Засгийн газрууд хямралаас сэргийлэх төлөвлөгөөгөө танилцуулж байна

0
14

Эдийн засгийн хямрал эхэлж улс орнуудын засгийн газрууд хариу арга хэмжээний төлөвлөгөөгөө танилцуулж байна.

Хамгийн нөлөө бүхий эдийн засагтай АНУ-ын конгресс COVID-19-ийн сөрөг нөлөөллөөс сэргийлэх хоёр их наяд шахам ам.долларын төсөв батлахаар төлөвлөж байна. Харин Нидерландад вирусийн улмаас хүндрэлд орсон бизнесүүд ажилтнаа цомхтгохоос сэргийлж Засгийн газар нь цалингийн зардлын 90 хүртэл хувийг даахаа амласан. Данид ч мөн адил ажилчдаа цомхтгоогүй жижиг бизнесийн цалингийн зардлын 75-90 хувийг Засгийн газар нь төлөх болжээ.

Ажилгүйдлээс үүдэлтэй хүндрэлд унахын оронд эртхэн зоригтой хөдлөхийг илүүд үзэж байна. Харин Европын Холбоо гишүүдийн ДНБ-ий хоёр хувьтай дүйцэхүйц хөрөнгөтэй тусгай сан байгуулж, эдийн засгаа эрчимтэй дэмжихээр хэлэлцэж байгаа. Тивийн хамгийн чадалтай эдийн засаг гэгддэг Германд хямралаар жижиг бизнесүүдийг хамгаалах 40 тэрбум ам.долларын багц хөтөлбөр баталсан. Энэ хөтөлбөр нь санхүүгийн хямралын үед тэтгэмж авч байсан ажилчдын тооноос хоёр саяар олон хүнд хүрнэ гэж тооцож байна.

Үүнтэй зэрэгцээд Германы Хөгжлийн банк бизнесүүдэд сэйфээ бүрэн нээхээ мэдэгдсэн. Эдийн засгийн сайд нь “Хөгжлийн банкны олгох зээлийн хэмжээнд дээд хязгаар байхгүй” гэж хэлсэн юм. Хэдийгээр яаралтай арга хэмжээ авч байгаа ч аврал ирэхээс өмнө үүдээ хаах бизнесүүд цөөнгүй байгаа. Их Британийн төлөвлөгөө батлагдтал хугацаа алдаж байгаа тул зарим бизнесүүд аль хэдийнэ цомхтгол хийгээд эхэлснийг Лондоны биржийн ерөнхий эдийн засагч хэлж байлаа.

Харин БНСУ-ын ажлын байр хамгаалах хөтөлбөрөөр шаардлага хангасан бизнесийн цалингийн зардлын 70 хувийг Засгийн газар хариуцах болсон. Түүнчлэн энэхүү хөтөлбөрт хамрагдахад тавигдах шаардлагыг ч хөнгөвчилсөн байна. Хамгийн сүүлд тусгай сангийнхаа хөрөнгийг хоёр дахин нэмэгдүүлж 100 их наяд вон хүргэсэн. Үүнээс 20 их наяд воныг нь компанийн өрийн бичиг худалдаж авахад зориулна. Мөн 11 их наяд орчим воны хөрөнгийн зах зээлийг тогтворжуулах сан ажиллах юм байна. Түүнчлэн чанаргүй зээлтэй компаниудад нийт 17.8 их наяд вон хүртэлх зээл олгох боломж нээх юм.

Б.Дашням
Эх сурвалж: Bloomberg.mn