Б.Мөнхжин: Замын-Үүд боомтоор маргаашнаас ачаа тээврийг нэвтрүүлж эхэлнэ
Гадаад харилцааны сайд Б.Мөнхжин Эрээний боомт маргаашнаас нээгдэх болсонтой холбогдуулан мэдээлэл өглөө.
Тэрээр: БНХАУ-ын Эрээний боомтоор чингэлэг тээврээр ачаа бараа нэвтрүүлэхээр хоёр тал тохиролцсон. Энэ дагуу Замын-Үүдэд суугаа Эрээний Ерөнхий консултай хамт газар дээр нь чингэлэг тээврийн туршилтыг хийж үзлээ. Мөн БНХАУ талаас чингэлэг оруулж ирж манай талаас өргөж буулгах зохион байгуулалтын ажлыг шалгалаа. Туршилтаар хоёр чингэлэг нэвтрүүлсэн бөгөөд ингэснээр ачаа тээвэрлэх нөхцөл бүрдсэн гэж Хятадын тал үзсэн тул маргааш буюу 12-р сарын 10-наас чингэлэг тээврээр ачаа тээвэрлэхээр хоёр тал тогтсон.
Вирус илрэхээс өмнө буюу хил хаахаас өмнө Монголоос Эрээний талд очсон 150 гаруй ачаатай автомашин үлдсэн. Үүнийгээ эхний ээлжид үе шаттайгаар гаргана. Хэвийн урсгалдаа орно. Үүний дараа чингэлэг тээврүүд яваад эхэлнэ гэлээ.