Д.Амгалан: Хүүхдээс нь авсан мөнгийг эмээ өвөөгийнх нь тэтгэврийн зээлийг хаахад зарцуулж байна

0
487

Ерөнхийлөгч Х.Баттулга тэтгэврийн зээлийг тэглэх амлалт өгч, УИХ 776 тэрбум төгрөг буюу 283 сая ам.доллартай тэнцэх хэмжээний тэтгэврийн зээлийг тэглэх шийдвэр гаргасан. Тэтгэврийн зээлийг тэглэх хөрөнгийг  2018 онд тагнуулын тусгай ажиллагаа явуулан хураан авсан, Хятадын иргэний хөрөнгө оруулалттай байсан Салхитын мөнгөний ордыг эргэлтэд оруулах замаар санхүүжүүлнэ гэж мэдэгдсэн юм. ОУВС-аас тэтгэврийн зээлийг тэглэх популист амлалт нь 2017 онд байгуулсан “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн гэрээгээ зөрчиж байгаа хэрэг үзэж буй. Тухайлбал энэхүү шийдвэр нь ДНБ-нд эзлэх өрийн хэмжээг хоёр хувиар нэмэгдүүлээд зогсохгүй инфляц болон дотоодын төгрөгийн ханшид дарамт учруулж, парламентын зохистой хяналтыг алдагдуулах болно гэсэн эдийн засагчдын судалгаа гараад байгаа. Энэ талаар МУИС-ийн эдийн засгийн ухааны доктор, багш Д.Амгалантай ярилцлаа.   

Монгол Улс 2017 онд ОУВС-ийн 5.5 тэрбум ам.долларын Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдсан6 Энэ хүрээнд зардлаа бууруулж, татвар хураамжаа нэмэгдүүлэхэд Засгийн газар санал нэгдсэн. Мөн төсвийн сахилга батыг сахиулахын тулд төсвийн шинэчлэлийг хийж, банк санхүүгийн салбарыг зохицуулах арга хэлбэрээ сайжруулахаа амласан. Харин одоо хэрэгжиж буй тэтгэврийн зээлийг тэглэх шийдвэр нь энэхүү гэрээгээ зөрчиж байгааг ОУВС-аас хэлж байгаа. Энэ тухайгаас ярилцлагаа эхэлье?

-Манай улс  2017 онд ОУВС-ийн зургаа дахь хөтөлбөрт Extended Fund Facility буюу  хүндрэлтэй улс орнуудад хэрэгждэгт хөтөлбөрт нь хамрагдсан юм. Тухайн үед эдийн засгийн байдал хүнд, уул уурхайн бүтэгдээгдэхүүн дэлхийн зах залд уналттай, экспорт, импортын баланс алдагдалтай хүнд байсан үе. Хөтөлбөрийн гол нөхцөл нь төсвийн үрэлгэн, тэлдэг байдлыг өөрчлөх, зориулалтын дагуу зарцуулж, санхүүгийн сахилга баттай, банкны системийг зөөлрүүлж, чанаргүй зээлийг сайжруулах нөхцөлтэй байсан. Хэрэв ОУВС-ийн хөтөлбөрийн шаардлагыг хэрэгжүүлж чадсан бол өнөөдөр бид төсвөө тэлэхгүй,  санхүүгийн сахилга баттай байж, сонгууль дөхсөн улстөрийн амлалтуудыг хийхгүй байлаа. Нэгэнт ОУВС-тай тохиролцсон гэрээ хэлэлцээр, нөхцөлийнх нь дагуу үргэлжлэлгүй олон зүйл дээр буцлаа. Тухайлбал, нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр хувиар нэмэгдүүлэхээс эхлээд хэд хэдэн амлалтаасаа буцсан. Тохиролцооны дагуу халамжийн шинж чанартай бодлогыг төсөвтөө суулгах ёсгүй байсан. Үүнээсээ ч буцаж, хамгийн сүүлд тэтгэврийн зээлийг тэглэх хуулийн төсөл гаргалаа. Энэ мэт халамжийн хавтгайрсан бодлого руу буцаад орлоо. Энэ мэт тохиролцооноосоо буцсан байдлаас үүдэн төгрөгийн гадаад валюттай тэнцэх хэмжээ улам суларч байна. Манай улс 29.7 тэрбум ам.долларын гадаад өртэй. Гэтэл төсвөө хэт тэлж, үрэлгэн зан гаргаж, төсвөөс гадуур төсөв зохиоло. Энэ нь санхүүгийн сахилга батын хувьд хариуцлагагүй явдал болж, эдийн засгийн томоохон хүндрэлийг дагуулна. 2020 оны төсөвт 730 орчим тэрбум төгрөгийн халамжинд суулгасан. Бодит байдалд үүнээс давсан 800 гаруй тэрбум төгрөгөөр тэтгэврийн зээлийг тэглэх гэж байна. Энэ нь эргээд нөгөө л бэлэнчлэх сэтгэлгээг хөхиүлэн дэмжиж, төгрөгийн ханшийг улам үнэгүйдүүлж байгаа юм. Инфляц, төгрөг үнэгүйдээд ирэхээр гадаад өрөө төлөхөд ч хүндрэл үүснэ. Түүнээс гадна маргаашийн худалдан авалтад сөрөг нөлөөлөл бий болно. Наад зах нь  өнөөдөр худалдан авч байгаа талхны мөнгөний ханш маргааш дахин хэдэн төгрөгөөр нэмэгдэнэ. Тиймээс тэтгэврийн зээлийг тэглэх нь одоогийн байгаа нөхцөлийн хувьд байж болохгүй.

төгрөгийн доллартай тэнцэх ханш 20 орчим төгрөгөөр суларсан

-ХНХ-ын сайд бэлэн мөнгө тараагаагүй учраас инфляц болон төгрөгийн ханшид нөлөөлөхгүй гэж хэлсэн?

-Инфляц өсөхгүй гэдэг худлаа. Миний тооцоолж байгаагаар инфляц хамгийн багадаа гурван хувиар өснө. Учир нь дээрх асуудал үүссэнээс хойш төгрөгийн доллартай тэнцэх ханш 20 орчим төгрөгөөр суларсан нөхцөл байдалтай байна. Тэгэхээр нөлөөлж байгаа нь наад зах нь төгрөгийн валюттай тэнцэх ханшнаас   харагдаж  байгаа биз дээ.

-ОУВС-тай тохиролцсон тохиролцооноосоо хоёр удаа буцаж байна. Ингэснээр ямар үр дагавар бий болох бол. Ер нь бусад улсын хувьд ОУВС-тай тохиролцсон гэрээгээ зөрчихөл ямар хариу арга хэмжээ авч байсан бэ?

-Улстөрийн популист амлалтуудын нөлөөгөөр төгрөгийн ханш сулардаг. Тухайн амлалт нь биеллээ олдог. Дахиад сулардаг. Өөрөөр хэлбэл, улстөрийн популист амлалтын үр дүнд төгрөгийн ханш хамгийн багадаа хоёр давтамжтай сулардаг. Энэ бодит жишээ болчхоод байхад төгрөгийн ханш, инфляцад нөлөөлөхгүй гэж хэлж болохгүй. Учир нь Салхитын мөнгөний орд гэдэг олоогүй байгаа мөнгө шүү дээ. Олоогүй байгаа мөнгийг олчихсон юм шиг ярьж байна. Олсон мөнгөө үрэлгэн зарцуулдаг. Мэдээж үүссэн нөхцөл байдлын үр дүнд хөтөлбөрийг зогсоох эрсдэл өндөр байна. Бид Африкийн орнуудын араас орох ойрхон байна. Тухайн орнууд ОУВС-ийн шаардлагыг хангаж чаддаггүй байсан. Буцдаг байсан. Венесуэл улс гэхэд төгрөгийнх нь хаш унаад чемодан мөнгөөр нэг ширхэг талх худалдаж авч байна. Ийм л зам руу орно. ОУВС-ийн нөхцөлийг дагаагүй улс орнуудын дараагийн нөхцөл бүр л хүндэрдэг жишээ бий. Хэдхэн сарын өмнө саарал жагсаалтад орсон. Учир нь активынхаа чанарыг сайжруулж эх үүсвэрийг нь тодорхой болго гэдэг даалгавар өгөхөд бид эх үүсвэрээ баталж чадаагүй. Үүнээс үүдэн саарал жагсаалтад орсон юм. Эдгээр нөхцөлийг хангаж чадахгүй байгаа шалтгаан нь улстөржилтөөс үүдэлтэй. Гол асуудал нь өнөөдөр бид улстөрд сонгогдож байвал дараагийн хүндрэл хамаагүй гэдэг өнцгөөс эдийн засгийг унагаад байна. эдийн засгийн мөн чанарыг ойлгох хэрэгтэй. Уг нь Их Хурлын гишүүн хууль батлах л үүрэгтэй шүү дээ.

-Тэтгэврийн зээлийг бонд босгож төлнө гэж ярьж байгаа. Тэгэхээр Салхитын мөнгөний орд ашигтай ажиллавал татвар төлөгчдийн мөнгийг үргүй зарцуулахгүй юм биш үү?

-Тэтгэврийн зээлийг тэглэх асуудалд хүүхдээс нь авсан мөнгийг аав ээж, эмээ өвөөгийнх нь тэтгэврийн зээлийг хаахад зарцуулж байна. Улмаар нийгмийн дундаж давхаргыг бүтээдэг, хөдөлгөгч хүч болсон хэсэгт ачааны хүндийг үүрүүлж байна. Бонд босгоно гэдэг татварын мөнгөнөөс буцааж авна гэсэн үг. Бонд босгоод зах зээлийн хувьд ямар ч ашиггүй энгийн ойлголт. Өнөөдөр бодлогын хүү 11 хувьтай байна. Ийм нөхцөлд бонд яаж босгох юм бэ. Ямар ч ашиггүйгээс гадна татвар төлөгч болон төсөв дээр хүндрэл үүснэ. Тиймээс төсвөөс гадуур дахин халамжийн төсөв нэмнэ гэдэг нэгдүгээрт, эдийн засгийн дотоод байдалд хүндрэл учирна. Хоёрдугаарт, ОУВС гэрээгээ цуцална. Гуравдугаарт, магадгүй 2020 хоёрдугаар хагасаас эдийн засаг хүндрэлтэй байдалд очно.

-Яагаад?

-Гадаад өрийн асуудлаа бодож үзэх хэрэгтэй. Учир нь жилд дунджаар тэрбум ам.долларын өр төлөх хэмжээний хүү төлнө. Манай улсад ийм дотоод нөөц бололцоо байхгүй. Тухайлбал, уул уурхайн бүтээгдэхүүний ерөнхий прогнозыг харах ёстой. Мөн төсвийнхөө зардлыг 13.8 их наяд төгрөгөөр төсвийнхөө зардлыг тэллээ. Энэ тэлэлт орлого болдог зүйлд чиглэгдээгүй. Төсвийг хүндрүүлэх дунд, урт хугацааны төсөвт дарамт болох зүйлд зарцуулсан. Ингээд буцаад л ОУВС-ийн хөнгөлөлттэй зээл хүсэх зам руу орох аргагүй байдалд орно. Улмаар ОУВС-аас тавих шаардлага дахиад л өснө. Ачааны гол хүнд нь татвар төлөгч, айл өрхийн нуруунд л ирнэ. Тэтгэврийн зээлээ хөнгөлүүлсэн тэтгэврийн нэг төгрөг нь өөрөө үнэгүйдээд ирнэ. Ингээд үзвэл бидний нөхцөл байдал улам л хүндэрнэ. Ийм зам руу биднийг түлхэж байгаа нь нөгөө л популист нөхдүүдийн амлалттай холбоотой шүү дээ.

-2016 оны сонгуулийн өмнөх үеийг одоо үетэй харьцуулахад эдийн засаг ямар байсан бэ. Улстөрийн популист амлалтууд цаашид үргэлжлэх хандлагатай байна. Энэ нь эдийн засгийг элгээр нь хэвтүүлж болзошгүй байна гэж эдийн засагч, зарим улстөрчид үзэж байна?

