НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛ НЭМЭГДЭХГҮЙ

0
83

УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авснаар 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс Нийгмийн даатгалын шимтгэл нэмэгдэхгүй боллоо.

Сануулахад, Нийгмийн даатгалын шимтгэлийг 5 хувиар нэмэгдүүлэх улс төрийн шийдвэр 2017 онд гарсан. Түүнчлэн 2018 онд 2 хувиар, 2019 онд 1 хувиар нэмэгдүүлсэн.  Үлдсэн 2 хувийн нэмэгдэл 2020 оноос хэрэгжиж эхлэх хууль эрх зүйн орчин үйлчилж байсан юм.

Харин Ерөнхийлөгч Монгол Улсын 2020 оны төсвийн тухай болон Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд хэсэгчлэн, хамт батлагдсан Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь хориг тавьсан.

Тэгвэл Ерөнхийлөгч Х.Баттулгын Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хуульд хэсэгчлэн тавьсан хоригийг өнөөдөр /2019.12.12/ УИХ-ын чуулганаар хэлэлцэж, Нийгмийн даатгалын шимтгэлийг 2 хувиар нэмэгдүүлэхгүй байх хоригийг нь гишүүдийн олонх дэмжлээ. 

Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хуулийг дагалдаж батлагдсан Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуулийн 3, 4 дүгээр зүйлд нийгмийн даатгалын шимтгэлийн нэмэгдлээс төвлөрч, зарцуулагдах 174,2 тэрбум төгрөгийн хэмжээнд хэсэгчлэн хориг тавьсан байсан юм.

Харин 2020 онд хөрөнгө оруулалттай холбоотой

  • Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хуулийн 2 дугаар хавсралтад заасан, 2020 оноос эхэлж 2021, 2022 оныг дамжин хэрэгжих, хоригийн хавсралтад дурдсан, 1,424,277.3 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий 386 барилга, арга хэмжээнд хэсэгчлэн,

  • Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан 1,828,930.3 сая төгрөгөөс 2020 оноос эхэлж 2021, 2022 оныг дамжин хэрэгжих барилга, арга хэмжээнд төсөвлөсөн 350,846.7 сая төгрөгийг хасуулахаар тухай зүйлд хэсэгчлэн,

  • Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хуулийг дагалдаж батлагдсан Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тус тус тавьсан хоригуудыг УИХ хүлээж авсангүй.

УИХ Ерөнхийлөгчийн тавьсан нэг хоригийг хүлээн авсантай холбоотойгоор 2020 оны Төсвийн тухай хууль болон холбогдох хуулиадад нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг Засгийн газар санаачилж, ирэх долоо хоногийн УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэх үүргийг УИХ-ын дарга Г.Занданшатар өглөө.

Тэрбээр мөн Нийгмийн даатгалын санд учруулсан хохирлыг буруутай этгээдүүдээр төлүүлэх шаардлагатай гэж үзэж, УИХ-ын гишүүн Б.Жавхлангаар ахлуулсан Ажлын хэсэг байгуулах тогтоол гаргаснаа мэдэглээ.