16 настай хүү монгол бичгийг хөрвүүлдэг аппликейшн зохион бүтээжээ

0
36

Г.Батмэнд 16 настай бие даан код бичиж улмаар латин болон крилл үсгийг монгол бичигт хөрвүүлдэг аппликейшнийг найман сарын хугацаанд зохион бүтээсэн байна.

Нийслэлийн 104 дүгээр сургуулийн 12а ангид сурдаг. АНУ-д программист мэргэжлээр суралцах хүсэлтэй, Г.Батмэнд бүтээлээ “Гэгээ” программ гэж нэрлэсэн юм. Сургуульдаа англи хэлний клуб нээн, өөрөө удирддаг тэрбээр сурахынхаа хажуугаар “Улаанбаатар төмөр зам”-д сантехникийн инженерээр ажилладаг байна.

Тэрээр залуусыг цахим хэрэглээний эрин үед монгол бичгийг орхигдуулахгүй байлгах үүднээс тус аппликейшнийг бүтээжээ. Мөн залуус монгол бичгээ, эх хэлний хэрэглээгээ зөв ашиглах хэрэгтэйг онцлон хэлж байлаа.

Г.Батмэнд хэлэхдээ: “Анх наймдугаар ангид байхад манай багш чи мэдээлэл зүйн олимпиадад оролцох уу гэж санал тавьсан. Тэр олимпиадад орсноос хойш программуудыг судлан бие даан суралцаж эхэлсэн. Өөрийнхөө мэдэхгүй зүйлсийг интернэтээс англи хэлээр хайдаг болохоор байхгүй, мэдэхгүй гэдэг асуудал бараг байдаггүй.

Бусад улс оронтой харьцуулахад манайх эх хэлээ зөв зохистой хэрэглэдэггүй. Жишээ нь БНСУ гэхэд л зөвхөн өөрсдийнхөө үсэг, хэлийг ашигладаг бол монгол бичгээ биш гэхэд крилл үсгийг ч тэр бүр ашигладаггүй. Латинаар бичиж товчлон бүрэн утгаар нь эх хэлээ ашигладаггүй. Цаашдаа хийхээр төлөвлөсөн нэмэлт зүйлс бий” гэв.

Бид цахим орчинд монгол бичгээр бичих үед хэвтээ байдлаар бичигдэх асуудалтай тулгардаг. Тэгвэл Г.Батмэнд хүүгийн зохиосон “Гэгээ” нэртэй хэрэглүүр нь энэ асуудлыг шийдэж бичвэрийг босоо болгон хөрвүүлэх, бичвэрийг зурган хэлбэрт шилжүүлэх, хэрэглэгч өөрийн хүссэн зургаа нэмэх, арын зургаа солих зэргээр загварыг бүрэн өөрчлөх боломжтойгоор хөгжүүлжээ. Мөн тэрээр монгол стикерүүдийг хэрэглүүртээ зориулан бүтээсэн байна.

Эмээ П.Тогтох нь хэлэхдээ: “Өөрөө их идэвх сайтай хүүхэд. Тэр ч утгаараа хичээлийнхээ зав зайгаар англи хэлний клуб нээн ажиллуулж байгаа юм билээ. Монгол хэл бичгийг өвөөгийнхөө хуучин номыг үзэн сурсан. Зав л гарвал хичээлээ хийгээд сууна. Би тоглож байна уу үгүй юу гээд үзэхэд хичээлээ хийгээд л сууж байдаг. Би монгол хэлний ийм зүйл хийж байгаа гээд л үзүүлдэг” гэлээ.

Монгол Улс 2025 он гэхэд хос бичигтэн орон болохоор төлөвлөөд байгаа. Ингэхийн тулд юуны түрүүнд хүн бүхэн монгол бичгээ сурч, хэрэглэж хэвших нь чухал. Тэгэхэд мэдээж юу юунаас илүү монгол бичгээр бичдэг программ хэрэгтэй.

Тэгвэл Г.Батмэнд хүүгийн зохиосон хэрэглүүр залуусыг хос бичигтэн болгоход чиглэж, тэдний өдөр тутмын хэрэглээнд нь нэвтрүүлэхээр ажиллаж байна.

Энэхүү “Гэгээ” аппликейшн гар утаснаасны болон компютерын гэсэн хоёр хувилбартай аж.  Тэрээр 2025 он гэхэд бүх санаагаа багтаан, илүү хөгжүүлсэн хэрэглүүрээ олон нийтийн хүртээл болгохоор ажиллаж байгаа гэсэн юм.