Нэгэн зүйл санаа буюу СУУРЬ ГАЖИГИЙГ ШИНЭЧЛЭХ ЧИГЛЭЛ төгсгөлийн хэсэг

0
12

АУ доктор, профессор Н.Мөнхтүвшин багшаас албан ёсоор зөвшөөрөл авч, түүний 10 жилийн өмнө бичиж байсан нийтлэлийг олны хүртээл болгох зорилгоор цахим хуудсанд байршууллаа.

Эрүүл мэндийн салбарын олдмол гажиг

АУ доктор, профессор Н.Мөнхтүвшин

Нэгэн зүйл санаа буюу СУУРЬ ГАЖИГИЙГ ШИНЭЧЛЭХ ЧИГЛЭЛ 

Зорилго нь, эрүүл мэндийн салбарын бүтэц маркетинг, менежментийг шинэчилж мянганы хөгжлийн зорилтод хүрэх нөхцөлийг бүрдүүлэх

Зарчим нь,

  1. Салбарын бүх төлөөллийг оролцуулан ИХ ХУРАЛ зарлан хуралдуулж улсын хэмжээнд хийх суурь шинэчлэлийн зорилт чиглэлийг тогтоох,

  2. Эмнэлгийн мэргэжлийн ажилтан бага эмч, эрүүл ахуйч, эм зүйч, технологич нарыг хомроголон цомхотголгүй, хямралт байдал үүсгэлгүй шинэчлэх,

  3. Баг, сум өрх, дүүрэг, аймаг нийслэлийн бүх шатны эмнэлэг, эмч, ажилтныг хамруулан оролцуулж өргөн хэмжээний хэлэлцүүлэг өрнүүлж шатлал бүрт хийх суурь шинэчлэлийн бүрэлдэхүүн хэсгүүдийг тогтоож авах,

Чиглэл нь,

  1. Ёс зүйн үнэт чанарыг сэргээн тогтоох

Сум, аймаг, дүүрэг, нийслэл болон салбарын хэмжээнд эмч ажилтан бүхэн эмнэлгээ хайрлах өөриймсэг сэтгэлтэй, ажлынхаа төлөө бүхнээ зориулдаг, өвчтөнөөс юм харалгүй, сайн ажиллаж сайн цалин олж болдог санхүүжилтийн зөв орчинтой, тасралтгүй сургалтын нөхцөл бүрдсэн, ёс зүйтэй тунгалаг эмнэлэг цогцлооход шаардлагатай эрх зүй, бүтэц менежментийн шинэчлэл хийх

  1. Түүхийн гажигийг залруулах.

Хэлмэгдсэн, хилсээр намын шийтгэл, цөллөг, хуулийн болон захиргааны шийтгэл хүлээсэн эмч нар цагаатгал, нэр төрийг сэргээх, хохирлыг барагдуулах, нөхөн олговор олгох ажилд бүрэн хамрагдсан эсэхийг нягтлан тогтоох,

Иргэний, болон эрүүгийн хэрэгт холбогдсон, захиргааны шийтгэл хүлээсэн эмч нарын хэргийг сэргээн судалж мэргэжлийн алдаанаас бус, тогтолцооны гажигаар нөхцөлдсөн хэргийг цагаатгах,

Клиникийн III Төв эмнэлэг, Анагаах Ухааны Хүрээлэн, Улсын Клиникийн Төв эмнэлгийн одоогийн нэрэмжит байдлыг цуцлах

Клиникийн III Төв эмнэлгийг суут хүмүүн, зууны манлай эмч, эрдэмтэн, академич Түндэвийн Шагдарсүрэнгийн нэрэмжит болгон мөнхжүүлэх

Улсын Клиникийн Төв Эмнэлгийг дотрын анагаах ухааны эцэг, профессор Б. Рагчаагийн нэрэмжит болгон мөнхжүүлэх

Зэвсэгт Хүчний Клиникийн Төв Госпиталыг манай улс монголын шинэ цагийн эмнэлгийг үүсгэн байгуулсан, цэргийн домогт эмч П.Н.Шастины нэрэмжит болгон мөнхжүүлэх

Зэвсэгт Хүчний Клиникийн Төв Госпиталын дэргэд “Эмчийн Тангарагийн Өргөө” бүтээж монголын анагаах ухааны түүхийн хүрээлэн байгуулах

