Австрали улс вакцины бүрэн тунд хамрагдсан иргэдэд хилээ нээхээр боллоо

Австралийн Засгийн газар даваа гаригт бараг хоёр жилийн турш үргэлжилсэн хилийн хориог цуцлах шийдвэрийг танилцууллаа.

Тус улс ковидын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор 2020 оны гуравдугаар сард гаднын улсын иргэдэд хилээ хаах шийдвэр танилцуулж байв. Австралийн Засгийн газар Шинэ Зеландтай хамтран аяллын “bubble” маршрутыг нээж, Өмнөд Солонгос болон Японы визтэй иргэдэд саяхнаас хилээ нээгээд байсан юм.

Тэгвэл Австралийн Ерөнхий сайд Скотт Моррисоны мэдээлснээр тус улс хоёрдугаар сарын 21-нээс ковидын эсрэг вакцины бүрэн тунд хамрагдсан гаднын бүх улсын иргэдийг хүлээн  авахаар боллоо. Мөн “Johnson & Johnson” зэрэг нэг тунгийн тарилга бүхий вакцинд хамрагдсан иргэдийг бүрэн тун хийлгэсэнд тооцох юм.

Ингэснээр тус улс нь цар тахал эхэлснээс хойш гаднын иргэдэд агаарын хилээ бүрэн нээсэн дэлхийн анхны улс болж байна.

Австралийн Дотоод хэргийн сайд Карен Эндрюсийн мэдээлснээр эрүүл мэндийн шалтгааны улмаас вакцинд хамрагдаагүй иргэд тус улсад зорчихдоо хүсэлт илгээх шаардлагатай. Хэрэв тухайн иргэн Австралид нэвтрэх зөвшөөрөл авсан тохиолдолд зочид буудалд тусгаарлах аж.

Скотт Моррисон өмнө нь, Сербийн теннисчин Новак Чоковичийн асуудлаар “хүндэтгэх шалтгаангүй хэрнээ вакцинд хамрагдаагүй иргэдийг визтэй байсан ч Австрали улс хүлээн авах боломжгүй” гэдгийг маш тодорхой илэрхийлж байв.

Хамгийн гол нь, Австрали улс вакцины бүрэн тунд хамрагдсан иргэдэд хилээ нээх шийдвэр гаргасан явдал нь тус улсын аялал жуулчлал, агаарын тээврийн компаниудад маш таатай мэдээ болж байгаа юм.

Австралийн иргэний агаарын тээврийн “Qantas Airways” компанийн Гүйцэтгэх захирал Алан Жойс энэ талаар “Эцэст нь аялал жуулчлалын бизнесүүд нээгдэх боломжтой боллоо. Энэ бол манай ард түмэн болон Австралид аялах хүсэлтэй жуулчдын хувьд маш гайхалтай мэдээ. Хил нээгдсэнээр хоёр жилийн турш зогссоон аялал жуулчлалын бизнесүүд дахин хөл дээрээ босож, гаднын жуулчдын манай улсад зарцуулах мөнгө эдийн засгийн сэргэлтэд томоохон түлхэц өгөх болно. Одоо бидэнд аялал жуулчлалын эрэлт, ачааллыг даван туулахын тулд нислэгийн тоогоо нэмэгдүүлж, нислэгийн хуваариа зохицуулах ажил хүлээж байна” гэжээ.

Австралийн аялал жуулчлалын салбарт тус улсын нийт ажиллах хүчний 5 хувь буюу 660 мянга гаруй хүн ажилладаг. Цар тахлын өмнөх 2019 онд Австрали улс 9.3 сая гаднын жуулчин хүлээн авч, аялал жуулчлалын салбарын орлого нь 60.8 тэрбум ам.долларт хүрснээр тус улсын ДНБ-ий 3.1 хувийг бүрдүүлж байв. Австралийн аялал жуулчлалын салбар нь уул уурхай, хөдөө аж ахуй, газар тариалан, эмийн бүтээгдэхүүний араас дөрөвт орох экспортын орлогыг бүрдүүлдэг.

Эх сурвалж: ABC News

Орчуулж нийтэлсэн Itoim.mn

Leave a Reply

%d bloggers like this: