Ж.Бат-Эрдэнэ: Буруу хүрдтэй авто машиныг улсын бүртгэлд нэмж бүртэхгүй, одоо байгаа нь хэвийн явна

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэтэй Авто тээврийн тухай хуулийн төслийн талаар ярилцлаа. Тэрээр тус хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байгаа юм. Засгийн газар Авто тээврийн тухай хуулийн төслийг 2019 оны дөрөвдүгээр сард УИХ-д өргөн барьсан юм.

-Авто тээврийн тухай хуульд оруулж байгаа гол өөрчлөлт нь юу вэ гэдгээс яриагаа эхэлье?

-Авто тээврийн хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газар боловсруулж, өргөн барьсан. Ажлын хэсгийн ахлагчаар нь миний бие ажиллаж байгаа. Энэ хуулийг нэлээд өөрчилье гэж байгаа юм. Тээврийн үйл ажиллагаа зах зээлд бүрэн шилжчихлээ. Дээр үеийн тээврийн үйл ажиллагааны зохицуулалтуудаас өөр зүйл шаардаж байна. Тээврийн байгууллага ихэнх нь хувьд шилжээд орчихлоо. Тээвэр зохицуулалтын газар үүний зохицуулалтыг хийж байгаа ч үүний цаана дандаа аж ахуйн нэгжийн харилцаа бий болж байна. Тиймээс шинэчилсэн найруулга оруулж ирсэн.

-Хуулийн төслийн анхаарал татаж байгаа өөрчлөлт нь буруу хүрдтэй авто машиныг хориглох гэсэн заалт. Хэрвээ хуулийн төслийг баталбал хэзээнээс энэ хэрэгжих вэ?

-Иргэдийн анхаарал хандуулж байгаа нэг гол асуудал нь буруу хүрдтэй авто машиныг улсын бүртгэлд бүртгэхгүй гэсэн асуудал. Манай улс зүүн гарын дүрмийг баримталдаг хэрнээ ихэнх тээврийн хэрэгсэл баруун хүрдтэй машин байна. Баруун хүрдтэй машины хувьд аваар осолд орох, хүн эд хөрөнгө, амь насаараа хохирох асуудал маш их гарч байна.

Нөгөө талаар Тээврийн тухай хууль, дүрэм стандартаа баривал бид зүүн хүрдтэй авто машинаараа зорчих ёстой. Энэ асуудлыг маш олон жил ярьж байгаа. Анх зах зээлд шилжээд л япон машинуудыг оруулж ирж байсан. Тэр бүү хэл буруу хүрдтэй автобусаар нийтийн тээвэрт явъя гэсэн асуудлыг ярьж байсан.

Хуулийн төсөлд буруу хүрдтэй авто машиныг улсын бүртгэлд бүртгэхгүй гэсэн заалтаар оруулж ирсэн. Түүнээс буруу хүрдтэй авто машины импортыг хориглох ч юм уу, хилээр оруулахгүй гэсэн илүү дутуу заалт байхгүй. Нэгэнт л улсын бүртгэлд бүртгэхгүй л болчихвол хуучин машиныг оруулж ирэх шаардлагагүй болно. Тээврийн тухай хуулиар улсын бүртгэлд бүртгүүлж байж, замын хөдөлгөөнд оролцох эрхээ авна.

-Шинээр улсын бүртгэлд бүртгэхгүй юм байж тэгвэл одоо байгаа машинуудаа яах юм бэ?

-Хуульд нэмж бүртгэхгүй л гэж байгаа. Нэгэнт бүртгэлтэй машин явдгаараа яваад дуусна. Ганцхан шинээр нэмж бүртгэхгүй л гэсэн асуудал байгаа. Зарим нь буруу ойлгоод тас хорино гэж ойлгоод байх шиг байна. Тас хорих асуудал огт байхгүй. Хувь хүнийхээ хувьд бол 3-5 жилийн хугацаа өгөөд хуульд суулгаад зарлачихвал зүгээр гэсэн байр суурьтай байгаа юм.

See the source image

-Манай улс Японоос машин импортолдог. Буруу хүрдтэйг улсын бүртгэлд бүртгэхгүй хэвэл хаанаас машинаа оруулж ирэх вэ. Европоос оруулж ирэх шаардлагатай болно. Тэгэхээр худалдаж авах чадамжтай хүмүүс нь хэр байх вэ?

-Энэ асуудлаас болоод л бид энэ хуулийг өнөөдрийг хүртэл шийдэж чадахгүй яваад байна. Ард иргэдийн худалдан авах чадвар, чадамжаас болоод япон машиныг хөдөлгөөнд оруулах асуудлыг зөвшөөрөөд яваад байгаа. Гэхдээ аваар ослыг бууруулах, ард иргэдийн амь насыг хамгаалах нь төрийн үүрэг. Энэ үүднээсээ харахад бид энэ хуулийг зайлшгүй нэг тийш болгох хэрэгтэй.

Улаанбаатар хотын хэмжээнд буруу хүрдтэйг хориглоё гэсэн асуудлыг ярьж байгаа. Яах вэ, буруу хүрдтэйг хориглосноор тээврийн хэрэгслийн тоог багасгах сайн талтай байж болно. Гэхдээ энэ өнцгөөс харж болохгүй. Тээврийн хэрэгслийг багасгах гэдэг үүднээс яриад байвал хүний хэрэглээг хязгаарлах, эрхийг хасах асуудал руу орчихно. Өөрөөр хэлбэл, иргэдийнхээ өмч, өмчлөх эрхийг хааж байна гэсэн үг.

-Буруу хүрдтэй машиныг улсын бүртгэлд бүртгэхгүй байхаас гадна он заах уу?

-Миний хувьд энэ буруу зохицуулалт. Яагаад гэхээр сайхан хуучны тэрийг бид засч, янзлаад явах боломж байгаа. Ганцхан нэг шалгуур байгаа нь тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал. Хөдөлгөөнд оролцож байгаа машин утаа гаргахгүй, байгаль орчноо хордуулахгүй, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах хэрэгтэй.

Нийтийн тээвэр дээр бид он зааж байгаа. Зарчмын хувьд сайн зүйл биш ч насыг нь зааж хязгаарлалт хийхгүй бол хэт хуучин тэрэг үйлчилгээнд явж байгаа юм. Харин иргэдийн унаанд ямар нэгэн он заахгүй.

-Ажлын хэсэг хэзээ хуралдаж, хуулийн төслөө базах вэ. Хэзээ хэрэгжиж эхлэх нь иргэдэд чухал байна?

-Судалгаа хийх талын юмыг ярьж байгаа. Маш олон хүний эд хөрөнгөтэй холбоотой учраас судалгаа хийж, харъя гэж байгаа. Дахиад хэлэхэд хувь хүнийхээ хувьд хугацаа өгөх нь зүйтэй гэж бодож байгаа. Түүнээс шийдэхгүй алийн болгон холимог явах вэ.

-Ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж: Itoim.mn

Leave a Reply

%d bloggers like this: