Л.Оюун-Эрдэнэ тойргийнхоо 90 оюутанд сургалтын тэтгэлэг олгожээ

0
16

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ өөрийн сонгогдсон Хэнтий аймгийн 41-р тойргийнхоо оюутан, залуучуудыг дэмжих зорилгоор “Эргэх Холбоо” ТББ, “Азийн Хүлэг Улс” бодлогын судалгааны хүрээлэнтэй хамтран 2016 оноос хойш жил бүр тэтгэлэгт хөтөлбөр зарладаг юм.

Сурлагын амжилт, нийгмийн идэвхи, зүтгэлээр тэргүүлж буй боловч санхүүгийн боломжгүйн улмаас суралцахад хүндрэлтэй байдаг орон нутгийн оюутнуудыг урамшуулах, тэдний сурах хүсэл тэмүүллийг дэмжих зорилготой.

Мөн тэтгэлгийн эзэд зөвхөн сургалтын төлбөрийн дэмжлэг аваад зогсохгүй бүтэн жилийн турш манлайллын хөтөлбөрт хамрагддаг онцлогтой юм байна.

2019-2020 оны хичээлийн жилд тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээг тэлж, хамруулах оюутнуудын тоог нэмэгдүүлэн 9 сум тус бүрээс 4, нийт 36 оюутанд тус бүр 1 сая төгрөгийн сургалтын тэтгэлэг олгохоор болсон бөгөөд шалгаруулалтыг хэд хэдэн үе шаттай явуулж дууссан юм. Энэ жилийн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахаар болсон нэр бүхий 36 оюутантай УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ Төрийн ордонд уулзаж, сурлагын өндөр амжилт хүсээд өөрийн нэрэмжит сургалтын тэтгэлгийн батламжийг нь гардуулан өглөө.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ залууст хандан хэлэхдээ: “Миний амьдралд тусламж дэмжлэг хэрэгтэй үе олон байсан. Тийм ч учраас сумын тамгын газар, олон улсын байгууллагад ажилладаг байх үеэс л өөрт байгаа боломжоороо залуу үеэ дэмжих, урам зориг өгөхийг хичээж ирсэн. Боловсрол бол ирээдүйдээ оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт. Шинэ Монголын ирээдүй болсон залуус та бүхэндээ сурлагын өндөр амжилт хүсэн ерөөе. Хязгааргүй өндөрт дүүлэн нисээрэй…” хэмээсэн юм.

Хэнтий аймгийн 41-р тойргийн сумдын оюутнууд энэхүү тэтгэлэгт хөтөлбөрт идэвхитэй оролцдог бөгөөд 2016 онд сум тус бүрээс 1 буюу нийт 9, 2017 онд сум тус бүрээс 2 буюу нийт 18, 2018 онд сум тус бүрээс 3 буюу нийт 27 оюутанд сургалтын тэтгэлэг олгосон юм.

Ингэснээр УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ 2016 оноос хойш тойргийнхоо 9 сумын нийт 90 оюутанд бүтэн жилийн сургалтын тэтгэлэг олгоод байгаа юм.