Эх орноороо аялах мэдээллийг нэг дороос авч, “Feel Mongolia” апп ашиглан Монгол Улсаа ГАДААД УЛСАД СУРТАЛЧЛАХ БОЛОМЖТОЙ

0
35

Коронавирусын цар тахлын үед дотоодын аялал, жуучлалаа нэмэгдүүлэх, цаашлаад хил нээгдмэгц жуулчдыг татах ямар арга хэмжээ авч ажиллаж буй талаар БОАЖЯ-наас мэдээлэл хийлээ. Иргэд, аялагчид аяллын мэдээллийг нэг дороос авах, аяллын болон жуулчны бааз, зочид буудлын захиалга өгөх, ААН-үүд иргэддээ бүтээгдэхүүн, үйлчилгээгээ борлуулах боломжийг олгосон “Feel Mongolia” гар утасны аппликейшнийг “IHOTEL” ХХК, “JOINME” ХХК-тай хамтран бий болгосныг JOINME.mn дотоодын аялагчдад зориулсан платформын үүсгэн байгуулагч Э.Цомирлог БОАЖЯ-наас өнөөдөр хийсэн мэдээллийн үеэр онцоллоо. 

Уг аппликейшнийг андройд болон IOS систем дээр байрлуулсан бөгөөд жуулчдын зорин очих газруудын мэдээллийг 21 аймгаас авч энэхүү аппликейшнд бүрэн оруулсан байна.

21 аймагт аялал, жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдээ дэмжих, ажлын байрыг хадгалж үзэх, орон нутгийн иргэдийг амжиргааг нэмэгдүүлэх зорилгоор дотоодын аялал жуулчлалыг идэвхижүүлэх чиглэлийн ажлыг эхлүүлжээ.

Хэдий олон улсын аялалын урсгал, чиглэл хаагдсан ч дотооддоо аялагчдын тоо өмнөх жилүүдээс нэмэгдэж, 600 мянад хүрчээ. Дотоодын жуулчлал нэмэгдэхийн хэрээр орчны бохирдол бий болгохоос урьдчилан сэргийлж,  иргэдэд зөв аялах төлөвшлийг суулгах зорилгоор “Хариуцлагатай аялал” сэдэвт аяныг эхлүүлээд байна.

Эко системийн эмзэг цэг бүхий 22 байршилд зориулалтын цэвэрлэх байгууламжийг байршуулна

БОАЖЯ-ын Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга С.Баясгалан: “Дотоодын жуулчдын урсгал нэмэгдэхээр хог хаягдал, орчны бохирдлын асуудал тулгамддаг. Үүнтэй холбогдуулан 2019 онд Элсэн тасархай, Хөвсгөл нуур, Горхи-Тэрэлж, Түлүүгийн даваа, Увс нуур зэрэг гол чиглэлүүдэд зориулалтын отоглох цэг бүхий ариун цэврийн байгууламжуудыг бий болгосон.

Энэ жилийн хувьд эко системийн эмзэг цэг бүхий Хяргас нуур, Өгий нуур, Хар ус нуур зэрэг 22 байршилд зориулалтын цэвэрлэх байгууламжийг байршуулна. Мөн “Хариуцлагатай аялал” аяны хүрээнд иргэдэд байгаль орчинд ээлтэй аялах дадалд сургах аяныг эхлүүлээд байна” хэмээн ярилаа.

Түүнчлэн “JOINME.mn платформын хувьд 50 гаруй мэргэжлийн аялал жуулчлалын компанийг элсүүлжээ. Тэдгээрийн 100 орчим аяллын бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд санал болгоод явж байна. Тухайлбал, цахим худалдан авалтаас гадна, цахим зээлийн үйлчилгээг санал болгож байгаагаар онцлогтой”-г тэрбээр нэмж хэлэв.

Аялагч иргэн өдөрт дунджаар 50-80 мянган төгрөг зарцуулна гэж үзэхэд 220 тэрбум төгрөгийг аймаг, орон нутгийн эдийн засагт оруулах боломжтойг дурдсан юм.

Иргэн бүр #FEELMONGOLIA хаштагийг ашиглан Монгол улсаа гадаад улсад сурталчлах боломжтой

Мөн хэвлэлийн хурлын үеэр FeelMongolia аппликейшнийг танилцуулав. Энэхүү аппликейшнаар:

  • Амралтын газар, зочид буудлаа шууд онлайнаар захиалах

  • Цахим худалдан авалт хийх боломжтой төдийгүй цахимаар зээл авах

  • Аймаг бүрийн байгалийн үзэсгэлэнт газруудын мэдээлэл байршил,

  • Газрын зураг, явах маршрут

  • Эмнэлгийн тусламж, үйлчилгээний хамгийн ойр байршил зэргийг нэг дороос авах боломжтой юм.

Мэдээллийн төгсгөлд БОАЖЯ-наас иргэд, олон нийтийг улсаа гадаадын зах зээлд сурталчлахад өөрийн хувь нэмрээ оруулахад уриаллаа.

Монгол улсынхаа байгаль, түүх, соёлын дурсгалт газраа аялж байгаа иргэн та өөрийн сошиал хуудсуудын алинд нь ч #FEELMONGOLIA хаштагийг ашиглан пост хийснээр, Монгол улсаа гадаад улсад сурталчлах боломжтой юм. Фэйсбүүк, твиттер, инстаграм дээр public тохиргоотой постолсон пост болгон нь нэгдсэн сурталчилгааны платформд автоматаар нэгтгэгдэж, Монгол улсыг гадаад улсад сурталчлах контент болон үлдэх юм.