Монгол брайл үсгийн стандарттай боллоо

0
7

Эрүүл мэнд, эмнэлгийн тусламж, үйлчилгээний стандартчиллын техникийн хорооны 2019 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн хурлаар “Монгол брайл бичгийн стандарт”-ыг баталлаа.

Дэлхий нийтээр жил бүрийн 12 дугаар сарын 3-ны өдрийг “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр” болгон тэмдэглэдэг бөгөөд энэ өдрөөр “Монгол брайл бичгийн стандарт” батлагдаж байгаа нь хараагүй болон харааны бэрхшээлтэй иргэд нийгмийн харилцаанд бусад хүмүүсийн нэгэн адил тэгш оролцох эрхийг нь хамгаалахад чиглэсэн чухал үйл явдал болов.

“Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль”-д “Брайл бичиг нь хараагүй хүний хэрэглэдэг үндсэн бичиг бөгөөд брайл бичгийг ашиглан мэдээлэл авах, боловсрол эзэмшин нийгмийн харилцаанд оролцох нөхцөл боломжоор хангана” гэж заасан. Мөн Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт брайл үсгийн стандартыг боловсруулж, батлуулах гэж заасан байдаг.

Манай улсад өнөөг хүртэл монгол брайл бичгийн стандарт буюу тогтоосон хэм хэмжээс байхгүй, орос брайл бичгийн цагаан толгойн 33 үсэг дээр “ө”, “ү” хоёр үсгийг нэмж зохиосон 35 үсэгтэй кодыг 1960 оны үед шууд авч хэрэглэснээс хойш сайжруулан шинэчлэх ажил хийгээгүй байсан юм.

Иймээс Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас “Монгол брайл үсгийн стандарт”-ын төслийг 2018 онд боловсруулан хэлэлцүүлж, сайжруулан ерөнхий боловсролын 116 дугаар сургуульд 2018-2019 оны хичээлийн жилд туршсаны эцэст ийнхүү батлуулсан байна.

“Монгол брайл бичгийн стандарт” цагаан толгойн үсгийн хэрэглээг журамлан сайжруулж, баталгаажуулснаар дараах үр дүн гарах болно. Үүнд:

  • Үсгийн хэвлэмэл тэмдэгт нэг бүрийг хоёрдмол утгагүй брайл тэмдэгтээр харгалзуулснаар хэвлэмэл эх, брайл эх хооронд хөрвүүлэхэд хялбар болно.

  • Брайл номын эх бэлтгэлийг хямд, хялбар аргаар хийх.

  • Шинжлэх ухааны хичээлийн нэгдсэн тэмдэг тэмдэглэгээтэй болох.

  • Брайл электрон төхөөрөмжийн хэрэглээг дэмжинэ.

  • Брайл бичгээс хэвлэмэл эх рүү алдаагүй хөрвүүлэх бололцоо нэмэгдэнэ.

  • Хараагүй болон харааны бэрхшээлтэй иргэд дэлхийн аль ч улсад сурч боловсроход дөхөм болох

  • Их, дээд сургуульд суралцагч хараагүй буюу харааны бэрхшээлтэй оюутнууд Монгол брайл бичгээр курсийн ажлаа хийж, кириллээр хялбархан хэвлэдэг болно.

  • Улсын хэмжээнд нэгдсэн брайл бичгийн тэмдэг, тэмдэглэгээтэй болох юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here