Зэвсэгт хүчний төв госпиталыг бэхжүүлж төрийн өндөрлөгүүдэд үйлчилдэг, шаардлагатай тохиолдолд Америкийн нэгдсэн улсын тэнгисийн цэргийн эмнэлгээс лавлах тусламж авдаг болгох;

  1. Эрүүл мэндийн салбарыг улс төрөөс тусгаарлах

Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын сайд, удирдах ажилтныг эрх баригч улс төрийн хүчнээс томилдог тогтолцоог өөрчлөх,

ЭМЯ-ны дэргэд байнгын ажиллагаатай эрүүл мэндийн удирдлага, зохион байгуулалт, менежментийн суурь шинэчлэлийн тасаг байгуулах

Эмч нарыг намын харьяаллаас түдгэлзүүлэх

  1. Гуравдугаар шатлалын эмнэлгийг хөгжүүлж, газар нутаг, засаг захиргааны харьяалалд оруулах.

Улсын клиникийн төв эмнэлгийг бэхжүүлж нийслэлийн Чингэлтэй, Хан-Уул дүүрэг, төвийн бүсийн зургаан аймгийг хариуцсан, харьяа өрх, сум, аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн газрыг арга зүйн зөвлөлгөө, мэргэжлийн удирдамж туслалцаагаар хангадаг эдгээр дүүрэг, аймгийн хүн амд гуравдахь шатлалын тусламж үйлчилгээ үзүүлдэг төв эмнэлэг болгох,

Клиникийн III төв эмнэлгийг бэхжүүлж нийслэлийн Сонгино-Хайрхан, Баянгол дүүрэг, баруун бүсийн зургаан аймгийг хариуцсан харьяа өрх, сум, аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн газрыг арга зүйн зөвлөлгөө, мэргэжлийн удирдамж, туслалцаагаар хангадаг, эдгээр дүүрэг, аймгийн хүн амд гуравдахь шатлалын тусламж үйлчилгээ үзүүлдэг төв эмнэлэг болгох,

Клиникийн II төв эмнэлгийг бэхжүүлж нийслэлийн Сүхбаатар, Баянзүрх, Багануур, Багахангай дүүрэг, Зүүн бүс, Говийн бүсийн зургаан аймгийг хариуцсан харьяа өрх, сум, аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн газрыг арга зүйн зөвлөлгөө, мэргэжлийн удирдамж, туслалцаагаар хангадаг, эдгээр дүүрэг, аймгийн хүн амд гуравдахь шатлалын тусламж үйлчилгээ үзүүлдэг төв эмнэлэг болгох нь зүйтэй юм.

  1. 5. Нарийн мэргэжлийн тусламжийг нэгдсэн эмнэлэг дээр суурилуулж хөгжүүлэх.

Хавдар Судлалын Үндэсний Төвийг Клиникийн II нэгдсэн эмнэлэг дээр суурилуулж хөгжүүлэх, чингэхдээ одоо улсын хэмжээнд үзүүлж байгаа зарим төрлийн оношлогоо эмчилгээний тусламжийг гуравдугаар шатлалын бусад эмнэлэгт зохих чадавхи бүрдтэл нэг хэсэгтээ үргэлжлүүлэх;

Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийг клиникийн III нэгдсэн эмнэлэг дээр суурилуулж хөгжүүлэх, чингэхдээ одоо улсын хэмжээнд үзүүлж байгаа Зарим төрлийн оношлогоо Эмчилгээний тусламжийг гутавдугаар шатлалын бусад эмнэлэгт зохих чадавхи бүрдтэл нэг хэсэгтээ үргэлжлүүлэх;

Халдварт өвчин Судлалын Үндэсний Төв, Арьсны өвчин Судлалын Төвийг Улсын Клиникийн Төв Эмнэлэг дээр суурилуулж хөгжүүлэх, чингэхдээ одоо улсын хэмжээнд үзүүлж байгаа зарим төрлийн оношлогоо, эмчилгээний тусламжийг гуравдугаар шатлалын бусад эмнэлэгт зохих чадавхи бүрдтэл нэг хэсэгтээ үргэлжлүүлэх;

Сэтгэцийн Эмгэг Судлалын Үндэсний Төвийг бэхжүүлж, сэтгэл зүй,сэтгэцийн эрүүл мэнд, сэтгэл заслын салбарыг хөгжүүлэх;

I амаржих газрыг Улсын Клиникийн Төв Эмнэлэг дээр, II амаржих газрыг Клиникийн III Эмнэлэг дээр, III амаржих газрыг Клиникийн II Эмнэлэг дээр суурилуулж хөгжүүлэх;

Барилга байгууламж нь зайтай байж болно. Баруунд тийм ч байдаг. Гол нь бүтэц, удирдлага, менежмент нь нэгдсэн эмнэлэг дээр тулгуурлавал одоо доголдоод байгаа төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ хөгжлийн зөв замдаа орно.

