Ч.Ганхуяг: Хувийн тэтгэврийн сан өвлөгдөж үлддэгээрээ давуу талтай

0
982

Ард Санхүүгийн Нэгдэл”-ээс санаачлан уламжлал болгон зохион байгуулдаг “Хөрөнгө Оруулагч Үндэстэн 2020” чуулга уулзалт арван хоёрдугаар сарын 1-нд тав дахь жилдээ “Ирээдүйдээ эзэн байя” уриан дор болох юм. Тус чуулганаар цаг үеийн хамгийн эмзэг сэдэв болох тэтгэврийн тогтолцооны шинэчлэлийг онцолно. Энэ талаар болон “Хувийн тэтгэврийн сан” иргэдэд хэр өгөөжтэй байж чадах тухай “Ард санхүүгийн нэгдэл” ХК-ийн Гүйцэтгэх захирал Ч.Ганхуягтай ярилцлаа.

–  Манай урилгыг хүлээн авсан танд баярлалаа. Таныг тэтгэврийн тогтолцооны шинэчлэлийг хийх шаардлагатайг эртнээс санаачилсныг мэднэ. Гэхдээ энэ талаар ярихаасаа өмнө өнөөдрийн тэтгэврийн тогтолцооны юу нь буруу байгаагаас ярилцлагаа эхлэх нь зүйтэй болов уу?

– Одоо үйлчилж буй тэтгэврийн тогтолцоо шударга бус, буруу. Би үүнийг хэдэн шалтгааны үндэслэлтэйгээр нотолж чадна. Тухайлбал, бид насаараа ажиллаж, сар бүр нийгмийн даатгал төлнө. Хамгийн багадаа 30 жил сар бүр 124 мянган төгрөгийг нийгмийн даатгалд төлөөд, тэтгэвэрт гарах насан дээрээ төлсөн мөнгөө буцаан авахад юу ч байхгүй байна. Учир нь өнөөдрийн төлж байгаа нийгмийн даатгалын мөнгө өмнө нь тэтгэвэрт гарсан хүмүүсийн тэтгэврийн санхүүжилт болж байгаа юм. Тэгэхээр бидний ирээдүйд бидний хүүхдүүд ажил хийж, нийгмийн даатгалын шимтгэл төлж байж бид тэтгэврийн бараа харна гэсэн үг.

Мөн өнөөдөр нэг иргэн дунджаар сая гаруй төгрөгийн орлоготой. Харин тэтгэврийн хамгийн доод хэмжээ нь 300 гаруй мянган төгрөг. Сардаа сая гаруй төгрөг олдог байсан иргэн тэтгэвэрт гарахад сард ердөө л 300 гаруй мянган төгрөг авах жишээтэй. Төр нь иргэдээ ядуурлаас гаргая гэдэг. Гэтэл Төрийн бодлого үүнээс зөрөөд байна. Энэ нь иргэдээ ашиглаж, ашиглачхаад ангал руу түлхэж байгаагаас ялгаагүй. Монголд тэтгэврийн мөнгөөрөө эрүүл саруул, аз жаргалтай амьдарна гэсэн ойлголт байхгүй.

Татвар төлөгчдийн мөнгө зам, гүүр, сургууль, эмнэлэг, цахилгаан станц зэргийг барихад зориулагдах ёстой. Үүнээс 5 орчим хувийг тэтгэвэрт өгдөг нь төсвөө “алж” байна. Төрөлт нэмэгдэж буйг ярьж байгаа. Одоо төрж буй хүүхдүүд хөгширч тэтгэвэрт гарахад улсын төсөв төрийн ажилчдынхаа цалинг тавихад хүрэхгүй. 2020 он хүртэл явсан хүүхдийн төрөлтийг нэмэгдүүлэх бодлого 50, 60 жилийн дараа тэсрэлт болж, нийгэмд дарамт болно. Энэ бол цаг хугацааны тохиргоотой дэлбэрдэг бөмбөг гэсэн үг. Манай улсын төсвөөс зөвхөн тэтгэвэр тавьдаг болж, нийгмийг авч явах төсвийн мөнгө байхгүй болно.