-2016 оны сонгуулийн үед эдийн засаг нэлээд хүнд байдалд байсан. Хүчээр интервенц хийж долларын төгрөгтэй харьцах ханшийг барих гэж үзсэн. Улстөрийн амлалтууд явсан. Энэ байдал нь эргээд эдийн засгийг унагаах гол түлхэц болсон. Дээр дурсан шиг улстөрчдийн популист амлалт төсвийг тараадаг байдал эдийн засгийг хүндрүүлсэн. 2016 оны эдийн засгийн нөхцөл гэдэг гадаад хүчин зүйлээс үүдсэн хямрал ерөөс биш. Дотоод санхүүгийн сахилга батгүй байдлаас үүдсэн хямрал бөгөөд эдийн засгийн судалгаа шинжилгээгүй, өнгөц шинж чанарыг хардаг, ард түмэнд таалагдах байдлыг эрхэмлэдэг амлалт нөлөөлсөн. Магадгүй 2020 онд байгуулагдах Засгийн газрын бүтэц өнөөдрийн байгаа шиг үндсэн гол асуудалдаа чиглэж чадахгүй эрээвэр хураавар байх болов уу гэсэн дүр төрх харагдаж байна.

-ОУВС-ийн хөтөлбөр эдийн засагт ямар үр дүн авчирсан гэж та харж байна вэ?

-ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдсанаар дэлхийн зах зээл дээрх буюу хятадтай хийж байгаа уул уурхайн бүтээгдэхүүний үнэ тааламжтай байсан. Энэ л бидний гол авралын гарц болсон. Гишүүдийн яриад байгаа эдийн засагт өсөлт гарсан гэж яриад байна. Эдгээр нь нэгдүгээрт, ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдаж гаднын хөрөнгө оруулалтууд орж ирсэн. Хоёрдугаарт, уул уурхайн бүтээгдэхүүний үнэ, борлуулалт тааламжтай байсан. Эдийн засгийн өсөлт үүнээс л хамаарч байгаа. Түүнээс биш төр засаг дараагийн дунд, урт хугацаанд эдийн засаг хөгжих боломжийг хангаагүй. Хэрэв уул уурхайн бүтээгдэхүүний үнэ тааламжтай байгаагүй бол ОУВС нөхцөлөө бүр л чангаруулах байсан. ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдсанаар долоон төрлийн татвар нэмэгдсэн. Үүнээс илүү төрийн үйлчилгээнүүдийн үнэ өртгийг нэмэхийг ч үгүйсгэхгүй байсан юм. Тухайлбал, дулаан, цахилгаан гээд. Үүнээс ирэх үр дүн нь эргээд л татвар төлөгчдийн нуруун дээр ирэх байсан. Дараагийн нөхцөл байдал руу бэлдэхгүй бол бүр л ийм зам руу орно. Попилустуудын амлалтуудын үр дүнд ийм зам руу ороход бэлэн байгаа шүү дээ.

-Манай улс гэрээний нөхцөлөө зөрчсөн учраас хөнгөлөлттэй олгосон зээлээ арилжааны банкны хүүгээр авна гэсэн мэдээлэл бий. Тийм байх боломжтой юу?

-Арилжааны банкны хүү гэдэг дэлхийд байхгүй хүү. Азийн ихэнх улс жилийн 4.3 хувийн л зээлийн хүүтэй. Бүр хасах хүүтэй орнууд ч бий. Тэгэхэд манай улсын арилжааны банкны хүү дэлхийн аль оронд ч байхгүй. Тиймээс арилжааны банкны хүүгээр зээл төлөх боломжгүй. Манай улс ч төлөх боломжгүй. Ингээд л хямд хүү хайж эхэлнэ. Гэтэл зээл олгогч талаас гэрээний нөхцөлөө биелүүлдэггүй гэнэ. Үүний үр дүнд эрэлт ихэснэ. Улмаар өнөөдрийн байгаагаас илүү хүүтэй зээл олдох нөхцөл байдал харагдаж байна.