  1. Хууль эрх зүйн орчныг шинэчлэх

Эрүүл мэндийн тухай хуулиудыг шинэчлэх

Улсын эмнэлгийн хууль эрх зүйн орчныг шинэчлэх, больницын удирдлага, ерөнхий эмч нарын бие даасан байдлыг хангах

  1. Сургалтыг шинэчлэх

Боловсролын хууль, Эрүүл мэндийн хуулинд нэмэлт оруулж их сургуулийн эмнэлгийн эрх зүйн орчныг бүрдүүлэх,

Гуравдахь шатлалын нэгдсэн эмнэлгүүдэд их сургуулийн эмнэлгийн статус олгож ЭМШУИС-ийн тэнхимүүд, Анагаах Ухааны Хүрээлэнгийн секторууд, Нэгдсэн эмнэлгүүдийн тасгуудыг нийлэгшүүлж сургалт, судалгаа, үйлдвэрлэлийн дээд нэгдлийг цогцлоон хөгжүүлэх,

Уламжлалт анагаахын хөтөлбөрөөс бусад бүх хөтөлбөрийг англи хэл дээр шилжүүлж сургалтыг бүрэн англи хэл дээр явуулах,

Америк, Австри, Англи, Шинэ Зеланд улсуудтай Анагаах Ухааны боловсролын  гэрчилгээг харилцан хүлээн зөвшөөрөх хэлэлцээр байгуулах,

Эмчийн мэргэжил эзэмших чин хүсэл тэмүүлэлтэй толгой сайтай эрэгтэй, эмэгтэй сурагчдаас хүйсийн харьцаа тогтоож улаан шугамаар биш, урилгаар элсүүлэх,

Эмч нарыг эрүүл мэндийн байгууллага, эмнэлгүүдийн хэрэгцээ захиалгаар сургаж ажилгүй эмч нарын илүүдэл үүсэхээс сэргийлэх

Зөвхөн багш нарыг цалинжуулахад зориулсан, эрүүл мэндийн зах зээлд хэрэгцээгүй факультет, салбар, резидентур  нээж элсэлт авдаг байдлыг зогсоох

  1. Хүлээгдэж буй үр дүн

2012 – 2016         Суурь шинэчлэлийн хууль эрх зүйн орчин бүрдүүлж, эрүүл мэндийн удирдлага, менежмент, маркетингийн зөв тогтолцооны төсөл, стратеги төлөвлө-гөөнүүд боловсруулж, шинэчлэлийг үе шаттай хэрэгжүүлж эхлэнэ.

2016 – 2020         Суурь шинэчлэлийг бүрэн хэрэгжүүлж эрүүл мэндийн удирдлага, менежмент, маркетингийн шинэ тогтолцоог нутагшуулж бэхжүүлнэ.

2020 – 2024         Эрүүл мэндийн тогтолцооны гажигаар нөхцөлдсөн доголдлууд арилж хүн амын эрүүл мэндийн үзүүлэлт сайжирна.

2024– 2028          Онош эмчилгээний технологи олон улсын жишигт хүрч гадаадад явж эмчлүүлэгсдийн урсгал зогсоно.

  1. Заллага

Суурь шинэчлэлийг хэрэгжүүлэх үйлсэд бие сэтгэл, дадал туршлага, үр ашигтай санал, сайн технологи, оюун бодол, өмч хөрөнгө, зүтгэл бүтээлээ зориулах чин хүсэлтэй эмч, эмнэлгийн ажилтан, эрдэмтэн, оюунтан, дотоод гадаадын иргэд, хувь хүн, хамт олон, байгууллага, төр, засаг, төрийн бус байгууллага, номын садан та бүхэн соёрхон болгооно уу. Үйлс бүтэж буян дэлгэрэх болтугай.

Утас: 9909 2436, и-мэйл : (icplab@magicnet.mn)