ДОХ-той тэмцэх дэлхийн өдөр ба ХДХВ-ээр шаналж буй хүмүүс

0
13

ДОХ-той тэмцэх дэлхийн өдрийг жил бүрийн арванхоёрдугаар сарын 1-нд тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.

Энэ өдөр өнөөдөр тохиож буй бөгөөд олон улсад ХДХВ, ДОХ-оос сэргийлэх, тархалтыг бууруулахад эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тэгш байдал, чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, эрсдэлт бүлгийн хүн амыг ялгаварлан гадуурхалтаас ангид байлгах чиглэлээр төр, иргэний нийгэм, иргэн бүрийн анхаарлыг хандуулан, дэлхий нийттэй дуу хоолойгоо нэгтгэдэг билээ.

2019 онд энэ өдрийг ХДХВ, ДОХ-ын асуудалд иргэн, иргэний нийгмийн байгууллагын үүрэг, оролцоог нэмэгдүүлэх, үйл ажиллагааг нь дэмжих зорилгоор “Өөрчлөлтийг та бид хийнэ” уриан дор зохион байгуулж байна.

Монгол Улсад ХДХВ-ийн халдварын эхний тохиолдол 1992 онд бүртгэгдсэнээс хойш 2019 оны 10 сарын байдлаар ХДХВ, ДОХ-ын 281 тохиолдол мэдээлэгдсэн үүнээс 44 хүн нас барсан бөгөөд 32 нь ДОХ-ын улмаас нас барсан.

ХДХВ-ийн халдварын тохиолдлын 81.2 хувь нь эрэгтэй, тэдний 80 хувь нь бэлгийн цөөнх эрэгтэйчүүд байгаа бөгөөд нийт тохиолдлын 76.8 хувь нь 39-өөс доош насандаа (15-39 нас) оношлогджээ.

ХДХВ, ДОХ-той нэг хүний нэг жилд хэрэглэх ретровирүсийн эсрэг эмчилгээнд 1.5-аас 4 сая төгрөг зарцуулдаг, тухайлбал ХДХВ-ийн халдвар эхээс хүүхдэд дамжихаас сэргийлэх зорилгоор нэг эх, хүүхдэд хэрэглэгдэх РВЭЭ болон бусад эмийн зардалд жилд 2.5-аас 3 сая төгрөг зарцуулж байгаа юм.

Хүний дархлал хомсдлын вирусээр /ХДХВ/ хүмүүст халдварлаж, дархлалын тогтолцоог гэмтээж, улмаар үхэлд хүргэдэг энэ өвчний талаарх ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор НҮБ-ын гишүүн улс орнууд 1988 оноос эхлэн “ДОХ-той тэмцэх дэлхийн өдөр”-ийг жил бүр тэмдэглэн өнгөрүүлсээр ирсэн юм. Жил бүр эл өдрийг цаг үеийн тулгамдсан асуудлуудыг тусгасан янз бүрийн уриан дор тэмдэглэдэг.  2019 оны 12 дугаар сарын 1-ний энэ өдрийг дэлхий дахин “Дэлхийн хамтын нийгэмлэг өөрчлөлт хийж байна” сэдвийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.

ХДХВ-ийн халдвар нь дархлалын тогтолцоог гэмтээсний улмаас хүний бие аливаа өвчнийг эсэргүүцэн тэмцэх чадваргүй болдог. Улмаар амь насанд аюул учруулахуйц халдвар, хорт хавдраар өвчилж, мэдрэлийн тогтолцооны гүнзгий хямралд орохыг Дархлалын олдмол хомсдол /ДОХ/ өвчин гэнэ. Нэгэнт ХДХВ-ийн халдвар авсан хүн насан туршдаа халдвар тээгч болж бусдад халдвар тараах боломжтой байдаг.

Энэ өвчний анхны тохиолдлыг 1970-аад оны сүүлчээр Швед, Америк, Танзани болон Хаити улсын нутаг дэвсгэрт илрүүлжээ. ДОХ гэдэг нэр томьёог эмч нар 1981 онд нэвтрүүлсэн байна. Үүнээс хоёр жилийн дараа Францын эмч Люк Монтанье болон түүний хамтрагчид ХДХВ-ийн халдвар байдаг болохыг нотолж чаджээ.

ДОХ-той тэмцэх олон улсын бэлгэ тэмдэг бол өвөрмөц хэлбэрээр нугалсан торгон тууз буюу “улаан тууз” юм. Энэхүү бэлгэдлийг 2002 онд 48 настайдаа ДОХ-оор нас барсан Америкийн зураач Фрэнк Мур 1991 оны 4 дүгээр сард бүтээжээ.

2018 онд ХДХВ-ийн халдвар авсан хүний тоо 37.9 сая болж нэмэгджээ. Үүний 36.2 сая орчим нь насанд хүрсэн хүмүүс бол 1.7 сая нь 15 хүртэл насны хүүхдүүд аж. Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс, Нигери, Энэтхэг, Мозамбик, Кени зэрэг улс ХДХВ-ийн халдвартай хүний тоогоор тэргүүлж байна.

ЮНЭЙДС-ийн мэдээлснээр, 1980-аад онд халдвар тархснаас хойш нийтдээ 77.3 сая хүн дархлал хомсдолын вирусын халдвар авсан байна. 2018 онд тэдний тоо 79 сая болжээ.

ХДХВ болон бусад бэлгийн замын халдварт өвчнөөс сэргийлэх хамгийн найдвартай арга бол эрсдэлтэй алхам хийхгүй байх.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here