Хэрэв бид нийгмийн даатгалд төлдөг мөнгөө банканд хадгалуулсан бол 30 жилийн хугацаанд 180 сая гаруй төгрөг хуримтлагдаж, хүү тооцвол 800 сая гаруй төгрөг болж, тэтгэвэрт гарах нас болоход бид энэ хэмжээний мөнгийг авах байсан. Гэтэл тэр мөнгө өнөөдөр байхгүй, хүмүүст зүгээр тараачихсан. Бид хэзээ нэгэн цагт буцааж тэтгэвэр хэлбэрээр авна гээд ажиллаад л нийгмийн даатгалын шимтгэлээ төлдөг. Гэвч тэтгэвэрт гарахаасаа өмнө хорвоогийн мөнх бусыг үзүүлж байгаа хүмүүсийн хувьд ямарч ашиггүй байна. Үр хүүхдэдээ өвлүүлэх тогтолцоо байхгүй. Өнөөдрийн энэ тогтолцоо бол өгөөж тооцдоггүй, өвлүүлж өгдөггүй, хуримтлал үүсдэггүй.

Та бүхэн энэ тогтолцоог өөрчилж, иргэн тэтгэвэртээ гарахад юунд ч санаа зовохгүйгээр амьдрах боломжийг хангаж чадах ямар шийдлийг гаргаж ирсэн юм бэ?

– Бид тухайн иргэнийг өнөөдөр төлж байгаагаасаа илүү мөнгийг ирээдүйд авдаг болгоё гэж зорьж байгаа. Сая төгрөгийн цалинтай хүн 34 хувийг сар бүр татварт өгдөг. Ажиллаад л, цалингийнх нь 34 хувийг улс аваад байдаг. Буцаад иргэндээ ирэх ач тус байхгүй. Бидний санал болгож буй “Хувийн тэтгэвэрийн сан” нь богино хугацааны шийдлээр иргэд эхний ээлжинд өөрийн орлогоосоо сайн дураараа сар бүр 50 мянган төгрөг хуримтлуулах юм. Хэрэв ингэж чадвал иргэн тэтгэвэрт гарахдаа сард 2-3 сая төгрөгийн тэтгэвэр авах боломжийг хангана.

Өнөөдөр улсын эрүүл мэндийн даатгал үнэгүй юм шиг хэрнээ үйлчлүүлэхэд хэцүү гэдгийг иргэд сайн мэднэ. Тэгвэл улс биднийг хамгаалахгүй бол бид өөрсдийгөө хамгаалах хэрэгтэй. Хөгширнө гэдэг эрсдэл биш. Энэ бол цаг хугацааны аясаар болох зүйл. Даатгал гэдэг биднийг эрсдэлээс хамгаалах зүйл. Иргэд тэтгэвэрт гараад, насныхаа эцэст сайхан амьдрах эрхтэй. Насныхаа эцэст ядууралд орж амьдрах ёсгүй. Монголчуудад хуримтлал хамгаалалт байдаггүйн ганцхан жишээ хэлэхэд өрхийн тэргүүн өвчин тусаад гурван сар гэртээ хэвтэхэд тухайн айлын амьдрал нурдаг. Аав нь өвдөхөд ээж нь асарч, ажлаа хийж чадахгүйд хүрдэг. Харин хүүхдүүд нь амьдралаа залгуулахын тулд хөдөлмөр эрхэлж эхэлдэг. Бид сард ердөө 50 мянган төгрөгийг өөрсдийн ирээдүйн төлөө хуримтлуулснаар эрүүл мэндийн даатгал, ажил завсардах үеийн даатгал гээд олон эрсдэлээс өөрсдийгөө сэргийлэх боломжийг бүрдүүлж байна. Бид үүнийг л хийж байна.

–   Иргэдийн мөнгийг авч өсгөж, ирээдүйд нь хөрөнгө оруулна гэлээ. Иргэдийн хөрөнгийг арвижуулах механизмыг хэрхэн хийх вэ?

