Ажилчдынхаа цагийг хурууны хээгээр бүртгэхийг хуулиар хориглоно
УИХ “Хүний хувийн мэдээллийн тухай хууль”-ийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, төслийг хэлэлцэж байна. Хууль хэрэгжүүлж эхлэхээс өмнө иргэдийн биеийн давхцахгүй өгөгдөл буюу хурууны хээг цуглуулсан бүх мэдээллийн санг устгах юм байна. Батлагдах энэ хуулийг 2022 оны тавдугаар сарын 1-нээс хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Хууль зүй, дотоод хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж: “Иргэдийн хурууны хээг маш олон төрлийн үйлчилгээнд ашигладаг болсон. Тухайлбал, супермаркетууд гишүүнчлэлийн карт олгохдоо олон хүний хурууны хээг цуглуулсан байдаг. Банк бус санхүүгийн байгууллагууд, машин худалдаалдаг байгууллагуудад иргэдийн хурууны хээний сан үүсгэсэн байгаа. Мөн зарим төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд цагийн бүртгэл хийхийн тулд ажилчдынхаа хурууны хээг цуглуулсан байдаг. Үүнийг шалгаж болиулах ажлын хэсгийг Засгийн газраас байгуулан ажиллана” гэлээ.
Хууль батлагдсанаар иргэдийн хурууны хээг зөвхөн сонгуулиар сонгогчийг таних, иргэний үнэмлэх олгох, сунгахад л ашиглах юм байна. Харин бусад тохиолдолд иргэдийн хурууны хээ ашиглахыг хориглоно гэлээ.