150 ширхэг ирвэсийн арьсаар хийсэн Богд хааны өргөөг засварлалаа

0
51

Сэцэн хан аймаг буюу одоогийн Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн Хөвчийн Жонон бэйс Сангилдорж нь нутаг хошууныхаа шилдэг урчуудаар гоёмсог өвч бүрэн тавилгатай, бага таван ханатай, 150 ширхэг ирвэсийн арьс орсон бүрээстэй тугдам буюу өргөөг бүтээлгэн 1983 онд 8 дугаар богд Жавзандамба хутагтын 25-ны сүүдэр тохиосонд зориулан өргөжээ.

Өдгөө тус өргөө Богд хааны ордон музейд хадгалагдаж байгаа бөгөөд хуучирч муудсан тул сэргээн засварлалт хийх шаардлагатай болсон байна. Улмаар 2018 онд Америкийн Нэгдсэн улсын элчин сайдын Соёлын өвийг хамгаалах сангийн жижиг төслийн уралдаанд “Ирвэсийн арьсан гэрийг сэргээн засварлах” төсөл шалгарч, тус гэрийг амжилттай засварлаж дуусчээ.

Богд хааны “Ирвэсийн арьсан гэрийг сэргээн засварлах” төсөлд нийт 15 мяган доллар буюу 40 гаруй сая төгрөгийг зарцуулжээ.

АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл С.Клечески хэлэхдээ “Богд хааны “Ирвэсийн арьсан гэрийг сэргээн засварлах” төсөл маань 2018 оны 11 сард эхэлж өнөөдөр хаалтаа хийж байна. Нийт 15 мяган доллар буюу 40 гаруй сая төгрөгөөр санхүүжсэн төсөл. Маш гайхалтай түүх соёлын дурсгал болох энэхүү гэрийг сэргээн засварлахад АНУ-ын төрийн департаментийн сангийн шугамаар тусламж үзүүлээд төслийг дуусгасанд баяртай байна. Богд хааны Ирвэсийн арьсан гэр түүх, соёлын хувьд өндөр ач холбогдолтой, олон жуулчид ирж үздэг. Ялангуяа сэргээн засварласны дараа монголчууд төдийгүй гадны жуулчид тэр дотроо Америкчууд энэхүү гэрийг үзэж танилцаж, бахархах сайхан боломж олдож байна гэж бодож байна” гэлээ

Тус өргөөг 2018-2019 онд Монгол Улсын Соёлын өвийн үндэсний төвийн мэргэжилтнүүд сэргээн засварласан байна.

Энэхүү бага таван ханатай бүрэн сийлбэртэй, мөнгөн тоноглолтой гэрийг бороо хур холдсон хуурай сэрүүн улиралд барьж 8 дугаар Богд Жавзандамба хутагт 10 хоногийн турш нямба бясалгал үйлддэг байв. Хаалган дээрх түмэн наст хээн чимэг нь гэрийн эзэн үүрдийн аз жаргалтай, урт удаан наслахыг бэлгэдэх бол хүч чадал, ид хав, зориг тэвчээр, шантаршгүй байдал, бат хамгаалалтыг бэлгэддэг дөрвөн хүчтэнээр төлөөлөн дөрвөн баганатай, багана тус бүрийг хүчтэний нэг луугаар ороож, хаалга, тооно, унийг үндэсний хээ угалзаар зүмбэрлэн чимжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here