– Мэдээж Хувийн тэтгэврийн сан өөрөө хөрөнгөө босгох хэрэгтэй. Хүмүүс хөрөнгийн зах зээлийн талаар нэг үеэ бодвол илүү ойлголттой болсон хэдий ч бүгд сайн тоглогч байж чаддаггүй, хэрхэн хөрөнгө оруулалт хийхээ сайтар мэддэггүй. Тэгвэл сайн дурын тэтгэвэрт мөнгөө хийж буй иргэдэд урт хугацааны хөрөнгийн биржийн өгөөжийг өгье гэж байгаа. Хөрөнгийн биржийн өгөөж урт хугацааны дараа гардаг. Манайх сайн компаниудыг сонгоно. Та зөвхөн мөнгөө л хийж байхад мэргэжлийн багууд таны өмнөөс хувьцааны сонголтуудыг хийж эрсдэлгүй ажиллах болно. Бид Монголын баялгийг эзэнд нь хүргэнэ.

–  Хувийн тэтгэврийн сангийн эрсдэлгүй гэсэн баталгаа нь яг юундаа байна вэ?

–  Намайг хувь хүнийхээ хувьд Хасбанк системийн тогтолцоо босгосныг мэдэж байгаа байх. 2010 оноос хойш яваад л байна. Энэ бол удирдах зөвлөл, хувьцаа эзэмшигчид, хяналт гээд бүгд нийлээд нэгэн тогтолцоог үүсгэсэн нь хэн ч хариуцлагаас зугтах боломжгүй юм. Үүнтэй адил Манай Ард санхүүгийн нэгдэл бол тогтолцоон дээр суурилсан. Манай тогтолцоо нь нэг хүнээс хараат бус. Төлөөлөн удирдах зөвлөл, хараат бус гишүүдтэй, тайлангаа тогтмол гаргаж, санхүүд байнга аудит хийгдэж, журмаар зохицуулагдана. Ямар ч байсан Нийгмийн даатгалын сангийн мөнгө шиг дампуурах гэж байгаа банканд байршуулаад дундаас нь хувь цохих боломжгүй. Би тогтолцоондоо баталгаа өгч чадна. Энэ бол надаас үл хамаарах тогтолцоо. Бид бие биеэсээ харилцан хамааралтай тогтолцоог бүрдүүлсэн ч гэлээ, нэг эд эс нь байхгүй болоход энэ тогтолцоо цаашаа явах бүтэцтэй. Жишээ дурдахад, Үүсгэн байгуулахад нь миний гар бие оролцсон “Тэнгэр санхүүгийн нэгдэл”, “Хас Лизинг” зэрэг нь үйл ажиллагаа нь одоог хүртэл надгүйгээр явж байгаа тогтолцоонууд баталгаа нь болох ёстой. Бид журмынхаа дагуу амласан ёсоороо хамгийн ашигтай хувьцаануудад хөрөнгө оруулалт хийж, эрсдэлгүй бондод тодорхой ашгийг байлгаж, бодлогын дагуу хөрөнгө оруулалтыг хийж байгаа. Нөгөө талаас Зөвхөн Ард санхүүгийн хамгаалалт болгоод Ard Life-д 20 тэрбум төгрөгийн хөрөнгө байршуулсан.

–  Тэгэхээр иргэн хэр удаан хугацаанд сард 50 мянган төгрөг төлж байж үр шимийг хүртэх вэ?

–   Эхний байдлаар 30 жил гэж тооцоолсон байгаа. Гэхдээ тухайн иргэн багцаа хэдэн жилээр сонгохоо хүссэнээрээ шийдэж болно. Хувийн тэтгэврийн санг тухайн иргэн доод тал нь 5 жилээс дээш байдлаар идэвхжүүлэх боломжтой. Саяхан манай нэг танил өөртөө болон эхнэр, ээждээ эрүүл мэндийн даатгал хийлгэсэн. Тэр сард 700 мянгыг төлөөд 10 жилийн хугацаанд 7 саяар даатгуулж байгаа юм. Энэ нь 7 саяар 70 сая төгрөгийн үйлчилгээ авах боломжтой боломжийг бий болгож, дээрээс нь хүү нь өсөөд явах юм.

Хэрэв би сайн дураараа хувийн тэтгэврийн санд хамрагдаж байгаад цаг бусаар өөд болбол яах вэ?

