Л.Энх-Амгалан: Цэцэрлэгийг бүрэн хаана гэсэн үг биш. Холимог анги нээвэл хувийн цэцэрлэг ажиллах боломжтой
ЕБС-ын амралттай зэрэгцээд цэцэрлэгийг түр хугацаанд хаах шийдвэр гарч магадгүй талаарх мэдээллийн дагуу эцэг эхчүүдээс ирж байгаа саналыг харгалзан холимог ангийг хичээллүүлэх хувилбарыг судалж байгаа мэдээллийг салбарын сайд Л.Энх-Амгалан өглөө.
Боловсрол Шинжлэх ухааны Сайд Л.Энх-Амгалан:
– ЕБС-ийн сурагчид 12-р сарын 18-нд буюу хуваарьт өдрөөсөө амардгаараа амарна. Цэцэрлэгийг түр хугацаагаар хаах шаардлага үүсээд байна гэхээр хэд хэдэн үндэслэл бий.
Нэгдүгээрт нэмэлт тунгийн хамрагдалт хангалтгүй байна. Нийт иргэдийн 36 хувь нь 3-р тундаа хамрагдаад байна. Хэрэв 50 хувьд хүрвэл бүх танхимын хичээлийг нээнэ гэсэн шийдвэр гарсан. Харамсалтай нь нэмэлт вакцины хамрагдалт төлөвлөсөн дүнд хүрэхгүй байгаа учраас тэгэх боломжгүй.
Хоёрдугаарт энэ жилийн томуугийн вирус нь шинэ мутацид орсон буюу шууд хатгаа болж байгаа учраас хүүхдийн эмнэлгүүдийн ачаалал их байна.
Гуравдугаарт сүүлийн жилүүдэд статистикаас харахад ЕБС амрахад цэцэрлэгийн хүүхдүүдийн 60-70 хувь ирдэггүй. Мөн энэ жил ирц 50-60 хувьтай байгаа нь өмнөхтэй харьцуулахад 30-40 хувиар бага байна.
Гэхдээ бид хөгжлийн бэрхшээлтэй, асаргаа сувилгаа шаардлагатай тусгай цэцэрлэгүүд, харах хүнгүй бол дундын буюу холимог байдлаар хичээллэж магадгүй гэсэн хувилбарыг хэлэлцэж байна. Энэ долоо хоногт харъя. Гэхдээ цэцэрлэгээ түр хугацаанд хаах шийдвэр гарах болов уу гэж бодож байна. Вакцины хамрагдалт, томуугийн нөхцөл байдлыг харгалзан ойрын хугацаанд шийдвэр гаргана” гэлээ.