​АТГ: Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгчдийн 186 үл хөдлөх хөрөнгө,124 тээврийн хэрэгсэл, 13 дансыг битүүмжилсэн

АТГ-аас Хөгжлийн банкны чанаргүй зээлийн асуудалтай холбоотойгоор цаг үеийн мэдээлэл хийлээ.

АТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын  ажилтан Н.Тэмүүлэн “Монгол Улсын Хөгжлийн банкнаас 2022 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр албан бичгээр ирүүлсэн гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг үндэслэн АТГ-ын Мөрдөн шалгах хэлстээс хэрэг бүртгэлт нээж мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлж байна. Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд Монгол Улсын Хөгжлийн банкинд учирсан хохирлыг арилгуулахаар дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэн ажиллах болно. Үүнд:

-Зээлийн зарцуулалтыг шалгаж, зориулалтын бусар зарцуулсан тохиолдолд гэрээг цуцлах, зээлийг эргүүлэн төлүүлэх

-Зээлдэгч компанийн болон тухайн компанийн хувьцаа эзэмшигчдийн хувийн хөрөнгө дансыг захиран зарцуулах эрхэд хязгаарлалт тогтоох

-Зээлдэгч аж ахуйн нэгжүүдийн эцсийн өмчлөгчдийг тогтоох, аж ахуйн нэгж болон эздийн нууцлагдмал хөрөнгийг илрүүлэн битүүмжлэх зэргээр төрийн зөрчигдсөн эрхийг сэргээх, төрд учирсан хохирлыг барагдуулах чиглэлээр мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Ажиллагаа эхлээд тодорхой хугацаа өнгөрсөн байна. Энэ явцад Хөгжлийн банкинд 8,5 тэрбум төгрөг эргэн төлөгджээ. Иргэдэд анхааруулж хэлэхэд үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө худалдан авахдаа бүртгэлийн маргаантай эсэх барьцаанд байгаа эсэхийг сайтар нягталж худалдан авалт хийгээрэй. Жишээлбэл, “Гантиг Вилла” хотхон гэх төслийн есөн блок нь Хөгжлийн банкны барьцаанд байж хуулийн байгууллагаас хязгаарлалт тогтоосон байна. Энэ хотхон нь УИХ-ын гишүүн асан Б.Ундармаагийн хамааралтай компани юм. Мөрдөн шалгах ажиллагаа эхэлснээс хойш үл хөдлөх хөрөнгө 186, тээврийн хэрэгсэл 124, үйлдвэрийн барилга нэг, лиценз нэг, данс 13-ыг битүүмжилж захиран зарцуулах эрхийг хязгаарласан. Энэ аж ахуйн нэгжүүдийг удахгүй манай албан ёсны сайт дээр нээлттэй мэдээлнэ. Цухас дурдвал  “Хөтөл, Бэрэн, Ачлал трейд” зэрэг компани байна.

Мөн АТГ-аас Хөгжлийн банктай холбоотой Нийслэлийн Засаг дарга байсан Э.Бат-Үүл, “Бэрэн” компанийн захирал Б.Мөнхтөр, ТОСК-ын захирал А.Гантулга, Хэлтсийн дарга асан Б.Батбаатар, Г.Гэрэлт-Од, Хөгжлийн Банкны захирлаар ажиллаж байсан Н.Мөнхбат нарт холбоотой хэргийг шийдэгдэн явж байна. Э.Бат-Үүл нарын 11 хүнд холбогдох хэргийг мөрдөн шалгаж, шүүхийн байгууллагад шилжүүлсэн. Эрүүгийн хуулийн дагуу Хуулийн этгээдийн эрх мэдлээ урвуулан ашиглахад хамтран оролцсон гэх хэргээр хоёр жилийн хорих ял, нийтийн албанд томилогдох эрхийг гурван жилийн хугацаагаар хасч байгаа хэргийн жишээ байна.

Мөн Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Н.Мөнхбатын хэргийг шүүхээс шийдвэрлэж, гэм буруутайд тооцсон. Гэвч хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Харин түүний албан тушаалын давуу байдлаа ашигласан нэр бүхий компаниас найм орчим тэрбум төгрөгийн хохирлыг Хөгжлийн банкинд буцаан төлүүлэх шийдвэр гаргасан юм” гэлээ.

Хэвлэлийн хурлын дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

УИХ-ын гишүүн энэ асуудалд холбогдсон байвал яаж шийдвэрлэх вэ. Бүрэн эрхийн хүрээнд шалгуулахгүй өнгөрөх үү?

-Хэрэв энэ асуудалд улс төрд нөлөө бүхий этгээд холбогдвол мэдээж АТГ-аас шалгана. Үндсэн хуульд хүн бүр хуулийн өмнө эрх тэгш байх зарчим бий. Энэ зарчмын дагуу гэмт хэрэгт  холбогдсон бол УИХ-ын гишүүн байсан ч шалгах ёстой.

-Чанаргүй зээлээ төлсны дараа тухайн хүнд оногдох хуулийн хариуцлага байгаа юу?

Хэрвээ зээл олгосон, зарцуулсан асуудалд гэмт хэргийн шинж байвал шүүхээр шийдвэрлэх ёстой. Мөрдөн шалгах ажиллагаа тодорхой хугацаанд явсны дараа үр дүнг тогтоож, зээлийн эргэн төлөлтийн асуудлыг мэдээлнэ.

Олон улсын байгууллагаас Монголын говьд үйл ажиллагаа явуулдаг томоохон нүүрс олборлогч компанийн эзэн нь нэг настай монгол хүүхэд байсныг мэдээлээд байгаа. Энэ хэргийг тодруулж, шалгаж байгаа юу?

-Үүний цаана улс төрд нөлөө бүхий этгээд эсвэл албан тушаалтан байх сэжгийг үүсгэж байгаа учраас энэ нь шалгах үндэслэл болно. Тус асуудлыг шалгаж байгаа эсэхийг тодруулаад,эргэн мэдээлэх болно.

 

Leave a Reply

%d bloggers like this: