Л.Дүгэржав долоо дахь удаагаа өмнөд туйлыг зорих аялалдаа гарлаа

0
22

 Өмнөд туйлын Антрактид тивийн анхны монгол хүн, ШУТИС-ийн “Антарктид судлал”-ын төвийн захирал, доктор, профессор, туйл судлаач Л.Дүгэржав өнөөдөр долоо дахь удаагаа өмнөд туйлыг зорих аялалдаа гарч байна.

Тэрбээр Болгар Улсын Антарктийн экспедицийн хоёрдугаар багийн бүрэлдэхүүнд багтаж, арван хоёрдугаар сарын 2-нд Чили, Аргентины хамгийн өмнөд цэгт орших хотод очин, Магелланы хоолойг гатлаад Галт газрын арал дээр хүрэх төлөвлөгөөтэй байгаа юм.

Түүний аялалын зорилго нь зургаан хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллах боломжтой үндэсний баазаа албан ёсоор байгуулж, олон улсын эрдэмтэн судлаачидтай хамтран ажиллах, мэдээлэл солилцож, хөрөнгө оруулалтаа бүрэн шийдвэрлэх гэнэ. Хэрэв экспедицийн байртай болбол монголчууд судалгааны ажилд олноороо явах боломж бүрдэх аж. Мөн тэрбээр аялалынхаа туршид судалгаа хийх бөгөөд “Манай дэлхийн глобал цаг уурын өөрчлөлт” судалгааны ажилд тасралтгүй оролцсоор иржээ. Энэ удаагийн аялалаараа тэр 70 хоногт 50 мянган километр замыг туулах аж.

Ташрамд сонирхуулахад түүнийг Монгол Улсыг Антарктидын гэрээнд нэгдэн оруулах асуудлыг Засгийн газрын өгсөн эрхийн дагуу гүйцэтгэсэн учир Олон Улсын байгууллага үнэлж нэгэн нэргүй оргилыг “Dugerjav peak” хэмээн нэрлэсэн байдаг.

Тэрбээр өмнөх аялалаараа Антрактидад төрийнхөө далбааг мандуулж, монгол гэрээ барьсан юм. Энэ тухай Л.Дүгэржав “Одоо очиход далбааны хагас нь үлдсэн байх боловуу гэж таамаглаж байна. Хэрэв байвал талыг нь ч болов авчирч сургуулийнхаа музейд хадгалуулна” хэмээсэн юм.

Монголчууд 1972 онд анх удаа хуучин ЗХУ-ын экспедицийн бүрэлдэхүүнд багтаж Антрактид тивд хөл тавьсан билээ. Улмаар 2015 онд Монгол Улс Антарктидын Олон улсын гэрээний 53 дахь гишүүн болж нэгдсэнээр бие дааж судалгааны ажил явуулах боломжтой болсон юм.