Д.Нямхүү: Монгол Улсад коронавирусийн халдвар илрээгүй нь иргэд эрүүл мэндээ сайн хамгаалж байгаатай холбоотой

0
78

ЭМЯ-аас шинэкоронавирус буюу covid 2019 халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Өнөөдрийн 10 цагийн байдлаар халдвар авсан тохиолдлын тоо 71269, эдгэрсэн 10773, нас барсан 1773 хүн бүртгэгджээ.

ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа: 2020 оны хоёрдугаар сарын 17-ны өдрийн 10:00 цагийн байдлаар нийт тохиолдлын тоо 71,269, нас баралт 1,773 байна. Хоёрдугаар сарын 13-наас эхлэн эмнэл зүйн шинж тэмдгээр батлагдса тохиолдлыг давхар бүртгэж эхэлсэн. Ингэснээр өвчтнүүд лабораторийн шинжилгээний хариуг хүлээлгүйгээр томограф ба эмнэл зүйн шинж тэмдгээсээ хамааран эмчилгээг түргэн эхлүүлэх боломжтой болоод байна.

Агаар дуслын зам нь эмнэлгийн ажилтнууд болон өвчтний ар гэрийнхэнд шинэ коронавирус халдварлах гол зам хэвээр байгаа. Найман судлаачийн хийсэн судалгаагаар ковид-19-ийн нууц үе нь 1-12.5 хоног буюу дунджаар 5-6 өдөр гэж тогтоогдсон.

COVID-19 вирусийн халдварын нөхцөл байдлын мэдээ /2020.02.17/

Posted by Эрүүл Мэндийн Яам on Sunday, February 16, 2020

Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар: Ковид-19 халдвараас урьчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах чиглэлээр харьяа дүүргийн эрүүл мэндийн төвүүд хувийн хамгаалах хэрэгсэл, ариутгал, халдваргүйжүүлэх бодисыг нөөцлөх, ард иргэдэд зөвлөгөө, мэдээлэл хүргэх, нийтийн тээврийн хэрэгслүүдэд мөн шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөгөөг байрлуулж, ариутгал хийж байна.

Болзошгүй эрсдлийн үед БЗД, ЧД, ХУД, СХД, Төв салбаруудад ковид-19 халдварын үед сэжигтэй тохиолдолд үйлчлэх тус бүр хоёр түргэн тусламжийн автомашиныг шаардлагатай зүйлсээр тоноглон бэлэн байдалд байлгаж байгаа.

Халдвар гарсан тохиолдолд хамгийн эрсдэлтэй байгууллага нь бүх шатны эрүүл мэндийн байгууллага учир өрх, сумын эрүүл мэндийн төвүүдэд нийт үйлчилгээний 60-аас доошгүй хувийг гэрийн эргэлтээр зохион байгуулах чиглэлийг үүрэг болгож байна. Мөн иргэдэд аль болох утсаар зөвлөгөөг авах, олон нийтийн газар, эмнэлгээр аль болох явахгүй байхыг зөвлөе.

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Улаанбаатар руу нэвтрэх найман пост дээр хяналтын баг ажиллаж байгаа. Үүний зорилго нь иргэдэд мэдээлэл, шаардлагатай зөвлөмж хүргэх бөгөөд сэжигтэй тохиолдлыг илрүүлэх юм.

Хоёрдугаар сарын 7-16-нд нийслэл рүү 39,170 тээврийн хэрэгслээр 119,665 зорчигч хяналтад хамрагдсан. Зам, тээврийн хөгжлийн яамнаас өгсөн мэдээллээр энэ хугацаанд 115 галт 32,532 зорчигч, 178 онгоцоор 15,243 зорчигч Улаанбаатар хотод нэвтэрсэн. Сэжигтэй тохиолдлуудыг цаг тухайд нь тусгаарлан, шинжилгээнд хамруулсан. Одоогоор ноцтой тохиолдол илрээгүй бөгөөд шинэ коронавирусийн халдвар Монгол Улсад бүртгэгдээгүй.

Хандивласан амны хаалтуудыг түгээх ажлыг зохион байгуулж байна

Халдвар гарвал ашиглах хувийн хамгаалах хэрэгсэл, тоног төхөөрөмжийг худалдан авахад зориулан Засгийн газраас 4.1 тэрбум төгрөгийг шийдвэрлэж өгсөн байна. Уг хөрөнгөөр шаардлагатай худалдан авалт хийх ажлыг ЭМЯ зохион байгуулж байгаа ажээ.

Мөн гадаадад байгаа иргэд, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд амны хаалт хандивласаар байгааг иргэдэд түгээх ажлыг мөн зохион байгуулж байгааг хэвлэлийн хурлын үеэр хэллээ.

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү: Ойрын хугацаанд тусгаарлагдсан шинэ коронавирусийн халдварын сэжигтэй тохиолдлын хариуг мэдээлэв. Тэрбээр

  • 2020 оны хоёрдугаар сарын 15-нд тусгаарлагдсан дөрвөн тохиолдлын хариу сөрөг буюу шинэ коронавирусийн халдвар илрээгүй.

  • Хоёрдугаар сарын 16-нд ХӨСҮТ-д нэг хүн тусгаарлагдан тандалт шинжилгээ, үзлэг хийгдэж байна гэлээ.

Хоёрдугаар сарын 13-нд Засгийн газар хилээ хаах шийдвэр гаргасан. Үүнээс хойш хилээр нэвтэрч орж ирэх иргэдийг орж ирсэн даруйд нь 14 хоног тусгаарлахаар шийдвэрлэсний дагуу БНХАУ-ын Эрээн хотоос орж ирсэн 104 орчим иргэнийг Замын-Үүд суманд байрлах гурван зочид буудалд тусгаарлаад байгааг ОБЕГ-ын дарга Т.Бадрал хэлсэн юм.

Түүнчлэн ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү “Монгол Улсад коронавирусийн халдвар илрээгүй нь иргэд сайн хамгаалж байгаатай холбоотой. Гэхдээ анхаарлаа сулруулж болохгүй. Та бүхэн өөрсдийгөө хамгаална гэдэг нь гэр бүлээ хамгаалж байна гэсэн үг.

Өдий хүртэл оруулаагүй амжилтаа бүгд хамтран ажиллаж байж хадгалах юм. Амны хаалтаа зүүх, тогтмол агаар оруулах, унтах цагаа тогтмол хянах хэрэгтэй” хэмээн зөвлөлөө.