“Урт цагаан” үйлчилгээний төвийн үйл ажиллагааг өнөөдрөөс бүрэн зогсоожээ

0
10

Ашиглалтын шаардлага хангахгүй “Урт цагаан”-ы үйл ажиллагааг зогсоох болно хэмээн Нийслэлийн өмч ашиглалт, удирдлагын газраас мэдээлж байсан.

Гэтэл өнөөдөр “Урт цагаан”-ыг нураах шийдвэр гарсантай холбогдуулан түрээслэгчид зам хаан жагслаа. Түрээслэгчдийн зүгээс өмнө нь мэдэгдэл хүргүүлэхгүйгээр ус, цахилгааныг нь тасалсанд ийн эсэргүүцлээ илэрхийлж байна. Холбогдох албаныхан тодорхой арга хэмжээ авах хүртэл жагссаар байна хэмээн тэд хэлж байв.

“Түрээслэгчид дунд өрх толгойлсон ээжүүд олон бий. Ихэнх түрээслэгчид зээлтэй. Гэтэл гэнэт биднийг хөөгөөд гаргах гэж байна. Бид үнэхээр бухимдаж, сэтгэлзүйн хүнд байдалд орж байна. Өндөр албан тушаалтнууд төсвөөс хулгай хийгээд амьдарч болж байна. Гэтэл хөдөлмөрөөрөө амьдарч буй ард  иргэдийг хэцүү байдалд оруулж байна. Уржигдар ус тасалсан, өнөөдөр тог тасаллаа. Түрээслэгчдийг нэг өдөр гудамжинд гаргаж байна хэмээн түрээслэгчдийн төлөөлөл ярив.

Тэд “Цар тахлын үеэр иргэдийн аюулгүй байдлыг алдагдуулж байна. Усаар ханга. Урт цагаан соёлын өв мөн” гэсэн бичиг бүхий уриалга барин, эсэргүүцлээ илэрхийлж байна.

Үүнтэй холбоотойгоор “Урт цагаан” үйлчилгээний төвийн үйл ажиллагааг зогсоох асуудлаар нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Иргэдийн ажиллаж амьдрах нөхцөл эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, аюулгүй байдлыг хангасан байх шаардлага зөрчигдөж, ашиглалтын шаардлага хангахгүй болох нь холбогдох мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтээр тогтоогдсон учраас Нийслэлийн өмчийн гуравдугаар байр буюу “Урт цагаан” үйлчилгээний төвийн үйл ажиллагааг өнөөдрөөс эхэлж зогсоох захирамжийг нийслэлийн Засаг дарга гаргасан байна.

Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын дарга Ш.Үнэнбат: “Урт цагааны үйлчилгээний төвийн ашиглалтын ам метр талбайг 9000 төгрөгөөр 30 аж ахуйн нэгж, хувь хүн түрээсийн гэрээ байгуулан өнөөдрийг хүртэл ажилласан. Эдгээр хүмүүс 300-400 хүнд дамлан өндөр үнээр түрээслүүлж нийслэлийн өмч ашиглалтын газартай байгуулсан гэрээгээ ноцтой зөрчиж байна. Мөн түрээслэгчид гэрээнд зааснаар тухайн объектод засвар хийх онцгой эрхтэй. Гэвч өнөөдрийг хүртэл засвар хийгээгүй. Цаашид эдгээр 30 аж ахуйн нэгжийн гэрээг сунгахгүй, харин 400 гаруй түрээслэгчийг хохироохгүй байх тал дээр анхаарна. Өнөөдрөөс эхэлж урт цагааны үйлчилгээний төвийн үйл ажиллагааг бүрэн зогсоож, цагдаагийн байгууллагынхан хяналт тавьж ажиллана. Харин Урт цагааны барилгыг нураах эсэх асуудлыг НИТХ-аар шийдэгдэнэ” хэмээн хэллээ.

Мөн Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн дарга Н.Гантулга: “Урт цагаан үйлчилгээний төв нь насжилт өндөртэй ашиглалтын шаардлага хангахгүй, галын эрсдэл үүссэн объект. Энэ байранд ажиллаж байгаа түрээслэгчдийн үйл ажиллагааг зогсоох талаар нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас гурван удаа дүгнэлт гаргаж байсан. Тус барилга байгууламж нь цахилгаан хангамжийн хувьд ч өндөр эрсдэлтэй. Мөн ус дулаан хангамжийн хувьд ч ашиглалтын шаардлагаас хэтэрсэн. Бид өнөөдөр хөрөнгө мөнгийг бус иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах асуудлыг нэгдүгээрт тавих хэрэгтэй” гэв.

Тус барилга нь анх 1958 онд Хоршоологчдын холбооны хөрөнгөөр баригдаж “Үйлчилгээний артель” нэртэйгээр ашиглалтад орж байсан. 2003 онд Дэд бүтцийн сайд, Нийслэлийн Засаг даргын хамтарсан 117/232 дугаар тушаал, захирамжийн дагуу Урт цагаан үйлчилгээний төвийг Жуулчны гудамжны шаардлагад нийцүүлэн өөрчлөн зохион байгуулж байжээ.

Нийслэлийн өмчийн гуравдугаар байр болох Урт цагааны барилга нь 1958 онд анх баригдсанаасаа хойш ганц ч удаа засвар хийгдэж байгаагүй байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here