–  Иргэн цаг бусаар өнгөрвөл 60-70 сая төгрөгийн нөхөн олговрыг олгоно. Ямарч байсан ард үлдэж буй гэр бүлдээ дарамт болохгүй гэсэн үг. Мөн хувийн тэтгэврийн сан нь өвлөгдөж үлддэгээрээ хамгийн том давуу талтай. Бас гэрээнд өв залгамжлалыг зааж өгсөн байгаа. Ингэснээр олон ярвигтай асуудлыг шийднэ.

–   Тэтгэврээ өвлүүлж үлдээх хүсэлтийг иргэдийн зүгээс маш их тавьж байгаа. Харин танайх үүнийг бодит болгож байгаа юм байна?

–  Тийм. Таны мөнгө хэн нэгний өмч болж, өөр хүний төлөө ажиллахгүй. Зөвхөн таны төлөө ажиллах юм. Та дандаа мөнгөний төлөө ажиллаж ирсэн бол одоо өөрийнхөө төлөө ажиллуулна.

–  Хувийн тэтгэврийн санд хамрагдах иргэнд ямар нэгэн шаардлага тавьж байгаа юу?

–  Сар бүр төлнө гэсэн гэрээндээ үнэнч байх ёстой. Учир нь бид тодорхой хэмжээнд өгөөж амлаж байгаа. Харин хувь хүн эсвэл албан байгууллага байвал бид гурвалсан гэрээ хийнэ. Хүмүүсийн хоорондын итгэлцэл дээр тулгуурлан гэрээ хийх юм.

Та Сангийн дэд сайд байхдаа яагаад тэтгэврийн тогтолцооны шинэчлэлтийг хийгээгүй вэ?

–  Одоо нийгмийн даатгал төлж буй хүмүүст улс 20 их наяд төгрөгийн өртэй. Бараг л манай дотоодын нийт бүтээгдэхүүнтэй дүйцэхүйц юм. Тухайн үед намайг зарим хүмүүс баяжих гэж Сангийн дэд сайд болсон гэж байлаа. Хэрвээ би баяжих байсан бол сард 10 гаруй мянган ам.долларын цалингаа орхиод сард 800 мянган төгрөгийн цалин авдаг улс төрд орох шаардлагагүй байсан. Миний гол зорилго тэтгэврийн тогтолцооны шинэчлэлтийг хийх байсан. Даан ч хийж чадаагүй. Учир нь цаана нь илүү том тогтолцоо байсан. Тэр хүмүүс ач холбогдлыг ойлгоогүй учир хийх боломж гараагүй.

–  Одоо болох “Хөрөнгө Оруулагч Үндэстэн 2020” чуулга уулзалтаар тэгэврийн тогтолцооны шинэчлэлийн талаар хөндөж, илүү дэлгэрэнгүй мэдээллийг өгнө гэсэн?

–  Жил бүр Хөрөнгө Оруулагч Үндэстэн Форум зохион байгуулж, салбар салбарын манлайлагчид, төрийн бодлого тодорхойлогчид, олон улсын байгууллагууд, хэвлэл мэдээллийн салбарынхан, бизнес эрхлэгчдийг оролцуулан, санхүүгийн салбарт гарч буй шинэ технологи, шилдэг санаануудын талаар хэлэлцэж, мэдээлэл түгээдэг уламжлалтай. Энэ удаагийн чуулга уулзалтыг ирэх арван хоёрдугаар сарын 1-нд “Корпорэйт конвеншн центр”-т тав дахь жилдээ “Ирээдүйдээ эзэн байя” уриан дор болно. Энэхүү арга хэмжээ нь Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн хөгжлийг хурдасгах, ард түмнээрээ хөрөнгө оруулагч болж, хөрөнгийн зах зээлийн үр шимийг нийтээрээ, бодитоор хүртдэг болох үндсэн зорилготой. Энэ удаад цаг үеийн хамгийн эмзэг сэдэв болох тэтгэврийн тогтолцооны шинэчлэлийг онцлож, инновацийн чиг хандлага, хууль эрх зүйн орчны өөрчлөлтүүд, шинэ бүтээгдэхүүн, шилдэг санаачилгуудыг хэлэлцэнэ.

– Ярилцсанд баярлалаа.

Б.Янжиндулам