​Д.Нямхүү: Шинэ тохиолдол бүртгэгдээгүй, дахин дөрвөн хүн эдгэрлээ

0
10

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн талаарх цаг, үеийн ээлжит мэдээллээ хийлээ.

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл: Сүүлийн 18 хоногт дэлхийд гурван сая хүн COVID-19-ийн халдвараар өвчилжээ. Иймд хүн бүр өөрийн чадах зүйлийг хийж, амьдралын шинэ хэв маягийг хэвшүүлэх буюу амны хаалт зүүх, хүн хоорондын зайг баримтлах, биеийн тамираар хичээллэх, албан ёсны эх сурвалжаас мэдээлэл авч түгээх нь онцгой чухал гэдгийг ДЭМБ-аас зөвлөсөн.

Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвараар 195 мянган хүн өвчилж, 4000 гаруй хүн нас баржээ.

ОХУ-ын Буриад, Тува, Читад өвчлөл 43-110-аар нэмэгдсэн. Хил залгаа мужуудад өвчлөл тасралтгүй өссөөр байгаа тул иргэд анхаарал сэрэмжтэй байхыг уриалъя.

Манай улсын хувьд өчигдөр 134 хүн шинээр ажиглалтад орж, 89 хүн ажиглалтаас гарлаа. Одоо ажиглалтад 2,763 хүн байна.

Цэргийн төв эмнэлэгт үүргийн онгоцоор ирсэн 88 хүн эмчлэгдэж байгаагийн гурав нь эрчимт эмчилгээний тасагт байгаа.

Гэрийн ажиглалтад 563 хүн байгаа бөгөөд өрхийн эрүүл мэндийн төвийн ажилтнууд хяналт тавьж байгаа.

Сүүлийн 24 цагт 119 дугаарт 154 дуудлага ирсэн бол шуурхай аппликэйшнээр АНУ, БНСУ-аас гурван иргэн холбогдож, мэдээлэл зөвлөгөө авлаа” гэв.

COVID-19-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ / 2020.07.06-НЫ 11:00 ЦАГ

COVID-19-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ / 2020.07.06-НЫ 11:00 ЦАГ

Posted by Эрүүл Мэндийн Яам on Sunday, July 5, 2020

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: ХӨСҮТ-ийн хоёр, Дархан-Уул аймгийн салбар, ХӨСҮТ-ийн лабораторид өчигдөр 557 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. Үүнийг задлаж хэлвэл ажиглах байранд тусгаарлагдсан 428, тусгаарлалтад байсан 14 хүний давтан, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан зургаа, ХӨСҮТ-д сэжигтэй гэж тусгаарласан хүмүүс үүнд багтаж байгаа.

Өнөөдөр дөрвөн хүн эдгэсэн. Үүний гурав нь жолооч, нэг нь Нурсултанаас тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэн. Батлагдсан нийт 220 тохиолдол болж, 183 хүн эдгэлээ. Одоо ХӨСҮТ-д 37 хүн эмчлүүлж байна. Эмчлүүлж байгаа хүмүүсийн 31 хөнгөн, зургаа нь хүндэвтэр байна. Хоёр хүүхэд, чихрийн шижинтэй нэг иргэн байгаа. Тусгаарлах байранд байсан эмэгтэй ХӨСҮТ-д ирж амаржиж, хүү төрүүлсэн.