-Салхитын мөнгөний ордын нөөц таван жил. УИХ-ын даргын хэлж байгаагаар уг орд 500 тэрбум төгрөгийн нөөцтэй гэсэн. Гэтэл уул уурхайн мэргэжилтнүүд Салхитын мөнгөний ордын нийт олох мөнгөний хэмжээ 100 гаруй тэрбум төгрөгөөс хэтрэхгүй гэсэн тайлбар өгч байна. Судлаач хүний хувьд юу гэж харж байна. Дээрх зөрүүтэй ойлголтын аль нь байх боломжтой вэ?

-Салхитын мөнгөний орд нь өөрөө шороон орд учраас нөөцийн хувьд харьцуулж үзэхэд хэтэрхий улстөржиж, хөөсрүүлээд байгаа юм болов уу гэж хардаг. Магадгүй улстөрчдийн ярьж байгаа шиг мөнгийг ордноос олох нь юу л бол гэж харагддаг. Тиймээс тэдний хэлж байгаа шиг нөөц байна уу гэж хэлэх хэцүү. Учир нь нөөц нь тодорхойгүй байгаа.

-Тэтгэврийн зээлийг дарах мөнгөөр өөр юу хийх боломжтой байсан бэ?

-Бид ОУВС-тай зөрж байгаад нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр хувь нэмэгдүүлэхийг асуудлыг цуцаллаа. Гэтэл нийгмийн даатгал алдагдалтай ажилладаг, эх үүсвэргүй болж байна гэж яриад байна. Тэр дундаа тэтгэврийн сангийн эх үүсвэр хүндрэлтэй байгаа. Тиймээс тэтгэврийн зээлийг дарахын оронд тухайн мөнгөө тэтгэвэр олгох эх үүсвэрийн сандаа хийе л дээ. Энэ нь инфляцад нөлөөлөхгүй. Тухайлбал, Норвеги, Финлянд, Япон зэрэг төсвийн гадуурх тусгай сантай улсуудад тухайн сангийнхаа менежментийг хийдэг юм. Уул уурхай эсвэл далайгаас байна уу олсон орлогынхоо тодорхой хувийг тухайн сандаа төвлөрүүлдэг. Энэ нь өнөөдөр баялаг бүтээгдэг иргэдийнхээ ирээдүйн нөхцөл боломжийг хангаж өгч байгаа хэлбэр юм. Хэрэв эргэлтэд оруулъя гэж бодсон бол тэтгэврийн сандаа оруулах байсан. Ингэж чадсан бол 20, 30 жилийн дараа тэтгэвэр авах хүмүүсийн найдвартай эх үүсвэр тэнд цугларах байсан гэж харж байна.

-2021 оноос маш их өр төлнө. Энэ өрийг төлөх боломж бололцоо манай улсад байхгүй гэж та хэллээ. Хамгийн эхний төлөгдөх Мазаалай бондын хувьд хэчнээн хувийн хүүтэй юм бол. Энэ өрийг хэрхэн төлөх боломжтой гэж тар харж байна вэ?

-2021 онд Мазаалай бондын 500 сая ам.долларыг төлөх ёстой. Хүү нь 10 хувь буюу маш өндөр. Бид энэ өрийг төлөх бэлэн биш. Учир нь Эрдэнэтийн 500 сая ам.долларыг төлөхөд төгрөгийн доллартай тэнцэх ханш 20 хувиар суларч байсан. Магадгүй үүнээс дээш хувиар төгрөгийн хаш суларна. Үүнд яагаад бэлдэж болохгүй гэж. Олсон мөнгөө өндөр хүүтэй газар байршуулж байгаад төлбөр төлөх үед гаргаж ирэхэд төгрөгийн ханш сулрахгүй. Долларын зохиомол эрэлт ч үүсэхгүй. Эдийн засгийн агуулгаар нь харсан бол 800 тэрбум төгрөгийг үүнд л зарцуулах байсан. Түүнээс биш төсвийг хоёр дахин нэмэгдүүлэх шаардлага байгаагүй.

