Муур яагаад цаасан хайрцганд дуртай байдаг вэ?

0
50

Муурнууд ямар ч хэмжээтэй газар багтаж шингэх чадвартай байдаг. Хөвсгөр найзууд маань усны хувин, хувцасны шүүгээ, цаасан хайрцаг зэргийн хажуугаар зүгээр өнгөрч чадна гэдэг юу л бол. Ямар ч үнээр хамаагүй “Аятай тухтай байг дээ” гэж бодоод л гоё тансаг зориулалтынх нь орыг авч өгөөд байхад хүртэл орных нь цаасан хайрцганд ороод хэвтчихдэг ийм л хачин нөхдүүд шүү дээ. Тэгвэл муурнууд яагаад юу юунаас илүү цаасан хайрцгийг сонгодог шалтгааныг судлаачид олсон байна.

Цаасан хайрцаг муурны хамгийн дуртай хэвтэр гэдгийг бид мэднэ. 2014 онд Утхехтийн их сургуулийн судлаачид муур яагаад цаасан хайрцганд орох дуртай байдгийг олохын тулд нэгэн судалгаа явуулжээ. Гэхдээ үр дүн нь та бүхнийг нэг их гайхшруулахгүй л болов уу?

Цаасан хайрцган дотор хэвтэх нь муурны стрессийн түвшинг маш их үр дүнтэйгээр бууруулдаг байна. Судлаачид асрамжийн газрын нийт 19 мууранд туршилт хийсэн бөгөөд үүнээс 10 муурыг нь цаасан хайрцганд, үлдсэн 9 муурыг энгийн торонд оруулжээ. Судлаачид:

 “Стресс муурны эрүүл мэндэд маш сөргөөр нөлөөлдөг. Бидний стрессддэг бол хажууд нь юу ч биш. Кортизол буюу стрессийн гормоны хэмжээ ихэссэнээс үүдэн муурны дархлаа муудаж, улмаар асрамжийн газар шиг амьтад олноороо байдаг газруудад халдварт өвчин тархах эрсдэл ихэсдэг. Хэдийгээр муур хайрцганд орж нуугдсанаар стресс нь буурдаг талаар хэд хэдэн судалгаа хийгдсэн байдаг ч яг амьтад олноороо байдаг газруудад цаасан хайрцаг мууранд хэрхэн нөлөөлдөг талаарх судалгаа хийгдэж байгаагүй” гэв.

Улмаар тэд хайрцганд байсан болон хайрцганд байгаагүй муурны ялгааг харсан байна.

Муурны стрессийн түвшинг Кесслер ба Төрнерийн Муурны стрессийн оноо (CSS)-г ашиглан тогтоосон. Мэдээж хайрцганд байсан муурнуудын стрессийн түвшин нөгөө бүлгийн стрессийн түвшинг бодвол хамаагүй бага байв.

Эцэст нь:

– “Муур шинэ орчинд орж ирээд янз янзын хүчин зүйлээс болж стрессддэг бөгөөд цаасан хайрцаг тэднийг тайвшруулж, стрессийн түвшинг нь бууруулж буйг олж тогтоолоо. Бид дараагийн судалгаандаа гэрийн тэжээвэр мууранд цаасан хайрцаг хэрхэн нөлөөлдөг талаар судална” гэв.

Хүмүүс бидэнд асуудал бэрхшээлийг даван туулах чадвар цаанаасаа л өгөгдсөн байдаг. Харин мууранд тухайн чадвар өгөгдөөгүй байдаг тул шинэ орчин, шинэ биеттэй учрахад тухайн зүйлтэй нүүрэлдэхээс илүүтэйгээр нуугдах нь илүү амар байдаг учраас цаасан хайрцганд дуртай байдаг байна.

Эх сурвалж: Bored Panda