Нэг эзэмшигчтэй банкууд хоорондоо нэгдлээ

0
12

Монгол Улсын банкны системийн нөлөө бүхий Худалдаа хөгжлийн банк болон Улаанбаатар хотын банкууд нэгдэх шийдвэр гарсныг албан ёсоор мэдээллээ.

Монголын банкны системийн нөлөө бүхий банкууд нэгдсэнээр Худалдаа, хөгжлийн банк нь 400 орчим ажилтан, 33 салбар, тооцооны төв, 1900 гаруй мерчант байгууллагаар цар хүрээгээ тэлж, харилцагч болон ажилтнуудын тоо, салбар нэгжийн хүртээмж нэмэгдэж байгаа юм.

Банкуудын нэгдлийн талаар гаргасан хамтарсан мэдэгдэлд “Банк, санхүүгийн салбар өндөр хөгжсөн улс орнуудын практикт томоохон банкуудын нэгдэл нь үйл ажиллагаагаа өргөжүүлэх, зах зээлээ тэлэх, үнэ цэнээ нэмэгдүүлэх зорилгоор ихээр хийгддэг бөгөөд ингэснээр нэгдлийн дараах банкуудын үр ашигт байдал илүү сайжирч, зардал буурч, зах зээл дэх зээлийн хүүгийн түвшнийг бууруулах, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх замаар харилцагч иргэд болон байгууллагуудад илүү уян хатан үйлчилгээний нөхцөлийг бий болгох, харилцагч төвтэй бизнес загварыг хөгжүүлэхэд томоохон дэмжлэг болно.

Мөн тус нэгдлээр Худалдаа, хөгжлийн банкны нийт актив, өөрийн хөрөнгө, ашигт ажиллагаа, төлбөр түргэн гүйцэтгэх чадвар болон бусад санхүүгийн тоон үзүүлэлтүүд нэмэгдэж, цаашид хэрэгжүүлэх бизнесийн үйл ажиллагаа, харилцагчдадаа хүргэх үнэ цэнэ, зах зээлд нэвтрүүлэх бүтээгдэхүүн, үйлчилгээгээр улс, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмрийг оруулсаар байх болно гэдэгт итгэлтэй байна” гэжээ.

Монгол Улсын Засгийн газар 2017-2020 оны тавдугаар сард хүртэл ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдсан билээ. Энэ хөтөлбөрийн хүрээнд банкуудад активын чанарын үнэлгээ хийж, нэг хувьцаа эзэмшигтэй банкуудыг нэгтгэх арга хэмжээг авах шаардлагатай онцолж байсан билээ. Тэгвэл дээрх хоёр банкны нэгдлийг харвал үндсэндээ нэг хувьцаа эзэмшигчтэй банкууд юм. Тодруулбал, Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга, банкны нийт хувьцааны 70 гаруй эзэмшигч  Д.Эрдэнэбилэг нь Улаанбаатар хотын банкны нийт хувьцааны 95.8 хувийг эзэмшдэг юм.

Улаанбаатар банкны харилцагчид өнөөдрөөс эхлэн Худалдаа хөгжлийн банкаар үйлчлүүлэхээр болж байгаа аж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here