-2021, 2022, 2023, 2024 гээд жил дараалаад төлөх ёстой гадаад өрүүд бий. Үүнд манай улс бэлэн биш. Мөн үүнийг дагаад төгрөгийн ханш ч тодорхой хувиар суларна гэж байна. Тэгвэл 2024 оны дараах манай улсын эдийн засаг ямар байх бол. Та юу гэж харж байна вэ?

-2017 онд босгосон хоёр бондын хувьд манай улс өрийг нь төлчихсөн зүйл огт биш. Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн үетэй зэрэгцэн ОУВС-ийн хөтөлбөрт ч хамрагдчихсан байсан. Хөгжлийн банкны бондыг Хуралдай бондоор л хаасан. Хүүний хувьд өмнөхөөс гурван хувиар өсгөж авсан. Мөн 580 сая ам.долларыг 600 сая ам.доллар болгон өсгөж авсан. Дим Сам бондыг төлөхөд Гэрэгэ бонд босгосон. Энэ нь өмнөх бондоосоо 1.5 хувийн илүү хүүтэй. Хэмжээний хувьд мөн л ихэсгэсэн.  Өөрөөр хэлбэл, өрийг өрөөр төлж, хүүгийн илүү нөхцөлийг амлаж байж өр төлсөн. Өр төллөө гэж буруу ойлгуулаад байна. Өрийг өрөөр хаасан асуудал байхгүй юу. Хамгийн аюултай зүйл нь төгрөгийн ханш унасаар л байна. 2016 оны хагас гэхэд доллар 1996 байсан. Өнөөдөр 2740 гараад явчихлаа. Бүр хэдэн хувиар өссөн байгаа биз. Ингэж бодохоор өрийн хэмжээг төгрөгөөр бодоход хүндэрч байгаа юм. Популист амлалт ийм л байдалд хүргэж байна.

-Дараагийн бондуудыг ч гэсэн бондоор хаах магадлал өндөр гэсэн үг үү?  

-Үүнээс өөр нөхцөл харагдахгүй байна. Учир нь уул уурхайгаас олох мөнгө ч тааламжтай харагдахгүй байгаагаас гадна төсвөөс орлого олдог зүйлд зарцуулаагүй. Байшин бариад буцаад зардал болдог зүйлд төсвөө хийсэн учраас тааламжтай зүйл харагдахгүй байна. Тайвань зэрэг газруудаас эхлээд өрийг өрөөр хаадаг асуудал гарч байна. Магадгүй энэ байдал руу явчих вий дээ. Мөнгө олж чадахгүй байдалд орвол газар нутгаа алдах, Үндэсний аюулгүй байдлаа алдах хэмжээнд очих вий гэж болгоомжилж байна. Уг нь Үндэсний аюулгүй байдлын гаргадаг шийдвэр нь тэтгэврийн зээлийг тэглэх биш. Өдрөөс өдөрт унаж байгаа төгрөгийн ханшаа барих нь үндэсний аюулгүй байдлын хэмжээнд тулчхаад байна. Энэ их өрийн асуудал нь өөрөө үндэсний аюулгүй байдлын асуудал болоод байна. Эргээд үндэстэн мөхөх аюул руу явах гээд байна. Ийм эгзэгтэй байдалд тэтгэврийн зээлийг тэглэх хэмжээний бодлого шийдвэр гаргаж байгааг ёстой таашгүй байна.

-Монголбанк өнгөрсөн онд -1.8 их наяд төгрөгийн алдагдалтай гэж хэлж байсан. Тэгэхээр Салхитын мөнгөний ордын үнэт металлыг худалдан авах боломж харагдаж байна уу?

-Боломжгүй. Тэр мөнгийг татвар төлөгчдийн мөнгөнөөс босгох л хувилбар яригдаж байна. Тэтгэврийн зээлгүй ахмадуудад үнэт цаас олгоно гэнэ. Гэтэл өмнөх 1072 хувьцаагаа амилуулаагүй байж бүртгэлд ч байхгүй тодорхойгүй зүйлийг яриад байна гэдэг нь худлаа шүү дээ. Гол тулгамдаад байгаа асуудлаа ярихгүй байж хоосон амлалт өгөөд л явж байна. Эдийн засгийн өнцгөөс харахад байж болохгүй асуудал.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here