үр дүнд бий болох зүйл. Үүний төлөө Монголын Гоо Сайхны Бүтээгдэхүүний Кластер ТББ-ийн гишүүд нэгдэж, хамтран зүтгэж байна. Албан бусаар гэвэл манай бүтээгдэхүүнүүд АНУ, БНСУ, Нидерланд улсуудад ганзагын наймаа болон онлайнаар худалдаалагддаг.

-Дотоод, гадаадын хэрэглэгчид танай бүтээгдэхүүнээс гоо сайхан, эрүүл мэнд, сэтгэл ханамжийн ямар эмчилгээ, таашаал авах боломжтой вэ?

-Тэмээний чөмөгтэй бүтээгдэхүүний хувьд арьсны нөхөн төлжилтийг дэмждэгээрээ онцлогтой. Жишээ нь жирэмсний үед маш хурдацтай тэлж байгаа арьсны эдүүдийг уян хатан байлгаж, язарч урагдараас сэргийлдэг. Мөн хэвтрийн үед холгогдож нимгэрч байгаа арсыг мөн төдий чинээ хурдтайгаар нөхөн төлжүүлж цоорохоос сэргийлдэг. Диатез, экзем, псиораз зэргийн тууралтын шинж тэмдэгийг намжааж арьсыг тайвшруулахад мөн үр дүнтэй байгаа. Арьсны аливаа гэмтэл, шархыг сорвигүй эдгээхэд тустай. Үүнд батганы сорви ч орно.

Харин хамгийн сайхан таашаал нь Гилгэрэм брэндийн Хар Мангас хочтой тэмээний чөмөгтэй савангаар угаагаад унтахад нүүрэн дээр гарсан идээт үрэвсэл маргааш өглөө нь мартагдахуйц болсон байдагт байгаа юм.

Байгалийн гаралтай бүх гоо сайхан, арьс арчилгааны бүтээгдэхүүний хамгийн эхний үүрэг нь арсыг гэмтээхгүй, хордуулахгүй, харшлахгүй байх юм. Үүний үр дүнд арьс гэдэг эрхтэн өөрийгөө гуужуулах, төлжүүлэх, нөхөн сэргээх боломжтой болдог. Дараагийн үүрэг нь арьсыг гадны нөлөө, бохирдлоос хамгаалах, арьсны чийгийг хадгалах, улмаар арьсанд тэжээл өгөх, арьсны эдгэрэлтийг дэмжих үүрэг юм. Энэ үүрэг нь тухайн байгалийн гаралтай бүтээгдэхүүн ямар орц найрлагатайгаас шалтгаална.

-“Гилгэрэм” брэндийг хийхэд эрүүл мэнд, гоо сайхны зөвлөгч ажилладаг уу. Бүтээгдэхүүнээ ямар лаборторит баталгаажуулдаг вэ?

-Манай бүтээгдэхүүний чанар шалгагч, зөвлөгч, хөгжүүлэгч бол манай хэрэглэгчид юм. Би хэрэглэгчдийнхээ сэтгэл ханамж, санал гомдол, санаа оноог байнга сонсохыг эрмэлздэг. Тиймээс бүх бүтээгдэхүүний сурталчилгаа, зар дээр өөрийнхөө утасны дугаарыг тавьдаг. Харин бүтээгдэхүүнийхээ шинжилгээг Эко Стандарт лабораторит хийлгэдэг. Манай улсад гоо сайхны бүтээгдэхүүнийг шинжилдэг мэргэжлийн лаборатори байхгүй. Монголын Гоо Сайхны Бүтээгдэхүүний Кластер байгуулагдан ажиллаж байгаа бас нэг том зорилго бол ийм лаборатортой болох юм.

-Та “Шударга бус байдлыг өөгшүүлж, хайхралгүй өнгөрөөж болохгүй” гэж http://peak.mn сайтад өгсөн ярилцлагандаа онцолсон байсан. Олон нийтийг зөв ёсонд чиглүүлсэн шударга сайхан үгэнд тань санаа нийлж байна. Ер нь Монголд бизнес эрхлэхэд тулгардаг хамгийн хэцүү саад, бэрхшээлийн талаар хэлэх асуудал байна уу?

-Шударга бус байдлыг өөгшүүлж, хайхралгүй өнгөрөөж болохгүй. Учир нь шударга байдал бол бүх зүйлийн чанарын үндэс юм. Хэрвээ төр иргэддээ шударга ханддаг бол төрийн үйлчилгээ төдий чинээ чанартай байна. Хэрэв хүмүүс харилцаандаа шударга хандвал гэр бүл, нөхөрлөл, хамтрал урт хугацаанд тууштай оршин тогтноно.

Хувь хүний шударга байдал нь өөрийнх нь амьдралын чанар, үнэ цэнэ, сэтгэл ханамж, өөрийгөө хүндлэх, өөртөө итгэх байдалтай шууд холбоотой. Хэрэв би хэрэглэгчиддээ шударга ханддаг бол миний бүтэгдэхүүнүүд миний хэлсэн шиг чанартай байна. Бизнес хийхэд тулгарч буй саад бэрхшээлийг ярьвал тоочиж дуусахгүй. Аливаа харилцаанд шударга хичээнгүй байдал, ёс зүйн хэм хэмжээ оршиж байвал ямар ч асуудлыг шийдэж болно гэж итгэдэг.

-Танай хамт олны бизнест гоо сайхны бүтээгдэхүүнээс өөрөөр төсөөлсөн төлөвлөгөө байдаг уу?

-Манай хамт олны зорилго бол малын чөмөгний тосыг инноваци шингэсэн бүтээгдэхүүн болгож хөгжүүлэх, эдийн засгийн эргэлтэнд оруулах, орчин үеийн хүмүүсийн эрүүл амьдралын хэв маягт нэвтрүүлэх, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх юм. Энэ нь зөвхөн гоо сайхны бүтээгдэхүүн бус хүнсний бүтээгдэхүүн  ч хөгжүүлэх боломжтой гэсэн санаа юм.

-Үндэсний онцлогтой малын үнэт эдээр найруулсан гоо сайхны бүтээгдэхүүнүүд нь олон түмэнд үр шимээ өгч байх болтугай. Тэр хэрээр танай бизнес амжилттай, өгөөжөөр дүүрэн байхыг хүсэн ерөөе.

-Их баярлалаа. Танай хамт олонд эрүүл энхийг хүсье.

 Ярилцсан Б.Баярмаа